Монгол улс хаана явна вэ?

 

Дэлхий дахинд
Бид дэлхий дахинд өрнөж байгаа том том үйл явдлуудыг зөвхөн онолын талаас төдийгүй бас том бодлогын төвшнөөс үнэлж дүгнэх арга зүйг эзэмшсэн байх ёстой. Улс төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлдэг улс төрийн намууд өнөө үед нийгэм улс төрийн болон эдийн засаг, соёлын амьдралын үйл явцуудын шүтэлцлийг илрүүлэхэд, ийм үйл явцуудыг залуурдахад чухал үүрэгтэй болж байна.
Улс төрийн нам төрийн бодлого руу, дотоод гадаад бодлогын нууцлал руу орохдоо ямар онол, ямар ашиг сонирхлыг баримтлах асуудал гоц ач холбогдолтой болдгийг хэлэх нь зүйд нийцнэ.
Өнөө үед олон янзын онол үзэл бодлогууд байдаг ч гэсэн ийм онол үзэл бодлогын цаана язгуур эрх ашиг гэсэн том ойлголт цаг ямагт далдлагдан агуулагддагийг бид хамгийн түрүүнд товойлгон авч үзэх ёстой. Дэлхийд 200 улс байгаагийн дөнгөж хориодхон нь л том гүрний статустай.
Энэ 20 гүрнээс супер гүрэн гэвэл бүр цөөхөн болоод явчихна. 180-аад улс дунд зиндааны улс, бага зиндааны улс, жижиг улс болон зааглагддаг. Дэлхийн эдийн засгийн мэдээлэлд улс орнуудыг зааглаж ангилахдаа орлого гэдэг үзүүлэлтийг гол үзүүлэлт болгодог аж.
Үүнтэй уялдаж, өндөр орлоготой орнууд бага ба дунд орлоготой орнууд гэсэн ангилал бий болжээ. Монгол Улсын статистикийн эмхтгэлийн 453-р хуудсанд бидний саяын дурьдсан дэлхийн улс орнуудын ангиллыг харуулсан хэд хэдэн үзүүлэлтүүд тусгалаа олжээ.
Тухайлбал, хүн амын тоо, газар нутаг, хүн амын нягтрал, үндэсний нийт орлого, нэг хүнд ногдох үндэсний орлого, ДНБ-ий өсөлт ба бууралт зэрэг үзүүлэлтийг бид дурьдаж болно.
Дээрх үзүүлэлтүүдийг 2009 оны байдлаар манай статистикийн эмхтгэлд харуулсныг дурьдвал дэлхийн хүн ам 6,775 саяд хүрч, үүний 16.5 хувь нь буюу 1,117 сая хүн өндөр орлоготой орнуудад амьдардаг. Үлдэж буй 83.5 хувь нь, өөрөөр хэлбэл 5,659 сая хүн бага ба дунд орлоготой орнуудад байдаг гэдэг нь харагдаж байна.
Дэлхийн газар нутгийн хэмжээг 134.1 сая км2 бөгөөд үүний 26.6 хувь нь өндөр орлоготой орнуудын газар нутаг (35.7 сая км2), үлдсэн хувь нь бага буурай орнуудын газар нутаг 98.4 сая км2. Бага буурай орнуудын газар нутаг дэлхийн гадаргуугийн 73.4 хувийг эзэлж байна.
Хүн амын нягтрал, бага ба дунд орлоготой орнуудад нэн өндөр байгаа. Өндөр орлоготой орнуудын нэг квадрат км-т 33 хүн ногддог бол бага ба дунд орлоготой орнуудад 59 хүн ногддог. Ийнхүү хүн амын нягтрал нь 1.8 дахин их болчихжээ.
Өндөр орлоготой орнууд гэдэг нь өнөөгийн үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орнуудыг хэлээд байгаа юм. Дэлхийн үндэсний орлого 2009 онд 59.2 их наяд долларт хүрэв. Өндөр хөгжилтэй орнууд дэлхийн үндэсний нийт орлогын 71.6 хувийг буюу 42.4 их наяд долларыг бүтээлээ.
Бага ба дунд орлоготой орнууд дэлхийн үндэсний нийт орлогын 28.4 хувийг л үйлдвэрлэдэг. Энэ нь 16.8 их наяд болж байгаа. Дэлхийн нэг хүнд дунджаар 8732 долларын үндэсний орлого ногдож байгаа.
Гэвч энэ дундаж үзүүлэлтийн цаана өндөр хөгжилтэй орнуудын нэг хүнд ногдох үндэсний орлого бага ба дунд орлоготой орнуудынхаас 12.8 дахин их болчихоод байна. Хэрэв бага ба дунд орлоготой орнуудад нэг хүнд ногдох үндэсний орлого 3000 доллар болсон бол өндөр хөгжилтэй орнуудад нэг хүнд 38 мянган доллар ногдох жишээтэй.
Хэрэв бага ба дунд орлоготой орнуудад нэг хүн сард 247 доллар авдаг гэвэл өндөр хөгжилтэй орнуудад нэг хүн сард 3170 доллар авч байгаа. Бид бас нэг үзүүлэлтийг энд дурьдая. Бага ба дунд орлоготой орнуудыг дотор нь хэд хэдэн бүлэгт хуваадаг.
Латин Америкийн орнуудад нэг хүнд жилд 7000 доллар, Европ ба төв Азид нэг хүнд 6.8 мянган доллар үйлдвэрлэдэг бол ойрхи дорнод Хойд Африкийн орнуудад нэг хүнд 3.6 мянган доллар, зүүн Ази, номхон далайн орнуудад нэг хүнд 3.2 мянган доллар ногдох жишээтэй.
Харин Өмнөд Азийн орнуудад, дэд Сахаарын Африкийн орнуудад жилд нэг хүнд 1100 доллар ногддогийг дурьдах хэрэгтэй. Бид дэлхийн улс орнуудын орлогын шалгуураар заагладаг дээрх хувилбарыг баримжаалдаг ба Монгол Улс нэг хүнд ногдох үндэсний нийт орлогын хэмжээ (жилд 1630 доллар)-гээр өндөр хөгжилтэй орнуудынхаас 23 дахин доогуур, бага ба дунд орлоготой орнуудын төвшингөөс 1.8 дахин доогуур болчихсоныг хэлэхэд зүйд нийцнэ.
Бид хаана явна вэ?
Манай улс дэлхийн улс орнуудын дотроос эдийн засгийнхаа төвшингөөр хаана нь явж буйг байнга анхаарч байх ёстой.
Монгол Улс жинхэнэ хөгжлийн гольдролоор, жинхэнэ социалист замналаар явж чадаагүйгээсээ болж сүүлийн бараг зуун жилд дайны хөлд нэрвэгдэж, улс төр эдийн засгийн хэлмэгдүүлэлтэд сүрхий өртсөнөөс, бас эдийн засгийн нууц дайнд навс дэлсүүлснээс шалтгаалж, эцсийн эцэст гадны гурван давхар далд колоничлолд урхидуулснаас шалтгаалж нэг хүнд ногдох үндэсний орлогоор манай улс хамгийн доогуур төвшинд орчихоод яваа шүү.
“Хөх толбо” сонины түрүүчийн дугаарт дурьдсан судалгааны дүнг дахин толилуулвал “1921 онд Монгол Улс хөгжлөөр хамгийн их хоцорсон дайн дажингийн хөлд нэрвэгдсэн, хүн ам нь боловсролгүй, хүмүүсийн эрүүл мэндийн төвшин хэт доогуур, шарын шашны мунхруулганд дэндүү их өртсөн тийм улс байсан.
70 жилийн дараа 1990 он, 1991 он гэхэд манай улс капиталист биш замаар урагшилж социалист түүхэн замналаар дэвшсээр яваад эцэст нь 10 гаруй тэрбум долларын өртэй, эдийн засгийн далд дайнд өртөж, ажилгүйдэл ядуурал эхэлсэн хөгжлийн төвшингийнх нь үзүүлэлт 1989 онд нэг хүнд 1350 доллараар хэмжигдэж байсан бол эдийн засгийн нууц дайнд өртсөнөөс болж 1995 онд нэг хүнд ногдох үндэсний орлого 300 доллар болж 1945 оны хэмжээнд хүрч очсон байна.
Энэ бол хөгжил биш, энэ бол хорлонт сүйтгэл, бид Монгол Улсынхаа хувь заяаны асуудлыг том бодлогын төвшингөөс үнэлж цэгнэх явдлыг баримталдаг болох ёстой. Том гүрэн, жижиг буурай улс хоёрын харьцааны асуудлыг монголчууд бид олон жилийн туршид хэт явцуухан хүрээний үзүүлэлтүүдээр хэмжиж ирсэн шүү. Том гүрэн далд хорлонт бодлого явуулж чаддагийг бид бүгд тэр бүр ухаарч ойлгохгүй явж иржээ”
Эдийн засгийн нууц дайнаас болж нэг хүнд ногдох үндэсний орлого 4.5 дахин багасаж 300 доллар дээр унаж Монгол Улс том хөрш гүрний далд колониалист бодлогын аймшигт цохилтонд нэрвэгдсэн.
Монголчууд бид 1960 оноос жинхэнэ социалист замналаар урагшилж нийгэм эдийн засгийн үсрэнгүй хөгжлөөр алхалж явсаар гэнэт 1980-аад оны эцсээр эдийн засгийн нууцлаг дайны амтыг мэдэж мөнөөх социалист замнал Зөвлөлтийн импорт тав дахин багасахад л “будаа болж” сүйрэв.
Монгол Улс гэнэтийн эдийн засгийн сүйрэл шоконд орсон. Эдийн засгийн нууцлаг дайны гол цохилт 1991 онд, өөрөөр хэлбэл өөрчлөн байгуулалт саарснаас хойш, Ардчилсан хувьсгал 1990 оны 5-р сарын 6-нд зогссоноос хойш 8 сарын дараа эхэлж 1991-1993 онд эрс эрч хүчтэй явагдсан.
Монголын экспортод оросууд гурван янзын том татвар оноож манай экспортыг эрс буурууллаа.
Хэрэв Монгол Улсыг далд колоничлолын замаар сэм мөлхүүлээгүй байсан бол, эдийн засгийн нууц дайныг 1991-1993 онд өрнүүлээгүй байсан бол Монголын үндэсний үйлдвэрлэл жинхэнэ социалист замнал руу урагшилж өдийд нэг хүнд ногдох үндэсний орлого 10 гаруй мянган долларт хүрчих байсан юм.
Жинхэнэ социализм нь дотоодын далд мөлжлөгөөс, гадны далд колоничлолоос ангид тогтнон хөгждөг тийм зөв ний-хэм мөн.
Монгол Улс дотоодын далд мөлжлөгт өртөж, том гүрний далд колоничлолд атгагдсан учраас манай улсыг социалист улс гэж нэрлэж болохгүй болчихоод байсан. Энэ нь 1970-аад оны эцсээс бидний эхлүүлсэн суурь судалгаагаар нотлогдлоо.
Ийм судалгааны явцад Монгол Улс социалист улс биш, ЗХУ хөгжингүй социализмын гүрэн биш гэдэг нь тогтоогдож, Монгол Улс гэдэг бол далд колони улс, ЗХУ бол том нууцлаг колоничлогч гүрэн гэдэг нь батлагдав.
Бид дээрх судалгаануудад тулгуурлаж, бас 1980-аад онд манай улсад өрнөсөн гурван янзын том хямралыг онцлон анхаарч улмаар Ардчилсан хувьсгалын онол бодлогыг боловсруулж 1990 оны 2-р сарын 18-нд МоАХ-ны анхдугаар их хурлаар монгол түмэндээ, гадаад ертөнц рүү хандаж сонордуулсан.
Куба дахь шинэчлэлт
Хэрэв социалист нэр зүүсэн Монгол Улс далд колоничлолд нэрвэгдэж, улмаар шийдвэрлэх цаг үед эдийн засгийн нууц дайнд навсайтлаа дэлсүүлж хөгжлийн төвшингөөр 50 жилээр ухарч 1945 оны хэмжээнд очтолоо аймшигтай доройтуулж болдгийг бид дурьдахын ялдамд Хөх толбо сонины энэ оны №8-д нийтлэгдсэн нэгэн чухал өгүүллийг дурьдах шаардлагатай боллоо.
Уул өгүүлэл нь “Капиталист замаар Кубад шинэчлэл хийхийг хүсэхгүй байна” гэсэн гарчигтай нийтлэгдлээ.Куба улс 50 гаруй жил АНУ-ын хэрэгжүүлсэн эдийн засгийн бүслэн хаах бодлогод өртжээ. Үүнээс болж Куба улс 100 гаруй тэрбум долларын алдагдал хүлээв.
Куба нь 1959 оноос жинхэнэ социалист замналаар урагшилж, социалист бодлогыг тууштай хэрэгжүүлж чадсан байна. Куба нь 2009 онд 11 сая хүнтэй, 110 мянган кв км нутагтай 62 тэрбум долларын үндэсний орлогыг үйлдвэрлэдэг бөгөөд нэг хүнд ногдох үндэсний орлого 5550 доллар болжээ.
Эдийн засгийн төвшингөөр Куба дэлхийд 98-т, үйлдвэрлэлийнхээ хүчин чадлаар дэлхийд 65 дугаарт эрэмбэлэгдэж байгаа. Монгол Улс далд колониалист бодлогод өртөж социалист замаар урагшлаагүй бөгөөд харин хараат замналаар, хөгийнжлийн гольдролоор явсаар өнөө үед нэг хүнд ногдох үндэсний орлого 1630 доллар болж, эдийн засгийн төвшингөөр дэлхийд 155 дугаарт гэлдэрч яваа.
Тэгвэл Куба улс жинхэнэ социалист замналаар урагшилж супер гүрний эдийн засгийн хатуу хахир хоригийн нөхцөлд социалист бодлогоо хамгаалж хөгжлийнхөө төвшинг цуцалтгүй нэмэгдүүлсээр лут амжилтанд хүрч очсоныг бид Монгол түмэндээ дуулгах ёстой.
Кубын коммунист нам марксизм ленинизмийг өөрийн оронд бүтээлчээр хэрэгжүүлж социалист бодлогыг ухаалаг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхдээ АНУ-ын өдөөсөн элдэв явуулгад өртөхгүйгээр, бутарч сарнихгүйгээр тэсч үлдэх цэг шугамыг амилуулж чадлаа.
Куба улс нэн хүнд нөхцөлд үнэ төлбөргүй сургалт, үнэ төлбөргүй эмчилгээг хөгжүүлж чадсаныг дэлхийн аль ч улс оронд өндрөөр үнэлдэг болжээ. “Хөх толбо” сонинд “нэн ялангуяа Кубын эрүүл мэндийн систем дэлхийд гайхагдаж байна” гэж дурьдаад “АНУ боловсролоор тийм ч сайн биш.
Капитализмыг төгс хөгжлийн зам гэж байгаа бол миний бие социализм мөнхөд оршино” гэсэн Фидель Кастрогийн үгийг монголчуудад дуулгалаа, “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 21 -р чуулган дээр Кубын эсрэг хориг арга хэмжээг цуцлах саналыг ОХУ өргөн барьж, 186 улс орон энэ санаачилгыг дэмжсэн юм.
20 жилийн өмнө Куба арлыг бүслэн хаах бодлогыг 20 улс л эсэргүүцэж байв.” Куба улстай дэлхийн олон улс орнууд харилцахыг хүсч байна. Куба улс ийнхүү дэлхийн анхаарлыг татдаг бололтой.
“Хөх толбо” сонинд дурьдахдаа: “Фидель Кастро олон улсын үлгэр жишээ болж байна. Зөвхөн АНУ тэргүүтэй барууны орны хөлсний үзэл суртал л түүнийг дарангуйлагч коммунизмын сүг сүүдэр мэтээр харуулахыг оролдож” байсан.
Куба улс АНУ-ын бүслэн хааж их хохиролд нэрвэгдүүлэх бодлого үр дүнгүй болсныг НҮБ-ын олон гишүүн орнууд дүгнэдэг болсон. Куба улсын удирдагч Раул Кастро: “Капиталист замаар Куба улсад шинэчлэлт хийхийг хүсэхгүй байна.
Учир нь би төгс социализмыг хүсдэг” гэж мэдэгдсэнийг Хөх толбо сонин уншигч олонд толилуулав. Куба улсын жинхэнэ социалист замнал Латин Америкийн нэлээд орнуудын түүхэн замналыг зөв гольдрол руу зүглүүлэхэд их ач холбогдолтой болсныг монголчууд бид анхаарах ёстой.
Манай хэвлэлүүдэд Кубын талаар, бас ардчилсан Солонгосын талаар тааламжгүй мэдээллүүд нийтлэгдэж байсныг бид мэднэ. Ер нь аливаа улс орны бодит байдлыг үнэлэн дүгнэж өөрсдийн байр сууриа илэрхийлэхдээ барууны үзэл сурталчдыг дуурайж савсагнах шаардлагагүй гэдгийг бид зориуд хэлэх гэсэн юм.
Үүнтэй уялдуулж “Хөх толбо” сонины энэ оны №8-д хэвлэгдсэн бас нэгэн өгүүллийн талаар хэд гурван зүйлийг хэлэх шаардлагатай боллоо. Уул өгүүллийг “АНУ-ын ОГАЙО хотын өвгөний үхэл буюу шившгээ дэлгэсэн Нобелийн шагналт зах зээлийн эдийн засагчид” гэж гарчиглажээ.
Бид 1990-ээд онд баруунд өргөмжлөгдсөн экономикс хэмээх номнолыг том бодлогын төвшинд судлах оролдлогыг хийсэн. Манай их дээд сургуулиудад экономиксыг зөвхөн сурах бичгийн хүрээнд л заасаар хорь гаруй жилийн нүүрийг үзэж байна.
Манай улсад эдийн засгийн сэдвийн дор олон төслийг гадны санхүүжилтээр хийсэн билээ. Бид тусгайлан зах зээлийн асуудлыг бодлогын төвшинд судалж судалгааныхаа үр дүнг либерал-монетар зах зээлийн бодлого гэж нэрийдсэн билээ.
Судалгааныхаа үр дүнг бид дахин толилуулах шаардлагатай болов. Тухайлбал “Манай том намуудын хүчин чармайлтаар Олон Улсын Валютын Сангийн баримталдаг либерал-монетар зах зээлийн бодлогыг Монгол Улсын долоон засгийн газар гадны зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа.
Капитализмыи бүхий л согог өвчнүүд (ажилгүйдэл, инфляци, төсвийн алдагдал, ядуурал гэмт хэрэг, авлига) либерал-монетар зах зээлийн бодлогын ачаар Монгол Улсын газрын хөрсөн дээр хүчээр тулгагдан төлөвшиж тогтлоо.
Либерал-Монетар зах зээл
Өрнөдийн либерализм 300 гаруй жилийн түүхтэй бөгөөд туршлагатай. Либерализм нь Монгол Улсад либерал-монетар туршлагатай. Либерализм нь Монгол Улсад либерал-монетар зах зээлийн бодлого, либерал номлол, либерал намууд, либерал ардчилал гэсэн дүр төрхтэйгөөр гарч ирлээ.
Намууд зөвхөн либерал үзэл, либерал ардчилал гэсэн ухагдахуунуудад анхаарч байсан болохоос биш, либерал-монетар зах зээлийн гадаад санхүүжилтынх нь хамт Олон Улсын Валютын сан Монгол Улсын долоон засгийн газарт тулган өгсөн гэдгийг цохон хэлэх хэрэгтэй.
Либерал-монетар зах зээлийн бодлого (ЛМЗЗБ) нь макро эдийн засгийн 13 хэмжүүрүүдтэй болсныг дурьдвал:
-Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)
-Төгрөгийн ханшны уналт
-Хэрэглээний индекс
-ДНБ-ний дефлятор
-Төсвийн урсгал орлого, урсгал зарлага хоёрын харьцамж
-ДНБ-д төсвийн алдагдлын эзлэх хувийн жин
-Нийт мөнгө
-Нэг хүнд ноогдох ДНБ
-Гадны зээл тусламж
-ДНБ-д хөрөнгө оруулалтын эзлэх хувийн жин
-Банкны найдваргүй зээлийн өр
-Ажилгүйдлийн төвшин
-Гадаад худалдааны балансын алдагдал зэрэг болно.
Макро 13 хэмжүүр бүхэлдээ Монголын төрийг бие даасан бодлого хэрэгжүүлэх боломжгүй болгож, зөвхөн ЛМЭЗБ-ыг амилуулах цорын ганц бололцоог түүнд олголоо. Гаднын зээл тусламж, төгрөгийн ханшны уналт хоёр нь Л МЗЗБ-ын агуулгыг төлөвшүүлсэн макро хэмжүүрүүдийн гол зангидагч оньс болж хувирчээ.
Хэрэв төгрөгийн ханшны уналт нь хэрэглээний үнийн дээшлэлтийг, нийт мөнгөний бүтэц хөдөлгөөнийг залуурдаж, улмаар хөдөлмөрийн үндэсний бүтээмж, өрхийн бодит хэрэглээ, үндэсний бодит хуримтлал гурвыг таягдсан бол гадны зээл тусламж нь гадаад худалдааны алдагдал, улсын төсвийн хөрөнгө байнгын хомсдол, хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хувийн жинг агдлан барьж, шинэ маягийн колоничлолын орд харшийг босгож байгаа.
Гадны зээл тусламж улс төрийн лут болзлоор Монголын төрийг ЛМЗЗБ-ыг зайлбаргүй биелүүлэх гольдрол лугаа шахаж орууллаа. Саяын дурьдсан долоон хэмжүүрийн хүрээнд урсгал орлого, зарлагын харьцамж нь улсын төсвийн алдагдлаар талхилуулж, банкны найдваргүй өр нь нийт мөнгөний балансыг гажилд өртүүлдэг болсон аж.
ДНБ-ний дефлятор нь Монголын эдийн засгийг инфляциар аль хэр донсолгож тогтворгүйжүүлж буйг илтгэдэг ба харин ДНБ, нэг хүнд ногдох ДНБ, ажилгүйдлийн төвшин нь ЛМЗЗБ-ын нийгэм-эдийн засгийн үр уршиг ямар болсныг илрүүлдэг хэмжүүрүүд болчихоод байгаа.
Ийнхүү либерал-монетар зах зээлийн бодлого гүн уялдаат 13 шалгуурлаг хэмжүүрээр манай нийгэм-эдийн засгийн амьдралыг чангалан атгаж, либерал тогтолцоо, бүр тодруулбал, анаархи тогтолцоо лугаа хүчээр албадаж оруулсан.
Зах зээлийн загвараар шинэ маягийн колоничлолыг долларын зээлээр амилуулах, бас үнэ цалингаас асар ихээр түрүүлж өсөх гэсэн хоёр лут чиглэл 13 макро хэмжүүрийн гадна талд, гадныхны хар хайрцагны бодлогын дотор хадгалагдан үлдсэн.
Энэхүү бодлогоо эдийн засгийн либерализм (эдийн засгийн эрх чөлөө, хувийн өмч)-аар, улс төрийн либерализм (төрийн гурван өндөрлөг, улс төрийн шинэтгэл, бүх нийтийн сонгууль, хүний эрх, эрх чөлөө)-аар, нийгмийн либерализм (чөлөөт өрсөлдөөн, чөлөөт мөлжлөг)-аар халхавчлан гоёж чимдэг.
Гэлээ ч либерал монетар зах зээлийн бодлого манай улсад хэрэгжихдээ цөөнхийг баяжуулж олонхийг ядууруулсан төдийгүй, хувьчлалыг луйвар болгож, их хэмжээний нэмүү бүтээгдэхүүн болон байгалийн баялгийг гадагш алдуулж, улс орныг маань хүчээр сөхрүүлж чадлаа.”
Бид зах зээлийн шилжилтийн дөрвөн шинжийг онцгойлж Монгол орынхоо нөхцөлд буулгаж үзэх шаардлагатай тулгарсан юм. Эхний шинж нь либерал шинж, хоёр дахь нь монетар шинж бол гурав дахь шинж нь мөлжлөгтэй уялдаж, дөрөв дэх шинж нь монжооч төрхийг гаргаж тавьсан юм.
Энэ нь зах зээлийн шилжилтийн цаана либерал монетар, монжооч зах зээлийн бодлого амилна гэсэн ерөнхий чиглэмжийг тогтоож үүнийг Монгол Улсад эхлүүлсэн төгрөгийн ханшийн уналт ажилгүйдлийн төвшин, дотоодын нийт бүтээгдэхүүний дефлятор, нийт мөнгө, хөрөнгө оруулалтын динамик зэргээр барьцалдуулж зах зээлийн бодлогыг товойлгох боломж олдсон юм.
Бид либерал монетар зах зээлийн бодлогыг марксист-ленинист улс төр-эдийн засгийн ухааны арга зүйгээр том бодлогын төвшинд гаргахдаа хувийн өмч, төрийн гурван өндөрлөг, эдийн засгийн дотоод мөлжлөг, нео колониалист далд мөлжлөгийн итгэлцүүр зэргийг харгалзаж үзэх шаардлагатай байсан.
Либерал-монетар зах зээлийн бодлого Монголд амилахдаа зөвхөн неоколоничлолыг сүндэрлүүлээд зогссонгүй, бас неоколониализмын далбаан дор далд колоничлолын хоёр том урсгалыг амилуулж хэрэгжсэн гэдгийг бид тогтоосон юм. Ийм учраас Монгол Улсад эдийн засгийн далд мөлжлөг нэн өндөр төвшинд хүрэх ёстой байжээ.
Зах зээлийн эдийн засагчид 
Бид неоколониалист далд мөлжлөгийн коэффициентийг Оюутолгойн орд дээр 31 дахин болчихсоныг, неоколониалист гадаад мөлжлөгийн итгэлцүүрийг 19 дахинаар тодорхойлох боломжтой болсон бөгөөд энэ нь либерал монетар монжооч зах зээлийн бодлого Монголын хөрсөн дээр тун амжилттай хэрэгжиж эхэлснийг тогтоолоо.
Ийм учраас “Хөх толбо” сонинд: “Нобелийн шагналтай чөлөөт зах зээлийн алдарт эдийн засагчид гэдэг бол бүгд худалчид хууран мэхлэгчид гэдэг нь тодорхой болсон” гэж дүгнэснийг буруутгах аргагүй юм.
Бас “Милтон Фридман, Фридри Аугост фон Хайек, Жон Мейнард Кейнс, Людвиг фон Майзес… нарын бүгдийнх нь онол загваруудын гол тулгуур үндэслэл нь мөнгөний энэ системийн хүрээнээс гадагш бараг хальдаггүй юм…
Одоогийн энэ чөлөөт зах зээлийн эдийн засаг бол шинжлэх ухаан биш нэг төрлийн ШАШИН болж хувирсан, зах зээлийн эдийн засагчид бол эдийн засагчид огтхон ч биш, тэр ердөө л мөнгийг хүч чадал, үнэ цэнэтэй эд гэж ухуулан номлож байдаг…” гэжээ.
Манай их дээд сургуулиудад сүүлийн хорин жилд төгссөн бүх хүмүүс экономиксийг зөвхөн сурах бичгийн төвшинд л заалгуулсан болохоос биш, тэднийг либерал монетар зах зээлийн том бодлого руу анхаарлыг нь огт хандуулаагүй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.
Барууны зах зээлийн эдийн засгийн сургаалийг үгээ олохгүй магтан өргөмжилж харин марксизм-ленинизмийг, улс төр-эдийн засгийн ухааныг материалист диалектик арга зүйг, шинжлэх ухааны коммунизмыг элдвээр муучилж доромжилсон хандлага нэлээд түгсэн гэдгийг дурьдах шаардлагатай байна.
Монжооч зах зээлийн эдийн засгийн нүүр царай, түүний цаана хэрэгжсэн неоколониалист бодлого Монгол Улсыг, түүний эдийн засгийг орвонгоор нь эргүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг шүтэн бишрүүлсний гай ланчгаас болж манай эрх баригчид, олигархиуд эд мөнгөний шуналтнууд 18 мянган лицензээр Монголын ард түмний өмчинд байсан бараг бүх эрдэс баялгийн ордуудыг гадныханд панзалчихаад байна.
Энэ бол монжооч зах эээлийн хамгийн аймшигт уршиг, либерал монетар бодлогын аюултай үр дүн мөн гэж бид дүгнэж явдгаа дахин дахин сонордуулсаар байгаа. Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа нураачихлаа.
Бидний ярьдаг гурван лут тусгаар тогтнол, тухайлбал улс төрийн бие даасан байдал, эдийн засгийн тусгаар тогтнол, оюун сэтгэлгээний тусгаар тогтнол устаж буй бүх төрх шинжүүд нь илэрчихээд байна.
Бид улс төрийн бие даасан бодлого, эдийн засгийн тусгаар тогтнолын асуудлыг хөндөж эдгээр асуудалд үлэмж анхаарлаа хандуулсаар ирлээ. Харин оюун сэтгэлгээний тусгаар тогтнол гэсэн асуудлыг анхаарлын гадна орхиж болохгүй.  Эл асуудал ялангуяа манай үндэсний соёлтой, улс төрийн соёлтой салшгүй холбоотой болж байдгийг онцолж дурьдах нь зүйтэй байх.
Бид энэ чиглэлээр сүүлийн үед төрийн гурван өндөрлөгийн лут дэмжлэгтэйгээр толгой өндийлгөн даналздаг болсон шарын шашны далдын далд дайралт довтолгоонуудыг илчилж ярих хэрэгтэй боллоо.
Бурханч лам Г.Пүрэвбатын буруу мэдэгдэл
Монголын цагаан сарыг угтуулж бурханч ламтан Г.Пүрэвбатын ярилцлага “Өнөөдрийн тойм” сонины энэ оны №1-д хэвлэгдлээ.
Тэрбээр: “бие, хэл, сэтгэлийн хувьд цэвэр ариун буяныг эрхэмлэх андгайтай өдөр гэдэг утгаар хүмүүс Цагаан сарын баяраа ойлгох хэрэгтэй. 1206 онд Их Монгол улсаа байгуулан 3-р жарны хөхөгчин үхэр жилийн өвлийн сүүл cap, улаан барс жилийн хаврын эхэн сард Тэмүүжинг Чингис хаанаар өргөмжилж, хаан ширээнд залах их ёслол үйлджээ.
Энэ үеийг Их Монгол улсын нэгдсэн төр байгуулагдсаны баяр хэмээн үзэж шинэ оноо хавар тэмдэглэдэг уламжлал тогтсон юм.” Бурханч ламтан маань Соёлын гавъяат зүтгэлтэн болсон ч гэсэн Их Монгол улсынхаа түүхийг, монголчуудын тэмдэглэдэг цагаан сарыг буддизмын гурав дахь шатлалаас үүсэлтэй шарын шашны байр сууринаас ханддаг нь үнэхээр харамсал төрүүлж байна.
Юуны түрүүнд Тэмүжинийг Чингис хаанаар өргөмжилж хаан ширээнд залах их ёслолыг 1206 онд Их Монгол Улсаа байгуулах үеэр үйлджээ гэж Г.Пүрэвбат ярилцлагандаа онцолж дурьдсан. Гэвч 1206 онд Монгол Улсыг Их улс гэж тунхаглаж, Их засгийг байгуулснаа Их Тэмүчин Чингис хаанын Алтан аялгууны нууц номын 97-р хуудсанд “Их засгийг зарлав” гэсэн гарчгийн дор юу гэж бичсэнийг толилуулбал:
“Хаухансу иэгү жил Чингис хаан зуун ноён дуудаж
Ерэн таван түмэн улсаа байгуулан ахыг томилж
Орчлонгийн амин чанарыг онож үйлдэхүйн сүр
Онолын дээд Мончухур болсон их засгийг зарлав
Улсаа өмөөрөн босоо оршихуйн есөн ухааныг
Есөн цагаан тугаар бэлгэдэж Толуйг харуулд зогсоов
Оюуны найман хэмийг бэлгэдэн найман цагаан өргөө барьж
Онолын их багш нарын анхны оюутанд болгоож намайг харуулд тавив
Мянган ам нэгдсэн тархитай байхын түмэн наст үлгэр
Миний газар өнөөдөр байгалийн бус хүчин боллоо
Мөнх ТНГР-ийн хүчин гэж их засгийг хэлтүгэй гэж
Монгол улсыг Их болгосон Чингис хаан ТНГР-ийн ЖРЛГ өргөв.
1206 он бол Их Монгол Улсыг, их засгийг тунхагласан түүхэн гоц жил байв. Чингис хаан 95 түмэн улсаа байгуулж, гол гол удирдагчдаа томилжээ. Түүнээс гадна их засгийг зарлахдаа их засаг бол онолын дээд сэтгэхүй гэсэн тодорхойлолтыг өгч онолын дээд сэтгэхүй бол орчлонгийн амин чанарыг онож үйлдэхүйн сүр мөн хэмээн томъёолов.
Ийм чухал үйл явдлыг Пүрэвбат орхигдуулж, зөвхөн хаан ширээнд Тэмүчинийг Чингис хаанаар өргөмжлөн залах болсон гэдгээр түүхэн содон үйл явдлыг гуйвуулж байна.
Их засгийг зарлан тунхаглахдаа Их Тэмүчин Чингис хаан их засгийг есөн ухаанаар, найман оюунаар цэргийн их хүчээр оюуны гайхамшгаар хамгаалан гэгээрүүлэх чиглэлийг бурханч ламтан Пүрэвбат огт мэдэхгүй явсаар өнөөг хүргэжээ.
Есөн ухаан нь улсаа өмөөрч босоо оршихуйтай холбогддог бол найман оюун нь улс болохуйн, эзэн эрхээ эдлэхүйн их ёстой шүтэлцдэгийг Их Тэмүчин чингис хаан зориуд товойлгон тавьж, есөн ухааныг есөн цагаан тугаар бэлгэдсэн бол найман оюуныг найман цагаан өргөөгөөр хүндлэн өргөмжилснийг бид Г.Пүрэвбатад зориуд анхааруулж хэлэх ёстой.
Үүнээс гадна Их Тэмүчин Чингис хаан мөнх тэнгэрийн хүчийг их засаг гэж тунхагласан. Тэрбээр тэнгэрийн зарлигаар Монгол Улсыг их улс болгосон түүх чухамдаа 1206 онд болсон билээ. Үүнийг бурханч ламтан маань үл ойшоон үүнийг заавал хаврын баяр болгон цагаан сарын баяр хэмээн тулгаж ярих болсныг бид хэлэх ёстой юм.
Төгсбуянты цаглабраар цагаан сарыг тэмдэглэх нь 1206 онд Их засгийг тунхагласантай Их Монгол улсыг байгуулсантай, бас улсаа өмөөрч босоо оршихуйн есөн ухаантай, улс болохуйн эзэн эрхээ эдлэхүйн бүтээвэрт найман оюунтай ямар ч холбоогүй гэдгийг бид хэлэх ёстой.
Монголчуудын тэмдэглэдэг цагаан сарыг заавал төгс буянтын цаглабраар өдрийг нь тогтоож тэр өдөр нь шарын шашны том лийдэр Зонховын нас барсан өдөртэй тааруулдаг нь их л сонин санагддаг юм.
Бид монголын цагаан cap 15 хоног үргэлжилдэг гэдгийг, тэр нь Зонховын таалал төгссөний 14 хоногийн гашуудалтай, бас гашуудлыг тайлах 15-ны өдөртэй тохирдог гэсэн ойлголт монголчууд бидний дунд байдгийг Пүрэвбат үгүйсгээд байх шаардлагагүй.
Түүнээс гадна битүүний өдөр, шинийн нэгний өдөр, шинийн 15-ны өдөр шарын шашны ёслол үйлдлийг монголчууд үйлдэх ёстойг зааж сургаж манай иргэдийг төдийгүй төрийг хүртэл шашинжуулах санаагаа олон хэлбэрээр гаргаж байна.
Лав л манай өвөг дээдсүүд ялангуяа Есүхэй баатар, Их тэмүчин чингис хаан, өүлэн эх, их бөртэ хатан цагаан сараар бууз баншиндаа цагаан мөнгө хийж, олз омгийг бэлгэдэх бурхандаа тахил өргөн зул хүжээ асааж байгаагүй байх.
Цагаан сарыг заавал их нарийн учир шалтгаантай баярын дээд баяр гэж шашинжуулаад байх шаардлага Пүрэвбатад уг нь байх ёсгүй л байгаа юм. Шинийн нэгнээс 15-ныг дуустал хүн бүгд заслаа хийлгэх ёстой гээд л…
Цагаан сарын 15 хоногт буян ном их арвиждаг гэж хэлээд л бас бурхан багш тэрсүдийн 6 багшийг дарж, 15 хоног их рид хувилгаан үзүүлдэг гэх шиг, үүгээр зогсохгүй цагаан сараар бурхандаа усан тахил тавьбал тун сайн гэнэ, цагаан сарыг жинхэнэ шарын шашинжуулж номлодог боллоо.
Шарын шашинтнууд цагаан сараар далимдуулж монголчуудын тархийг угаахдаа бие, хэл, сэтгэл гурваа ариун байлгах сайхан үйлсийг түгээхийг номлодог болов. Монголчууд ялангуяа их монгол түмэн зон ард, айл ард, эл ард гэсэн гурван чухал ухагдахууныг амилуулахдаа хэл, сэтгэл, ухамсар гурвыг зон арддаа холбож оршихуйн гурван үнэн хэмээх ойлголтыг гаргаж тавьлаа.
Тэгвэл ахуй, боловсрол, соёл гэсэн гурван ойлголтыг айл ардтай холбож, удамшил, уламжлал, гүн зөн гэсэн ухагдахуунаар дамжуулан айл ардыг Их Монголын засаглахуйн ёсонтой холбож байсан гэдгийг мэдэхэд Пүрэвбатад илүүдэхгүй л байх.
Их монгол түмэн эл ард гэдэг ухагдахууныг төр, засаг, эрх зүй гэсэн гурван ухагдахуунтай шүтэлцүүлж, улмаар чингис шиг хаан их Монгол Улсад байх ёстой гэсэн чиглэлийг дэвшүүлсэн ажээ. Ийм учраас бие, хэл, сэтгэл гэсэн гурван ойлголтоор их монголчууд их монгол түмэн гэсэн асуудлыг ярьж байгаагүй юм шүү.
Шарын шашинд бие, хэл, сэтгэл гэсэн ухагдахуун маш явцуухан утгаар яригддагийг бид анзаарсан. Шарын шашныг төрийн шашин болгох айхавтар далд бодлогыг манай төрийн гурван өндөрлөг хэрэгжүүлдгийг бид шүүмжлэлтэй ханддаг бөгөөд шарын шашин хэзээ ч монголчуудыг бидний хойд үр удмыг гэгээрүүлэхгүй бөгөөд харин тэднийг мунхаглалаас мунхаглал руу зугуухан гулсуулах ажлыг хорлонтойгоор хийж үлддэгийг бид хэлэх ёстой.
Доктор П.Нэргүй
Эх сурвалж: “Хөх толбо” сонин

URL:

Сэтгэгдэл бичих