Хан-Уул дүүргийн эмнэлгийн ажилчид өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
Хотын дарга Э.Бат-Үүл Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн алгын чинээ газрыг хамгаалаад үлдчихэж чадахгүй өдий хүрлээ. Уг эрүүл мэндийн нэгдэл А, Б, В гэсэн гурван корпустай байсан. Гэтэл 2005 оны наймдугаар сарын гуравны нийслэлийн Засаг даргын 315 тоот захирамж, Өмчийн харилцааны газрын даргын 2005 оны наймдугаар сарын гуравны 264 тоот тушаалаар уг корпусыг дүүргийн Замын цагдаагийн тасагт шилжүүлсэн байна. Уг шийдвэр гарсны дараа 2010 оны арванхоёрдугаар сарын нэгний өдөр НИТХ- ын 192 тоот тогтоолоор нийслэлийн өмчөөс хасахыг Засаг даргад үүрэг болгосон байна. Энэ дагуу 2011 оны аравдугаар сарын 13-нд нийслэлийн Засаг даргын 742 тоот захирамжаар нийслэлийн өмчийн бүртгэлээс хасчээ.
Ийнхүү нэгэн эмнэлгийн хумсын чинээ газар гар дамжин явсаар эцэстээ хувийн компанийн орон сууцны барилгын газар болж хувираад байна. “АРШ” ХХК-ийн хуучин барилгыг нураачихаад барилга барих гээд байгаа тухайн газар нь эмнэлэгтэй залгаа. Тэнд орон сууцны хороолол барилаа гэхэд машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийг нь шийдэх ямар ч боломжгүй. Хан- Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, “Монгол” дээд сургууль, Хан-Уул дүүргийн цагдаагийн газар гээд өөд өөдөөсөө харсан барилгууд бий. Орон сууц барилаа гэхэд стандарт бус болох магадлалтай. Тэгэхээр барилгыг бариулж хүмүүсийн эд хөрөнгийг салхинд хийсгэхийн оронд одоо л анхааралдаа авч, зориулалтыг нь хэрхэхээ шийдэх цаг ирсэн байна. Ер нь эрсдэлийг урьдчилж харж, сэргийлэх учиртай. Түүнээс биш ниргэсэн хойно нь хашгираад ямар ч нэмэргүй тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан. Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн ҮЭ- ийн хороо иргэдийн эрүүл мэндийн төлөө эмнэлгийнхээ өргөтгөлийг бүрэн авч үлдэхийн тулд эрх бүхий бүх л байгууллагад хандсан. Гэвч одоогоор нааштай хариу сонсоогүй байгаа гэнэ. Хэрэв энэ асуудал цааш удаашрах юм бол өлсгөлөн зарлах хүртэл арга хэмжээ авах тухайгаа эмнэлгийн албан хаагчид мэдэгдлээ.
URL: