Оюутолгойн олигархал нутгийн иргэдийг тарчлааж байна
Улс орны баялагт нь харийнхан шүлэнгэтэж байхад Уул уурхайн яам “нойр”-ноосоо ч сэрээгүй хурхирч байна. Газар нутгийг нь сэндийлэх гадныханд Монгол Улсын баялаг дуусна уу, байна уу падгүй. Харин эрдэс, баялгийг нь хурдхан шиг зөөгөөд өөрсийн данс руугаа хийчих өөдгүй төлөвлөгөөтэй ажиллаж буй. Алтыг нь аваад авдрыг нь хаядгийн жишгээр амин хувиа хичээсэн гадны компаниуд даварч байна. Даварсан компаниудад даруулга хэрэгтэйг салбар хариуцсан сайдаас авахуулаад салбагнаж гүйдэг дарга нар сайн мэдэх байлтай. Гэтэл гэмгүй царайлаад гэдсээ илээд хэвтэж байдаг эрх мэдэлтнүүдийн балгаар газар нутаг минь хүнийх болжээ. Орд газраараа төдийгүй тоймгүй их баялгийн нөөцөөрөө Өмнөговь аймаг улсдаа толгой цохидог. Тэгвэл тус нутагт эзэн суусан Нарийнсухайт, Таван толгой, Оюутолгой гээд томоохон компаниуд бий. Эдгээр компаниуд нүүрс, зэс, хүдэр, алт гээд олборлохгүй зүйл алга. Товчхондоо, газар нутгийг нь хархны нүх шиг хөндийлж нутгийн иргэдийг амаар нь шороо үмхүүлж байна. Амьсгалах агааргүй, улаан шороогоор уушиг, цээжээ хордуулж буй иргэд хаана гомдоллож, хэнд хандахаа мэдэхгүй хохирч сууна. Ёстой л нөгөө баялгийн хараалд нэрвэгдэнэ гээч нь энэ байх.
УЛААН ШОРООГООР АМЬСГАЛДАГ ӨМНӨГОВЬЧУУД УНДНЫ УСГҮЙ БОЛЖ МЭДЭХ НЬ
Говь нутагт ус гэдэг чанд мань эрдэнэ байлтай. Гэтэл уул уурхайн компаниуд ундны усаар зогсохгүй газрын хөрсний усаар нь гараа угаагаад дууслаа. Тэгэхээр Өмнөговийн 54000 шахуу иргэн цангаж мэдэх зовлонд унажээ. Өм нийн цэнхэр говьд дэд бүтэц муу хийгдсэн. Хэдийгээр сум орон нутгийнхан гадны компаниудаас хөрөнгө мөнгө авдаг ч хаашаа, хэний халаасанд шургалсан нь тодорхойгүйгээр алга болчихдог. Ямар сайндаа л нутгийн иргэд нь Ланд уначихаад лаа айлаас гуйгаад явж байх вэ дээ. Зүй нь гадны компаниуд нутаг усыг нь эзэгнэсэн бол иргэдийн амьдрал ахуй, дэд бүтцэд анхаарал хандуулдаг баймаар. Гэтэл уурхай тийш зурайх замууд тэгш, улс орны зүг хөтлөх зам нь улаан шороонд хучигдсан аж. Улаан шороогоор амьсгалдаг Өмнөговьчүүд удахгүй ундны усгүй болж мэдэхээр байна. Учир нь Оюутолгой компани олборлолтоо хийх нэрийдпээр говийн усыг барж дууслаа. Оюутолгойн ордыг ашиглах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 1250 литр/секунд ус хэрэгтэй гэдэг. Төлөвлөгөөний дагуу бол газрын доорх усны орд болох “Гүний хоолойн” газрын доорх усны ордын нөөц 870 литр/секунд буюу 75 168 м.куб хоногоор нөөцийг баталсан байдаг.
Цаашид усны хэрэгцээ шаардлагатай гэж үзвэл 2015 оноос гадаргуугийн усны нөөцөөс ашиглах тухай яригдах байсан. Гэтэл аль хэдийнэ газрын доорх усны нөөцөө дуусгаж, гадаргын ус уруу гараа сунгасан юм. Үүнийгээ тэд тайлбарлахдаа “Өнөөдөр бидэнд батлагдсан усны нөөц хүрэлцэхгүй. Тэгэхээр бид усныхаа нөөцийг нэмэгдүүлэх, шинэ эх үүсгэвэр бий болгох асуудлыг ярьж байна. Оюутолгой усны нөөцийг нэмэгдүүлэхээр шинээр хайгуул хийж байгаа” хэмээн шалтаг тоочно. Гэтэл бодит байдал дээр Гүний хоолой, Галбын говь гэж тус ордоос 40-60 км- ын зайд газар доогуур хэдэн арван км үргэлжилсэн 200- 300 гаад метрийн гүнд орших гүний усны нөөц аль хэдийнэ “дуусчээ”.
УСНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖЭЭ
Тавантолгойг таваглаж, Оюутолгойг олуулаа идэх мөрөөдөл үгүй болсон. Харин ч газар нутгаа ашиглуусныхаа хөлсөнд их хэмжээний өрөнд орж мэдэх өөдгүй гэрээг эрх мэдэлтнүүд хийчихсэн гэдэгтээ санал нэгдэх биз. Өнөөдөр бид гэрээ ярьж байх зуурт галбын говь усгүйтэж мэдэх аюулд орсныг сануулъя. Өнгөрсөн онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Ариун цэврийн тухай”, “Усны тухай”, “Хот суурины ус хангамж, ариутгах татуурга, ашиглалтын тухай” хууль тогтоомж, “Ундны усны МЫЗ 900-2005” стандартын хэрэгжилтэд хяналт тавих үүднээс говийн аймгуудын усанд шалгалт хийсэн байдаг. Энэхүү шалгалтад Дорноговь, Дундговь, Говь- Алтай, Говьсүмбэр, Өмнөговь зэрэг аймгууд хамрагдсан юм.
Гэтэл говийн аймгуудын ундны усны зарим худгуудад мөнгө, хүнцэл, бор, кальци, хром, төмөр, магни, манган, молибден, натри, никель, хар тугалга, стронци зэрэг хүнд металлууд стандартад заасан дээд хязгаараас давсан үзүүлэлттэй илэрсэн нь тогтоогдсон аж. Тэгэхээр тухайн нутагт оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх түвшинд хүртэл ундны ус нь бохирдсон гэсэн үг. Оюутолгойн Засгийн газартай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээ нь 30 жил хүчинтэй. Учир мэдэх хүмүүс 27 жилийн хугацаатай гэх нь ч бий. Ингээд бодохоор энэ олон жилийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг говийн усны нөөц хангаж чадах уу гэсэн эргэлзээтэй бөгөөд инээдэмтэй асуулт гарч ирнэ. Оюутолгойнхны яриад байдаг гүний хоолойн усны нөөц хэр вэ. Ийм хэмжээний ус байгаа гэх баталгаатай тоо одоогийн байдлаар байхгүй. Гэрээнд зааснаар нэг секундэд 870 литр ус соруулчихаад 27 жил хэрэглэх үү. Үүнийгээ тэгээд үйлдвэрлэлд ашиглана гэх. Хэрэв гэрээнд зааснаас их хэмжээний хүдэр боловсруулаад эхэлбэл 870 литр сөкунд ус хүрэлцэх үү. Цаашлаад Олон улсын нисэх онгоцны буудал, томоохон цахилгаан станц, ажипчдын хотхон гээд эсэн бусын зүйл баригдаад эхлэхээр усны хэрэглээ ихэснэ. Энэ мэт зүйлсийг тооцоолоогүй гэж үү Оюутолгойнхон. Оюутолгойн ойр орчмын айл өрхүүд олон зовлон тоочдог. Газар нутаг нь талхлагдсаныг хэлээд яриад нэмэргүй. Дээрээс нь ундны усгүйтэл, агаарын тоосжилт толгойн өвчин болжээ. “Уурхай гэдэг нь нэгэн худалчийн эзэмшдэг нүх” хэмээн хошигносон байдаг. Тэгвэл Оюутолгой компанийнхан гүний усаар тэжээгддэг ургамал, амьтад зэрэгт үзүүлэх нөлөөллийг урьдчилан тооцоолохгүй өнөө, маргаашийн үйлдвэрлэлтийн төлөө хөрсний усыг хүүлж байгаа бололтой. Нутгийн иргэд болон Оюутолгойд ажилладаг эх сурвалжуудын мэдээлж буйгаар хөрсний ус нэрийдпээр гадаргын ус ашиглаж буйгаа компанийнхан нуун далдлах гэж байдаг аргаа хэрэглэсэн аж. Цоонгуудыг битүүлэх ажпыг хийж нүглийн нүдийг гурилаар хуурчээ. Ингэлээ гээд монголчууд хууртахгүй;
ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЭЗЭНГҮЙ“ХАЯГДМАЛ” КОМПАНИ
Оюутолгой гэх нэр дэлхийд данстай. Гэсэн атлаа хариуцлага гээчээс хачин хурдан зугтдаг гаж зуршилтай. Эл компанийн төлөөлөн удирдах зөвлөлд монголын талаас Г.Батсүх, Н.Багабанди, Ч.Ганболд, П.Цагаан зэрэг хүмүүс бий. Харин гадаадаас Эндрю Хардинг, Камерон Макрэй, Кэй Пристли, Крис Бэйтман нар байдаг. Мөн гүйцэтгэн удирдлагад Камерон МакРэй, Жак Сато, Хьюстон Спенсер, Айван Велла, Жон М.Жонс, Жастани Карае Матью Гили, Майкл Бек, Питер Николс, С.Отгонбат нарын хүмүүс багтдаг байна. Оюутолгойн хувь нийлүүлэгчид гэхээр Эрдэнэс Оюутолгой, Туркойз Хилл Ресурс юм. Байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг харахаар хариуцлагыг хамгийн тэргүүнд тавьдаг баймаар нөлөө бүхий эрхмүүд байх. Бодит байдал дээр уул уурхайн нөхөн сэргээлт, усны асуудал байгаль орчны асуудал яригдахаар эдгээр хүмүүсийн нэг нь ч ам нээхгүй алга болчихдог. Ашиг, орлогоороо гайхуулж ярих болохоор ил гардаг эрхмүүд юм. Өнөөдөр Оюутолгойд үүссэн байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудалд эдгээр хүмүүсийн дуу хоолой, хүч чадал хэрэгтэй. Гэтэл таг чиг. Ганцхан жишээнээс дурьдахад, өнгөрсөн онд хийгдсэн Оюутолгойн ордоос зэс, алт олборлох боловсруулах төслийн өргөтгөл шинэчлэлтийн нэгдсэн төслийн байгальд орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан гэж байдаг. Үүнийг баталж гарын үсэг зурсан эрхмүүдийн дунд төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдпагуудаас хэн нь ч байсангүй. Хэний ч “танихгүй” хүмүүсийн гарын үсэг бүхий тайланг өөрсдийн цахим хуудсандаа байрлуулсан байх жишээтэй. Тэгэхээр гадны хөрөнгө оруулалтаар монголын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй компанийг монголчууд л төлөөлөхөөс бус харийнханд хамаагүй гэдгийг нотлох шиг. Өнөөдөр усны асуудал хөндөгдөж байгаа ч үнэн хэрэггэй үйлдвэрлэлийн хаягдлын асуудал хөндөгдөхгүй байна. Энэ хаягдал нь хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэйг мэргэжилтнүүд мэддэг баймаар. Хатуухан хэлэхэд, өмнийн цэнхэр говийнхон үнсэнд хаягдсан шалз шиг хоцрох вий дээ.
URL: