Хөрөнгө оруулалтад “гээгдсэн” эрх ашиг-2
БОРООТОЙ ХОТООС ЯМАР ЧИМЭЭ ИРЭВ?
Лондон хотноо Монголын хөрөнгө оруулалтын талаар бизнесмэнүүд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Засгийн газрын бонд гаргаж, дэд бүтцийн чамгүй төслүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө “цүнхэлсэн” шинэ цагийн Улаанбаатар гадаадаас мөнгө татах “соронз” нь болох гарц хумигдаж эхэлсэн хэмээн тэд үзэж байгаа юм. “Хөрөнгө оруулалт нь “царцсан”-ы дараа монголчууд уурхайчдад дахин хандлаа” гэсэн нийтлэлийг “Ройтерс” цахим хуудсандаа нийтэлжээ. Оюутолгой байрнаасаа хөдлөх үү, Тавантолгой гацаанд орсон уу гэсэн асуулт хариултаа хүлээж байгаа болохоор Лондоны энэ уулзалт ойрын өдрүүдийн гол сэдэв байх төлөвтэй.
“Монголын Хөрөнгө оруулалтын шинэ хууль гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чухал түлхэц болно” хэмээн дээрх нийтлэлд онцолсон байлаа. Өнгөрсөн онд манай улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 17 хувиар буурч 3.9 тэрбум ам.долларт хүрсэн юм. Засгийн газар өнгөрсөн жил нүүрсний болоод зэсийн томоохон төслүүдийг хойш тавьсан нь үүнд нөлөөлсөн байж мэдэх. “”Рио Тинто”-той үүсгэсэн маргааныг хэдхэн долоо хоногийн дотор шийдвэрлэж чадна гэдэгт Засгийн газар итгэлтэй байсан” хэмээн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат хэллээ. “Сүүлийн зургаан сар бид эдийн засгийн өсөлт хэрхэн уруудаж буйг харлаа. Шалтгаан нь мэдээж, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсантай холбоотой. Тиймээс бид шинэ хуулийн төсөл боловсруулсан. Бид Монголын ирээдүйн төлөө гадаадын хөрөнгө оруулагчдад тогтвортой, тунгалаг орчныг санал болгох мэссэжийг илгээхийг хүсч байна” гэж О.Чулуунбат хэлжээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Олон хөрөнгө оруулагч бидэнд хуулиа өөрчлөхийг санал болгодог” гэж “Ройтерс”-т ярьсан байна. Монголын шинэ хандлагыг хүлээж буй дэлхийд өгөх хариулт нь энэ хурлаас гарах болохоор удахгүй батлагдах Хөрөнгө оруулалтын шинэ хууль чамгүй ач холбогдолтой байх нь. “Бүх зүйл маргааш шийдэгдчихнэ гэж үү, үгүй. Гэхдээ энд ярьсан зүйлс гадаадын шууд хөрөнгө оруулалтад хариу өгөхөд тусална, бас над шиг хөрөнгөө өсгөх сонирхолтой хүмүүст ч тусална” гэж “Firebird Management”-ийн сангийн менежер Жэймс Пассин хэлжээ.
ШИНЭХУУЛЬБАБОДИТБАЙДАЛ
“Төрийн эзэмшлийн хувь хэмжээг стратегийн, стратегийн бус гэж ангилж өгсөн ганц хуулиас болоод гадаадын хөрөнгө оруулалт саараад байгаа юм биш” хэмээн Сангийн сайд Ч.Улаан хэлсэн. Түүнтэй адил саналтай байгаагаа зарим эдийн засагч илэрхийлж байна. Оюутолгой гуравхан жилийн дотор Монголын эдийн засагт зургаан тэрбум ам.доллар “цутгачихсан”-ы дараа түр завсарласныг нь шүүрч аваад мөнгөний урсгал саарлаа гэж шуугих нь өнгөц зүйл хэмээн шүүмжлэх хүн ч байна. Шинэ хууль хэрэгжсэнээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэгтэй О.Чулуунбат сайд санал нэгтэй байгаа юм. Гэвч шинэ хуулийг оновчтой болсон гэдгийн эсрэг байр суурьтай хүмүүс бас бий. “Тогтвортой байдлын гэрээг гадаадынханд санал болгохдоо ордоос нь хамаарч ялгавартай хандах ёстой. Гэтэл шинэ хуульд энэ тухай хавтгайруулсан нь үндэсний эрх ашгаа гээсэн зүйл болоод байна” гэж эх сурвалж онцолж байна.
Хууль ярихтай зэрэгцээд Монгол Улс уул уурхайн хөрөнгө оруулалтын бодлогоо хэрхэн тодорхойлох вэ гэсэн асуулт ургаад байна. Уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Гэвч хоёр ч парламентын нүүр үзсэн бодлогын баримт бичиг одоо хэр нь батлагдсангүй. Ингэхээр үндэсний эрх ашиг хөндсөн, “захиалагчтай” лоббины хуулиуд олноор батлагдаж буй нь нууц биш юм. Эрх зүйн орчин сууринаасаа хэд дахин “нүүх” эрсдэлийг энэ бүхэн бий болгож байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийг 1994 онд анх баталснаас хойш гурван удаа өөрчиллөө, одоо дахиад өөрчлөхөөр зэхэж байна. Эцэст нь хүрз хатгахаар гарсан бизнесмэнүүд замынхаа дундаас шантрах нь Монголд энгийн үзэгдэл боллоо. Ганц цооног өрөмдөхөд л хэдэн сая ам.доллар зарцуулдаг болохоор эрсдэлтэй тоглоом. Зориг гарган орж ирж буй хувийн хэвшлийнхнийг урамшуулж, гадаад, дотоодын гэлгүй ил тод бодлого хэрэгжүүлэх нь экспортод чиглэсэн эмзэг эдийн засгаа хөл дээр нь тогтоох “эм” гэдгийг Уул уурхайн үндэсний ассоциацийн дэд ерөнхийлөгч Н.Алгаа хэлж байна. “Хамгийн гол нь уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг Баялгийн сандаа хуримтлуулж, тэгш шударга хуваарилалтыг бий болгох, тусгай зөвшөөрлийг олгохдоо ил тод, тунгалаг засаглалаар ажиллах хэрэгтэй” гэж тэрээр онцлон тэмдэглэсэн юм. Өнгөрсөн оны эцэст нийт гадаадын хөрөнгө оруулалт дөрвөн их наяд төгрөг давсан байна. Улсын төсвийн тэн хагасаас илүү хэсэгтэй тэнцэх хэмжээний их мөнгө гадаадаас орж ирсэн байна. Гэтэл монголчуудын хаагуур урсчихсан болоод иргэн Дорж цалингаараа байр авч, хуримтлалаа хожмын өдөрт зориулан санаснаараа өсгөх эдийн засгийн эрх чөлөөг эдлэхгүй байгаа нь эргээд л өнөөх үр ашиггүй бодлого, стратегитэй холбогдож байна. Засгийн газрыг тойрсон энэ долоо хоногийн маргааны үеэр Ерөнхий сайд “Тавантолгойг хамтраад босгосон. Иргэддээ амласан нэг сая төгрөгөө өгөх гэж 350 сая ам.доллар зээлсэн. Тэрийг нүүрсээр төлөх гээд хүчрэхгүй байна. Оюутолгой төсөл юу болсон билээ, 250 сая ам.долларыг хүүтэй урьдчилж аваад иргэдэд бэлнээр тараагаад дуусаа биз дээ” хэмээн ам алдсанаараа уул уурхай эдийн засгийн хөшүүрэг биш харин улстөрчдийн харцаар хэрхэн “хөглөрч” буйг хэлээд өглөө.
Энэ бүхний эцэст НҮБ-аас Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын стратегийг санал болгосон байна. Эл саналд дурдсанаар Монгол Улс бодлогын шинэ зорилго, зорилтуудыг дэвшүүлэх, хөрөнгө оруулалтад хандах шинэ хандлага зэргийг эзэмших шаардлагатай. Монголчуудын хайгаад байгаа хөрөнгө оруулалтын орчин энд байна. Хэдэн уурхай нээгээд түүгээрээ төсвөө түнтийлгэснээ их юманд санах биш эдийн засгийг тэр чигт нь хөдөлгөж, эрсдэлтэй нүүр тулж ашигт малтмал олборлохоор шулуудсан хувийн хэвшлийнхний оролцоог шингээсэн бодлого хэрэгжүүлж байж хөрөнгө оруулалтын бодит үр ашгийн тухай ярьж болохоор байна. Их мөнгөний чимээ хаа сайгүй чих дэлссэн одоо болоод өнгөрсөнд үндэсний эрх ашиг хэмээх ойлголт “гээгдсээр” ирсэн юм. Зорилгоо мартсан хөрөнгө оруулалтын орчин амь бөхтэй байсаар ирсэн болохоор яах аргагүй ийм байдал газар авчихсан нь тэр. Шийдэл, шинэчлэлээ хүлээсэн энэ салбарт гэрэл хэзээ асах бол.
Ж.ЦОГЗОЛМАА
URL: