МАНАЙ ОРЦ

07b05da6d5948db0bigХоёр жилийн өмнө манай СӨХ-ийн дарга гэв гэнэт ажил хийдэг хүн болж орцны хуучин хаалга солих асуудлаар гэнэт хурал зарлав. Уг нь авгай л голдуу юмдаг юмсан. Энэ удаад би тааралдав. Тэгээд орцныхоо энэ хурлынхаа тухай л ярих гэсэн юм…
Зүгээр л нэг орцны хаалга солих, түүнд мөнгө төгрөг цуглуулах хурал маань “Энэ дэлхийд аль улс хамгийн сайн орцны хаалгатай вэ” гэсэн асуудал болон хувирав. Манайхан чинь бүгдээрээ гадаад дотоод яваад юм үзчихсэн лут улс байдаг юм байна.
Тэгэхдээ манай орцныхон болохоороо гадаадад яваад юу хийдэггүй, ганцхан орцны хаалга судлаад явсан болж таарав. Гайхамшигтай.
Ингээд дандаа Сингапур, Польш, Америк гээд энэ дэлхийн бүх улсуудын орцны хаалга аль нь мундаг талаар маргаад тэгээд орцондоо хамгийн “мундаг” хаалга олж тавих юм болов.
Би орцонд орж байсан уу гэхээс хаалгыг нь судалж байсан биш хэлэх үг байхгүй юм чинь дуугай л байлаа.
Тэгж 2 цаг гаруй “онолдож онолдож” арай гэж “барууны” польш хаалга авч тавих шийдвэр гаргав. Ингээд асуудал дууслаа гэж баярлатал бас болоогүй юмсанж.
Юу гэвэл яг тийм “гоё” польш хаалга одоо монголд байхгүй гэнэ. Ингээд хуралдаан үргэлжлэв. Гэтэл польшид наймаа хийдэг наймаачин залууг нэг нь танидаг гэнэ. Польшид буй тэр нөхрийн утсыг олж хаалгаа захина гэнэ. Манай орцны хурлын шийдвэр энэ…
Тэр “орцны хаалгаа” ярьж хэлж байгааг нь харахад УИХ-ын гишүүд ч атаархмаар, ёстой “өнгөтөөр” ярьж байгаа юм чинь. Монгол хүний ярих авъяас гэж ёстой нэг байна аа…
Би толгой өвдөөд, уур хүрээд гэртээ арай чүү оров.
Түүнээс хойш манай орц хурлаа ганц ч удаа хийгээгүй. Үүнд нь би ч их баяртай байдаг.
Даанч манай муу орц хуучин хаалгатайгаа хоёр жил гаруй навсайж байна даа…
Би боддогийм, уг нь манай орцныхон бүгдээрээ л ажилтай бол ажилтай, боловсролтой бол боловсролтой, эв эрүүл сав саруул, зүв зүгээр л улс байсан юм ш дээ.
“Өөрөө юм хийхгүй, хүнийг юм хийлгэхгүй” зан авир бол яах аргагүй өвчин юм.
Гэтэл бүгдээрээ хэт ардчиллын “өвчин” тусчихаж. Алив юм дэндэхээрээ утгаа алдана гэж байх юм…
Одоо ч манай улс орон манай орцныхноос нэг их дээрдээд байх юм алга даа…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 4 дүгээр сарын 20.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих