Монголыг хар жагсаалтаас аврах хүсэл улстөрчдөд байна уу

Black_List_by_mrsohailahmedОлон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар /FATF/ байгууллагаас улс орнуудыг саарал болон хар жагсаалтад оруулдаг. Тухайн орныг дэлхийн санхүүгийн системд эрдэл учруулж болзошгүй, мөнгө угаах терроризмтэй тэмцэх хууль эрх зүйн орчноо дутмаг боловсруулсан гэж үзэж байгаа хэрэг. Монгол Улс одоогоор саарал жагсаалтад байгаа. Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжүүдийг дутуу хэрэгжүүлсэн, албан ёсны нэрээр бол “Стратегийн томоохон дутагдалтай” орнуудын тоонд орж байгаа юм. Ирэх зургаадугаар сар гэхэд энэхүү дутагдлыг арилгахгүй бол Монгол Улс хар жагсаалтад багтах нь. Нэр бүхий дөрвөн хуульд яаралтай томоохон өөрчлөлтийг хийх ёстой. Тэгж байж, олон улсын стандартыг хангаж, “саарал жагсаалт”-аасаа гарах учиртай. Тодруулбал, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Терроризмын эсрэг Монгол Улсын хуулиудад тодорхой өөрчлөлт оруулж, олон улсын стандартад нийүүлэх юм. Энэ талаар чухам ямар ажил хийж, хэрэгжүүлж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Хар жагсаалтад орлоо гэхэд энэ нь Монгол Улсын эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтад шууд мэдрэгдэнэ гэж мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь хар жагсаалт гарсны дараа олон улсын санхүүгийн байгууллагууд шууд л түүн дээр ажиллаад эхэлнэ шүү дээ. Тэгэхээр монголчуудад хоёрхон сарын хугацаа үлдлээ. Алгуурлах зав байхгүй гэсэн үг.

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /FATF/-аас гаргасан стандартуудыг дэлхийн бүхий л улс орон хэрэгжүүлэхийг хичээдэг. Ингэж хэрэгжүүлж ажиллахад нь тусалдаг байгууллага нь манай Ази тивийн хувьд Ази, Номхон далайн мөнгө угаах, терроризмтэй тэмцэх газар юм. Манай улс уг байгууллагын гишүүнээр 2004 онд элсэн орсон. Мөн мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоогоо боловсронгуй болгоход дээрх орнуудтай хамтран ажиллаж ирсэн байдаг. Энэ хүрээнд 2006 онд Монгол Улс өөрийн Мөнгө угаах, терроризмын эсрэг тэмцэх тухай хуулийг баталсан. Түүнчлэн бохир мөнгөний хяналтыг сайжруулах, сэжигтэй гүйлгээг мэдээлэх тогтолцоо зэргийг Төв банкинд нэвтрүүлэн ажиллаж байна. Гэсэн хэдий ч энэ тогтолцоо олон улсын стандартад хүрэх хараахан болоогүй байгаа юм. Ази, Номхон далайн орнуудын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх байгууллагын Ахлах мэргэжилтэн Дэвид Шэнон өнгөрсөн сард манай улсад ирж ажилласан. Тэрбээр “Монгол Улс ФАТФ-ын стандартуудыг хангахаар болж, хийхээр тохиролцсон ажлуу­дын 50 хувь нь л биелсэн байна” гэж дүгнэсэн. Хийх ажил дэн­дүү их байгааг Олон улсын байгуул­лагын мэргэжилтэн сануулаад буцсан.

Монгол Улс хар жагсаалтад орвол яах вэ. “Хар жагсаалт гэдэг тэгээд яадаг учиртай эд вэ” гэж асууж болох юм. Хамгийн түрүүнд FATF байгууллагаас манай улсыг өөрийн гишүүн орнууддаа “Өндөр эрсдэлтэй” хэмээн зар­лана. Улмаар олон улсын банк, сан­хүүгийн байгууллагууд манай улстай харилцах харилцаандаа өн­дөр шалгуур тогтоож, илүү олон бичиг баримт шаардах, зарим тохиолдолд хоорондын гүйлгээг бүрмөсөн зогсоох гэх мэт арга хэмжээ авдаг. Бизнесийн салбарын өсөлт, санхүү, мөнгөний урсгалыг удаашруулдагаараа “хар жагсаалт” туйлын хор хөнөөлтэй гэдэг. Хоёр жилийн өмнө буюу 2011 оны зургаадугаар сард ФАТФ-ын чуулга уулзалт болж, Монгол Улсыг 2013 оноос өмнө тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг зөвлөсөн. ФАТФ байгууллага нь зөвлөмж нэрээр шаардлага тулгадгаараа “алдартай”. Шаардлагуудаа ч хангалттай хэрэгжүүлж чаддаг. Манай улсын зүгээс 2012 оны зургаадугаар сард улс төрийн сонгууль болохтой холбоотойгоор хугацааг сунгах санал хүсэлт гаргасан байдаг. Ингэс­нээр анхандаа ердөө 18 сар байсан хугацааг 24 сар болгон сунгаж байжээ. Тухайн үедээ сонгуулийн үеийн улс төрийн уур амьсгал, хүлээлтийг тооцоолсон хэрэг. Харин одоо сонгууль дуусаад бараг нэг жилийг ардаа орхиод байна.

 

APG буюу Ази, Номхон далайн орнуудын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх байгууллага 41 гишүүн оронтой. Эдгээрээс долоон орон одоогоор хар жагсаалтад багтсан байдаг. Турк, Индонез, Шриланк, Вьетнам зэрэг орнуудыг энд дурьдаж болно. Үүнээс гадна давхар хар жагсаалт гэж бас бий. Энгийнээр бол “Хоригийн” гэх жагсаалтад APG-ийн гишүүн орнуудаас Иран, БНАСАУ л багтсан байдаг гэсэн. Монгол Улс хоригийн жагсаалтад орно гэж арай бодохгүй байна. Тэр болтол хол биз. Харин “Хар жагсаалт” ойрхон байна. Тийм учраас эрхэм улстөрчид, бодлого боловсруулагчид хууль, тогтоомжийг илүү боловсронгуй болгож, хар жагсаалтаас улс орноо аврахад анхаарлаа хандуулах цаг тулчаад байна.

 

Л.Энхдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих