Хятадууд “Далан давхар”-аас шарил нүүлгэж байна
Одоогоос хоёр, гурван жилийн өмнөөс эхлэн “Далан давхар”-ын оршуулгын газрыг цэвэрлэж, оршуулгуудыг нь чандарлан уг газарт их бүтээн байгуулалт хийх тухай яригдаж эхэлсэн. Бүр эл газрыг худалдаж авсан эзэн нь Д.Дагвадорж аваргыг хэмээх яриа гарсан ч үнэндээ “Далан давхар” буюу Чингэлтэй дүүргийн VII, X, XII хорооны нутаг дэвсгэр дэх Самбалхүндэвийн уулын энгэрийг нэр нь үл мэдэгдэх Япон компани авсан юм байна. Мөн аль хэдий нь тус газарт 110 кВт-ын хүчин чадал бүхий под станц барих ажлыг эхлүүлж, суурийг нь тавьчихсан ажээ.
Одоогоор тус оршуулгийн газарт буй 1980 оноос өмнөх шарилуудыг газартай нь тэгшилж байгаа бол үүнээс хойшхи шарилыг ар гэрийнхэн нь авч нүүлгэн шилжүүлж байгаа гэнэ. Гэхдээ ихэвчлэн Хятад иргэд ирж шарилыг авч явах нь ихэссэн байна. Энэ нь “Далан давхар”-аас нас барагсдынхаа шарилыг авбал мөнгө өгнө гэсэн яриа гарсан нь үнэний ортой гэдгийг гэрчлэж байгаа аж.
Дашрамд дурьдахад, Албан бус тоогоор тус оршуулгад 280 мянга гаруй өөд болоочдын шарил байгаа гэсэн мэдээлэл байдаг ч бодит байдалд үнээс ч олон хүмүүсийг нутаглуулсан нь тодорхой юм.
“Далан давхар” орчмын иргэдийн ярьж буйгаар “Эл газрыг худалдаж авсан Япон компани энэ жилдээ багтан под станцаа барьж дуусгах бөгөөд ойр орчмын айлуудтай гэрээ байгуулан газрыг нь худалдаж авах гэнэ. Улмаар Далан давхарт Япон орон сууцны хороолол ирэх жил гэхэд сүндэрлэн босох юм байна.” Өөр нэг хэсэг нь тус станцыг Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар барьж байгаа хэмээжээ.
Юутай ч өөд болоочидтой нэг дор амьдарсаар цээрээ алдсан иргэд газраа үнэд орно хэмээн ихэд хүлээж суугаа бололтой.
Ugluu.mn
URL: