“Монголиан Эйрлайнс” нэрээ сольсон ч намтраа үгүйсгэж чадахгүй
Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ)-ээс бойжиж “Монголиан Эйрлайнс” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан эл групп өнгөрсөн долоо хоногт нэрээ сольж, “Хүннү Эйрлайнс” болгохоор болсон.
Учир нь МИАТ, “Монголиан Эйрлайнс” компани хоёр тусдаа хэдий ч олон улсад нэг нэрээр зорчигч тээвэрлэж буй нь олны толгойг “манаргаж”, онгоц мөргөлдөх аюул далласан юм байх. Сийрүүлбэл, “Монголиан Эйрлайнс” саяхнаас Хонконг руу нислэг үйлдэж эхэлжээ.
Гэтэл МИАТ-ийн онгоц мөн адил энэ чиглэлд нислэг үйлддэг байна. Харин адилхан нэртэй энэ хоёр компанид нислэгийн төвөөс мэдээлэл өгөхдөө агаарын зам, нислэгийн өндөр зэргийг адилхан өгч байсан нь хоёр онгоц нэг цэгт учрах аюулыг ойртуулсан аж.
Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 60 жилийн түүхтэй МИАТ-ийн нэрээр хувийн компани нислэг үйлдэх нь зохисгүй алхам хэмээн мэдэгдэж, ижил нэртэй компаниудын туйлыг салгасан хэрэг.
Хэдийгээр нэрийг нь сольж байгаа ч МИАТ-ийн 60 жилийн түүхийг хулгайлж хоёр гаруй жил үйл ажиллагаа явуулсан хэргийг үүгээр дэнслэх нь утгагүй юм. Олны мэдэж байгаачлан “Монголиан Эйрлайнс” гэх нэр нь МИАТ-ийг жинхлэх төлөвлөгөөний нэг хэсэг.
Өөрөөр хэлбэл, нэр нэгтэй учраас нэгтгэхэд хялбар билээ. Харин тухайн үед улс төрийн хүрээнийхэн болон МИАТ-ийн тогооноос хооллодог ажилчид адил нэртэй групп үүсгэн байгуулж байгаа нь МИАТ-ийг унагах бодлого гэдгийг мэдэж байсан ч эл хэрэг төдийлөн нийтийн хүртээл болохгүй байв.
Учир нь тухайн үед Зам тээврийн яамны сайдаар Х.Баттулга ажиллаж байсан. Тиймээс тэрбээр өөрийн эрх мэдлийн хүрээнд нислэг үйлдэх эрхийг олгосон байдаг. Түүний дараагийн сайдад адил нэртэй хоёр компанийн хэргийг судлах чиглэл байсан ч тэрбээр өмнөх сайдаасаа хүчин мөхөс байснаар эл хэрэг аажмаар мартагдсан аж.
Тиймээс Х.Баттулгын олгосон эрх яагаад ч юм “Монголиан Эйрлайнс”-ыг хамгаалах хүчтэй бамбай болж байв. Харин тэрхүү бамбай ШӨХТГ-ын даргын “нэр солих” айлтгалд бутрав. Учир нь Х.Баттулга өөрийнхөө босгосон бамбайг МИАТ-ийн хэргийг задруулсанаар сулруулсан хэрэг.
Гэтэл “Монголиан Эрйлайнс” группийн захирал Ч.Хоролсүрэнг Х.Баттулгын утсан хүүхэлдэй гэлцэх нь бий. Тиймээс, өөрийнхөө хүүхэлдэйг золионд гаргасан уу, өрөөлтэй хуйвалдсан учраас шийтгэсэн үү гэх хар олон янзаар яригдаж байв.
Энэ өнцгөөс харвал Х.Баттулга өөрийн гараар бүтээснээ бутраасан хүн болох гээд байна. Нөгөө талаас “Монголиан Эйрлайнс” группийг үүсгэн байгуулахад “МАК” болон “Бодь” группийн оролцоо их.
Харин “Бодь” групп жилийн өмнөөс уг компанийн “хусмыг” малтахаа больсон гэх мэдээлэл байдаг. Мөн тэрхүү цаг хугацаанаас эхлэн МИАТ-ээс өндийсөн “Монголиан Эйрлайнс” группийн хэрэг өндөр авсан билээ.
МИАТ дэх маркетингийн дайн
МИАТ, “Монголиан Эйрлайнс” хоёрын нэр давхардсаны улмаас нэг чиглэлд нисэж байгаа хоёр өөр онгоцонд агаарын зам, нислэгийн өндөр зэргийг адилхан хэлж, олныг будлиулсан гээд буй. Эл шалтгаанаас болж компанийн нэрийг сольж “Хүннү Эйрлайнс” мэндлэх гээд байх шиг байна.
Гэтэл ганцхан “жул” шалтгаан шүүхээр орж нэр солих хариуцлага хүлээх ёсгүй юм. Харин МИАТ-ийг хувьчилж авах гэсэн атгаг санаатай, үнэгэн залийг шүүхээр дэнслэх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, МИАТ-ийн дотор нь ажиллаж байсан ч ард нь байгаа юм шиг гэтэх чадвартай Ч.Хоролсүрэн тэргүүтэй, “Монголиан Эйрлайнс” группийг татан буулгах хэрэгтэй. Учир нь эл группийг төрөөгүй байхад төмөр өлгийг нь бэлдчихсэн байсан.
Тодруулбал, маркетингийн дайн эхлүүлэх хамгийн шилдэг арга буюу, нэрийг нь сонгочихсон байв. Улмаар, эл группийн алхам бүр нь уг нэрийг өөрийн болгож тордох санаархал байсан. Үүнийг анхны нислэг үйлдсэн чиглэлээс анзаарч болно.
“Монголиан Эйрлайнс” групп мэндэлсэн даруйдаа анхны нислэгээ “Ан-2″ буюу “Царцаа ногоон”-оор үйлдэж байсан. Харин тэрхүү онгоцны нэр нь “Хүннү” бөгөөд ниссэн чиглэл нь Баянхонгор байв.
Гэтэл МИАТ-ийн түүхийн эхлэлд, 1956 оны наадмын өмнөхөн анхны нислэгээ царцаа ногооноор үйлдэж, Баянхонгорыг зорьсон тухай бий. Энэ бол “Монголиан Эйрлайнс” групп МИАТ-д санаархаж буйгаа ил тодоор харуулсан хэрэг гэж дүгнэж болохуйц.
Улмаар 2011 онд байгуулагдаад удаагүй байхдаа 55 жилийнхээ ойг хийж, сүр дуулиантайгаар зарласан нь МИАТ нэрээ сольсон юм уу гэх бодлыг олон иргэдэд төрүүлсэн юм.
Мэдээж энэ нь олныг төөрөгдүүлсэн, шударга бус өрсөлдөөн зарласан санаатай гэмт үйлдэл билээ. Гэтэл нэрээ солих шийдвэр гаргасан ч МИАТ-ийн нэрийг луйвардаж байх хугацааны хохирлыг хэн ч дурьдсангүй.
А.Чилүгэн
Эх сурвалж:
URL: