С.Хүрэлбаатар: Зүүлт эмчлэх чадвартай юм бол ЭМШУИС-ийг хаачих
“Яавал эрүүл байх вэ” гэдэг асуулт хүн төрөлхтнийг мөнхийн эрэлд дуудсаар ирсэн. Энэ сэдвээр “Сэтгэшгүй” эмнэлгийн захирал С.Хүрэлбаатар ярьж байна.
-Эрүүл байхын ач тус, нийгмийн хандлагыг хэрхэн тодорхойлж болох вэ ?
-Монголчууд саяхнаас, харин Европ, дорно дахинд маш эртнээс эрүүл мэнддээ анхаарсаар ирсэн. Элэг шилжүүлэн суулгахад монгол төгрөгөөр 50-60 сая төгрөг байдаг бол тэнд манай ханшаар 25 сая орчим төгрөг болно. Тэгэхээр үүнээс үзэхэд эрүүл мэнддээ эртнээс анхаарсан бол тэр хэрээр мөнгөө хэмнэж болохоор байгаа биз. Нөгөөтэйгүүр нийгмийн харилцаанд ч огт өөр хандлагыг бий болгоно. Тухайлбал, цус харвасан, өрөөсөн гар нь татуу хүн орж ирвэл ямар ч байгууллага түүнийг ажилд авахгүй, итгэж хөдөлмөрийн гэрээ хийхгүй. Яагаад гэвэл, тэр хүн дахин цус харвачихвал яах юм. Хэвтэрт орчихоор нь гэр бүл, хүүхдүүд нь хаяад явчихвал яах вэ. Ийм болзошгүй тохиолдлууд байгаа учраас эрүүл мэндээ эртнээс нь бодох ёстой.
-Дэлхийн анагаах ухааны чиг хандлагаас харахад хүмүүс соронзон зүүлт, бугуйвч, бүс гэх мэт зүйлийг ихээхэн сонирхох боллоо. Мөн уураг нөхөх эм, эмчилгээг түлхүү сонирхож байна. Энэ зөв үү?
-Соронзон зүүлтнээс гарч байгаа энерги хүнд яаж нөлөөлж байгаа нь батлагдаагүй шүү дээ. Үнэхээр хүзүүнд, гарт зүүдэг соронзон зүүлтүүд хүний амьдралд хэрэгтэй юм бол Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг хаачих. Тэр мэс заслын тэнхимийг нь хаачих. Эсвэл үхэх гээд хэвтэж байгаа гэдэс нь дүүрчихсэн хүнд тэр зүүлтээ зүүлгээд үз л дээ.
-Цагаан хоол, зөв хоололт гэдгийг та юу гэж үзэж байна?
-Түүн шиг буруу зүйл байхгүй. Энэ асуудлыг өнөөдөр ЭМШУИС, Эрүүл мэндийн яам ярьж байх ёстой. Яагаад дуугүй байна гэвэл хувь хүний бизнес рүү халдлаа гэсэн эсэргүүцлээс болж байгаа байх. Үнэндээ бол мах, ургамал хоёрын хооронд огт өөр орчин нөхцөл бий. Гэтэл түүнийг ижил гэж бодоод хооллоод явж байна. Хүмүүс шар буурцгаас гаргасан хиймэл мах идчихээд түүнийгээ “Мах идчихлээ” гэж яриад байх юм. Тэр бол сэтгэлээ хуурсан төдий зүйл. Мөн Хятадад хиймэл өндөг хийчихсэн байх жишээтэй. Тэр бол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Хиймэл өндгийг нефтээс гаргаж авдаг. Тэгэхээр түүнийг идэхэд хүнд яаж нөлөөлөх нь ойлгомжтой шүү дээ. Ийм байтал сурталчилгаа хийж байгаа хүмүүс “Өндөг ач тустай. Хиймэл өндөг хүний биед хоргүй, хоол боловсруулахад сайн” гээд байна. Хиам гэхэд л удаан хадгалах, өнгө оруулахын тулд нитрит гэдэг бодисыг хэрэглэдэг. Гэтэл нитрит амьд организмыг алах чадвар агуулдаг. Их хэмжээгээр идэх юм бол үхлийн тун болж хувирдаг. Нэгэнт бага багаар хэрэглээд байна гэдэг бол үхэл рүүгээ дөхөж байна гэсэн үг.
-Тэгвэл хүн эрүүл байхын тулд яах ёстой вэ?
-Эрүүл байя гэвэл нэгдүгээрт, зөв хооллолт чухал. Түүнд мах, гурил, амтлагчаас сонгино, дээр нь төмс хүнсний ногоонууд орно. Мөн сүү, цагаан идээ байна. Яагаад энэ зүйлүүд зөв хоололт болдог вэ гэвэл байгалиас гарч байгаа тэр чигээр нь л бид авч хэрэглэх ёстой. Гэтэл шинжлэх ухааны ололт, дэвшил хүнд сөргөөр нөлөөлж байна. Нэмж хэлэхэд, цадталаа бус бага идэх чухал. Тэгж байж зөв хооллолт болно. Хоёрдугаарт, эрүүл байхын тулд хүний гол тулгуур болсон нурууны өвчлөлийг анхаарах ёстой. Тэнд мэдрэлийн бүх зангилаа оршдог. Үүнийг манайхан аарцаг ясны гажиг засал гэдэг. Би блок гаргах бариа засал гэж нэрлэдэг. Тэгж ярихаар хүмүүс илүү ойлгодог юм. Блок гэдэг нь нэг ёсондоо биеийн түгжрээ гаргах гэсэн үг. Тэр эмчилгээг хийснээр бие организм зөв голдрилд ордог. Ингэснээр хүний зүрх 68-аас 78 болж цохилно. Зүрхний мэдээлэл сайжирснаар тэндээс гардаг цус элгэнд, нойр булчирхайд, сав, өндгөвчинд ирнэ. Цусны эргэлтийг жигд болгосны дараа хүн эрүүл байна гэсэн үг. Эрүүл байх гурав дахь нөхцөл нь орчин үеийн шинжлэх ухааны ололт, нөхцлүүдийг бодолцох ёстой. Гар утас, компьютер сөрөг нөлөө үзүүлж, хүний аура, био орон зайг эвддэг. Тэгэхээр эрүүл байя гэвэл аль болох гар утас, компьютерээс хол байх хэрэгтэй болж байгаа юм. Ингэж байж бид эрүүл мэндээ хамгааллаа гэж ярих ёстой. Эцэст нь хэлэхэд хүний бие организм дахь цусны урсгал жигд, харааны цэг тэгш гэх мэт тэнцвэрт нөхцөлтэй байж л эрүүл болно.
URL: