Анод банкны удирдлагуудын ялыг хэвээр үлдээв
Санхүүгийн алдагдлаа халхавчлах зорилгоор хуурамч хувьцаа гарган иргэд болон харилцагчдаа хохироосон Анод банкны удирдлагуудын хэргийг нийслэлийн шүүхээр хэлэлцэн, анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээжээ.
Дампуурсан Анод банкны ТУЗ-ийн гишүүд болох Э.Гүр-Аранз, Н.Даваа, Н.Уламбаяр нарт оноосон анхан шатны шүүхийн ялыг хэвээр үлдээлээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхэд дөрөв хоног үргэлжилсэн шүүх хуралдаанаас Э.Гүр-Аранзад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 156.3 дахь хэсэгт зааснаар нийт хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, найман жил хорих ял оногдуулснаас 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар гурван жилийг хасаж, биечлэн эдлэх ялыг таван жилээр тогтоосон.
Мөн шүүгдэгч Н.Даваа, Н.Уламбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 156.3 дахь хэсэгт зааснаар нийт хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жил хорих ял оногдуулснаас мөн гурван жилийг хасаж гурван жилийн ял оноосон юм. Харин шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхээс Ж.Гантулгад оноосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 35.6-д заасныг журамлан тус хуулийн 156.3 зүйлд зааснаар нэг сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 2.1 жилийн хорих ялыг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.
Я.Баяр
МОНЦАМЭ
URL: