ОУХМ Д.Төмөрхүлэг Ази тивийн аварга болов

tumurhuleg_judo-middleОлон улсын жүдо бөхийн холбоо тивүүдийн аварга шалгаруулах тэмцээнээ өчигдөр албан ёсоор зэрэг эхлүүллээ.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байна.

Азийн 28 орны 220 гаруй жүдоч өрсөлдөж байгаа тэмцээний эхний өдөр Монголын жүдочид нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо хийлж, Ираны Бахрамиан Хаяат, Хонконгийн Люн Чуйг нарыг дараалан цэвэр ялсан. Хагас шигшээд БНСУ-ын жүдоч Бо Бэ Хванийг юүко үнэлгээгээр ялснаар финалдав.

Алтан медалийн төлөө Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нарын мөнхийн өрсөлдөгч Японы шилдэг жүдоч Фүкүока Масаакиг гурван минут 44 секундэд цэвэр ялж Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны алтан медалиа хүртлээ. Д.Төмөрхүлэгийн хувьд ийнхүү Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальтай боллоо.

ОУХМ С.Ням-Очирын хувьд финалдсан ч БНАСАУ-ын бөх Кук Хион Хонгд нэмэлт цагт юүко үнэлгээгээр ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн. Эмэгтэйчүүдийн -52 кг-д Б.Бат-Эрдэнэ мөнгө, -42 кг-д ОУХМ М.Уранцэцэг, -57 кг-д Д.Сумъяа -63 кг-д Ц.Цэрэннадмид нар хүрэл медаль хүртлээ.

Б.Ирээдүй


URL:

Сэтгэгдэл бичих