Савангийн дуурийн бөмбөгдөлтөд өртсөн үлгэрт итгэдэг Монголчууд
Аннён-хасеё, камсахамнида гэж хэлэхэд ойлгохгүй монгол хүн үгүй биз. Учир нь орой бүр дэлгэцийн өмнө уядаг Солонгосын олон ангит киноноос бид энэ битгий хэл үгийг түвэггүйхэн ойлгочих мэдлэгтэй болсон. Ингээд бодохоор гадаад хэлний мэдлэгт дусал болж байгаа болохоор сайшааалтай ч юм шиг. Гэвч нөгөө талаар ялангуяа өсвөр, залуу үеийнхний тархинд хэзээ ч бүтэмгүй үлгэр мэт мөрөөдлийг суулгаж байгаа. Солонгосын олон ангит кино хэрээс хэтэрлээ. Саяхныг хүртэл Монголын ууган хэдэн телевиз савангийн дууриар бөмбөгддөг байв. Уламжлаад отгон телевизүүд нь тэднийг дууриаж олон ангит кино цацаж эхэллээ.
Ийнхүү Монголын телевизүүдээр түүхэнд байгаагүй уран сайхны дүрүүдийг үзэж цагаа өнгөрөөх болсон үзэгчдийн үзэх савангийн дуурь нэмэгдсээр байна. Ингэж бичихээр хэн нь юугаа гаргах нь хэнд хамаатай юм бэ гэж хэлэх байх. Гэхдээ улс үндэстэн оршин байхын нэг дархлаа болсон эх оронч сэтгэлгээг төлөвшүүлж амжаагүй байхад өсвөр насныхан савангийн дуурийн давалгаанд өртөх болсон нь хамгийн харамсалтай байгаа юм.
Солонгос кино үздэг монгол охид тэдний хувцаслалт, үс засалтаас эхлээд нүүр будахыг нь хүртэл хуулбарлах болсон. Тэгээд зогсохгүй хэзээ ч, хаана ч таарахгүй компанийн захирал эсвэл их эд хөрөнгөтэй өв залгамжлагч амьдралд нь гараад ирэх юм шиг мөрөөдөх болсон нь нууц биш. Үнэхээр үлгэрийн кинонд гардаг үнсгэлжин шиг ханхүүгээ олох боломж хэр байдаг бол. Ингээд бодохоор тархи угаасан савангийн дууриуд бодит амьдралыг шууд бус утгаараа үгүйсгэж байх мэт. Гэнэн мөрөөдөлдөө хөтлөгдсөн монгол бүсгүйчүүд кино мэт амьдрах юм шиг санаж харийн хүнтэй гэр бүл зохиох болсон нь үүнтэй холбоотой байж ч болох юм. Харин залуус “K pop” стилиэр хувцаслаж, хангүг төрхтэй болохыг хичээх болж. Тэдний ингэж загвар хөөж байгаа нь буруу биш.
Гэхдээ улс, үндэстэн бүхэнд оршин байдаг онцлогоо алдчихвий, монголчууд соёл иргэншлийн хувьд хэн нэгний сүүдэр шиг харагдах вий дээ гэсэн айдас төрсөн юм. Савангийн дуурь бол өдгөө дэлхийд алдартай болсон Америкийн гоо сайхны “Procter & Gamble” компанийн гаргасан хамгийн том пиар.
Тэд 1950-иад онд багахан пүүс байхдаа гэнэн хэрэглэгчдийг татаж савангаа борлуулах зорилгоор олон ангит киног анх санаачилсан гэдэг. Улмаар нэгэн киноны продакшнд захиалга өгч олон ангит кино хийлгэн, дундуур нь савангаа сурталчилсан нь гайхалтай үр дүнд хүрч бүтэн жилд борлуулж амждаггүй байсан саван нь хоёрхон сард борлогдсон түүхтэй ажээ.
Тухайн үед мэргэжилтнүүд саван худалдан авдаг гол хүмүүс нь эмэгтэйчүүд болон гэртээ тогтмол суудаг хөгшид болохыг олж тогтоогоод тэднийг татах гол арга нь цуврал кино юм байна гэдгийг зөвлөсөн байдаг. Энэ үйл явдлаас хойш сунжирсан, олон ангит цуврал кинонуудыг савангийн дуурь гэж нэрлэх болжээ. Гэтэл үүнийг ойлгох сөхөөгүй байсан Монголын үзэгчдийн сэтгэхүйг олон ангит киногоор дарсан нь телевизийнхний буруу гэлтэй. Ер нь эдийн засаг, улстөрийн ашиг сонирхол савангийн дуурийг нэвтрүүлэгчдийн ард байдгаас болж улс орнуудын телевизийн хөтөлбөрт тодорхой хэмжээгээр ийм кино багтаж явдаг байна. Энэ нь бизнесийн ашиг сонирхолтой шууд холбоотой. Үзэгчдийн телевизор үздэг ид оргил цагаар зар сурталчилгаа гаргах нь пүүс, компаниудын бараа бүтээгдэхүүнээ борлуулах гол арга болдог.
Монгол Улсын Зар сурталчилгааны хуулийн 11.3- д заасны дагуу улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаарх тогтмол мэдээллийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглодог.Мөн үргэлжлэх хугацаа нь 20 минутаас дээшгүй нэвтрүүлгийн дундуур зар сурталчилгаа явуулахыг хориглодог юм. Тиймээс зар сурталчилгааг киноны дундуур явуулах нь нэг зэрэг олон хүнд хүрэх, бараа бүтээгдэхүүн нь олны сэтгэл санаанд хоногших боломжтой болгодог. Тиймээс үүнийг телевизийн салбарынхан чадамгай ашиглаж иргэдийн тархийг Солонгосын олон ангит киногоор угаасаар байна. Одоогийн байдлаар “UBS” “Чамгүйгээр амьдрахгүй”, “25 суваг” “Сахиусан тэнгэрийн сонголт”, “TV5” “Гүнжийн залуу”, “Ерөөлөөр учирсан ахан дүүс”, “TV8” “Хаан гэр бүл”, “Боловсрол суваг” “И Сань”, “Монгол телевиз” “Үнэн” гээд сэтгэл татам нэртэй олон анги киног гаргаж байна.
Америкийн судлаач Ж.Харольд, Р.Бартон нар цуврал судалгаагаараа хүмүүсийн 60 хувь нь телевизээс авсан мэдээллийг үнэн бодитой гэж шууд итгэдэг болохыг тогтоосон. Тэд савангийн дуурийн ид оргил 1970-1980- аад оны үед “NBC”, “ABC” зэрэг арилжааны телевизийн гол сувгууд өдөрт дунджаар 60- 90 минутыг цуврал кинонд зориулж байсныг тогтоосон байдаг. Гэтэл Монголын телевизүүд үүнээс хэд дахин их цагийг олон ангит кино үзүүлэхэд зарцуулж байна. Тиймээс үүнийг анхаарах цаг нэгэнт болжээ. 1980-аад оноос хойш хөгжингүй улс орнуудын телевизүүдэд үзэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын санаачлага, шаардлагаар савангийн дуурийг хязгаарлах болсон. Үүний адил манай улс ч гэсэн савангийн дуурийг хазаарлах цаг болсон гэдгийг олон зүйлээс харагдаж байгаа бус уу.
URL: