Н.Алтанхуяг хүзүүн дэх оосроо өөрийн гараар чангалав

527-1366335508middle“Чалко”-гийн талынхан Монголд ирчихсэн гэрээний талаар хэлэлцэж байгаа гэв үү. Энэ тухай салбарын сайд нь чуулганы өчигдрийн хуралдааны үеэр ам алдаж харагдсан. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь огцруулах эсэх асуудал хэлэлцэхтэй зэрэгцэн олон асуудлын гогцоо ч тайлагдаж эхлэв бололтой.
Түүний нэг нь “Чалко”-гийн гэрээ. Монгол Улсад ашиггүй болсон хэмээн шинэчлэлийн Засгийн газрынхан дүгнэж, гэрээг цуцлахаар болж, нүүрсний экспортыг зогсоогоод байсан билээ. Тэгвэл энэхүү гэрээг нийтэд ил болгож, асуудлыг тал бүрээс нь тунгаан хэлэлцэж, сайжруулах шаардлагатайг ах намынхан шаардлаа.
Аж ахуйн нэгжүүдийн хооронд л байгуулсан гэрээ төдий гэдгийг нь Н.Алтанхуяг байнгын хорооны хуралдааны үеэр тодотгосон гэдгийг нь өмнөх Засгийн газрын тэргүүн Сү.Батболд онцолж, өмнөх рүүгээ алдаагаа нялзаахын оронд авах гээхийн ухаанаар асуудалд хандаж, дутагдалтайг нь сайруулж ажиллахыг захив.
Түүнчлэн хоосон улс төр хийхээсээ илүү урагшаа харж ажлаа түргэвчлэхийг ч сануулсан юм. Мөн шинэчлэлийн Засгийн газрын гишүүд өнгө өнгийн хоолойгоор ярьж, цээжний бангаар асуудалд хандаж буйг ч тэрүүхэндээ ховлоод амжсан.
Хариуд нь Н.Алтанхуяг “Хамтраад гаргасан шийдвэрүүд гэдгээ би үгүйсгээгүй. Бас өмнөх Засгийн газар муу ажиллаж, ажил баллаа ч гэж найман сарын хугацаанд нэг ч удаа хэлж байгаагүй юм шүү. Та нар өөрсдөө л гэнэт огцруулна энэ тэр гэж яриад” хэмээн хошуугаа дэвсэв.
Н.Алтанхуяг ам нээж, гишүүдийн асуултад хариулах бүртээ үгэндээ ороогдож, өөрийгөө улам эвгүй байдалд оруулж харагдсан. Уг нь асуудлаас эвтэйхэн бултах гэсэн түүний арга барил бололтой юм. Гэвч бүтэлгүйтэж, хүзүүндээ зүүсэн оосрыг улам л чангалах аж.
Тухайлбал, сүүлийн үед Н.Алтанхуяг “Бид ямар ч асуудлаар хэнтэй ч хамтарч ажиллахад бэлэн. Харин авлига, хээл хахуулийн асуудлаар зөвшилцөхгүй, наймаалцахгүй” гэж онцлох болсон юм. Иймээс МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Ерөнхий сайд та авлигачидтай наймаалцахгүй гэж байнга хэлэх боллоо.
Жишээ нь, манай бүлгээс хэн орж ирээд тантай юу наймаалцах тухай ярив. Нэртэй устай нь хэлээд өгөөч” гэхэд Н.Алтанхуяг сайд “Би та нарт хандаж ингэж хэлээгүй” гэв. Тэгэхээр ах намынхан л лав биш бололтой. Харин тэр хүн хэн байв гэх асуулт гишүүдийн дунд хариулт нэхэж үлдэв.
Мөн Я.Содбаатар “Махны үнэ өссөн нь үнэн биз дээ. Алдаагаа хүлээн зөвшөөрөөч” хэмээхэд Н.Алтанхуяг “Одоохон, Х.Баттулга сайдын мессежийг хараад хэлээд өгье” гэх нь тэр. Чухамдаа гишүүдийн асуултад хариулахын тулд кабинатын нөхдөөсөө мессежээр будаа идэж сууна хэмээн ах намынхны аманд багтав.
Түүнчлэн Швейдэд туршлага судалж яваад ирсэн Х.Баттулга сайд бодит мэдээллийг дамжуулж чадсан эсэхэд гишүүд эргэлзсэн юм. Түүнчлэн Ховд аймагт төрийн албан хаагчдын хомроголон халсан явдал гарсан талаар С.Бямбацогт гишүүнийг ярихад Н.Алтанхуяг “Та нар битгий тэг л дээ.
Ховдын Дарви суманд хоёр нөхөр хэрэлдээд гарч, орсон юм билээ” гэхэд С.Бямбацогт “Дарви сум биш үү дээ” гэж хашгирав. Харин Н.Алтанхуяг “Бүх л аймагт адилхан байгаа шүү дээ” хэмээн хэл халтирах нь тэр. Тэгээд бүр “Заавал хууль зөрчсөн үйлдлийг минь битгий дуурайгаад бай.
Өөрөө Ховдын гишүүн байж, очоод зохицуулчихгүй яасан юм” гэж  хээвнэг хариулав. Түүний хэлсэнчлэн бүх л аймагт халаа сэлгээ явагдаж, нөхцөл байдал иймэрхүү байгаа нь үнэн. Үүнийгээ ч Ерөнхий сайд хүлээн зөвшөөрөв бололтой. Энэ мэтчилэн үгэндээ ороогдож, хүзүүн дэх оосроо чангалсаар суулаа.
Гишүүдээ амьтан хэмээн нэрлэсэнд С.Бямбацогт гишүүн эгдүүцэж “Та нар яасан хууль мэддэг юм бэ. Та нарын баасыг цэвэрлэх гэж зовж байна гэж ярьж байгаад хэрхэн харицлага тооцохыг мэдэхгүй юм. Та Үндсэн хуулийг гурван удаа хулгай хийлээ.
Малын хулгай хийсэн хүн би буцаагаад өгчихсөн гэвэл бас л хариуцлагаас мултрах уу” гэхэд Ерөнхий сайд “Хэдүүлээ хоосон, худал юм яриад яах вэ” хэмээхэд А.Бакей гишүүн “Би хууль мэдэхгүй” гэж Ерөнхий сайд хэлээгүй болохыг байнгын хорооны даргын хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж буйгаа тодотгов.
Гэтэл С.Бямбацогт гишүүн баримт нотолгоо байгаагаа тодотгож, тэрхүү бичлэгийг сайтаар цацна гэж сүрдүүллээ. Түүнчлэн Ерөнхий сайдыг хууль зөрчсөн гэдгийг шүүх л тогтооно хэмээн Ч.Сайханбилэг учирлаж харагдсан.
Энэ удаад ах намынхан эвслийнхнийг эгнээндээ элсүүлж чадахгүй бол Ерөнхий сайдыг огцруулж чадахгүй. Одоогийн байдлаар эвдрэлцсэн байгаа эвсэл эцсийн хариугаа ах намынханд өгөөгүй байгаа гэдэг. Иймээс Н.Алтанхуяг суудалдаа үлдэх өндөр магадлалтай байгаа юм.
Гэхдээ энэ удаад үлдсэн ч дараагийнх гэж байхгүй бололтой. Учир нь АН дотор ч Н.Алтанхуягийн эсрэг асуудал босч эхэлж байгаа аж. Энэ тухай Г.Баярсайхан гишүүн “Та бүхний хортой харилцаанаас хоёр хөршид сэв сууна шүү.
“Хоёр хүн уулзаа” биз гэдэгт хариуцлага тооцох гэж байгаа бол МАН-ын дарга махны үнийг 1200 гэсэнтэй хариуцлага тооцно биз дээ. Энэ хоёр нам маш том ялгаатай. Манай нам бол нээлттэй” хэмээж байснаа үгнийхээ төгсгөлд намын даргаа чангахан чимхээд авав.
Тэрбээр “Ерөнхий сайдад захих үг байна. Ярихаа болж ажлаа хий. Бүтээн байгуулалтынхаа ажлыг хийж эхлээч. Нүүрсээ гарга. Хийхгүй бол огцруулах саналыг АН-ын гишүүдээс тавих болно шүү” хэмээлээ.  Мөн Д.Ганбат гишүүн “Энэ Засгийн газрыг өндөг шиг өөгүй гэж хэлэхгүй.
Гэхдээ өмнөх Засгийн газраас хавьгүй дээр” гэж тодотгосон юм.  Энэ үеэр 2006 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагаж байсан түүх давтагдах нь гэх болгоомжлол зарим хүний амнаас цухалзаж байсан бол М.Батчимэг гишүүн ах намынхныг сиймхий гаргаж, АН-ынхантай ураг барилдах сонирхолтой байна хэмээн дүгнэсэн юм.
Тэрбээр “Засгийн газар огцорлоо гэхэд та хэдийн хүсээд байгаа гадаадын хөрөнгө оруулалт сайжрах, улс орны амьдрал дээшилнэ гэсэн тооцоолол байна уу. Мөн танай нам өнгөрсөн хамтарсан Засгийн газрыг санагалзаж дахин хамтрах эрмэлзлэл байгаа гэж ойлгож болох уу” хэмээн ёстой л голыг нь зурсан асуулт тавив.
Н.Энхболд Засгийн газарт хамтрах сонирхолгүйгээ илэрхийлж, сөрөг хүчин хэвээр байна хэмээн хэлэв. Ө.Энхтүвшин нэмж хариулахдаа “Бид одоогийн Засгийн газрыг унагаагаад өөрсдөө орж суух ямар ч санаа байхгүй. АН-д Н.Алтанхуягаас илүү сайн хүн зөндөө бий.
Хууль зөрчдөг Ерөнхий сайдаар яах юм” гэв. Мөн Н.Энхболд гишүүн сүүлийн үед барина, хорино гэх явдал их гарах болсонтой холбоотой асуудал хөндөв. Хариуд нь Ерөнхий сайд “Мэтгэлцээд хэрэггүй. Ард түмний амьдрал ямар байгаа гэдэгт хамтраад ажиллах хэрэгтэй байгаа юм.
Та нар энэ танхимд намайн Ерөнхий сайдаар томилоход бүгдээ эсрэг кноп дарсан. Би хамтарч ажиллахгүй гэж хэлж байсан. Үүн дээрээ хатуу байгаа. Би хууль ёсыг мөрдөхгүй гэж хэлээгүй. Манай нам бүх юмыг шинэчлэх гэж явна” гэв. Асуудал дээр дөрөөлж Д.Хаянхярваа гишүүн ч гомдлоо тайлаад авав.
Тэрбээр Х.Тэмүүжин сайдад хандаж “Би зүйлдээ хариуцлага хүлээхэд бэлэн. Харин хууль зөрчөөгүй. Х.Тэмүүжин сайдад хандаж хэлэхэд гэмт хэрэгт холбогдсон хүнийг бүгдийг зарлах ёстой юм уу. Шалгах гэхэд Д.Хаянхярваа зугтсан гэж худлаа мэдээлэл цацсан. Би энд байна шүү дээ” гэлээ.
Ийнхүү хэрүүлийн дундуу нэг таатай мэдээлэл дэлгэсэн нь шатахууны үнэ ирэх сараас 50 төгрөгөөр буурах гэнэ. Энэ ажлыг Н.Алтанхуяг сайд сэтгэл гаргаж хийж буйгаа тодотгосон.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлын хүрээнд бонд, төрийн албан хаагчдыг хомроголон халсан гэхчлэн олон зүйл хөндөгдөж, баруун, зүүн жигүүрийнхнийг багагүй талцуулсан. Гэвч эцэст нь МАН-ын бүлэг завсарлага авч, асуудлыг ирэх долоо хоногийн пүрэв гариг хүртэл хойшлуулаа.
Энэ нь АН-ынханд таалагдсангүй. Ямартаа л Х.Баттулга “Хайран цаг” хэмээн халаглан бичсэн бол МАН завсарлага авсан нь анхнаасаа төрийн ажлыг гацаах   сонирхолтой байсныгаа баталсан үйлдэл гэж тайлбарлах нэгэн ч байлаа. Монголын төрд үүнээс өөр хийх зүйл бий.
Гэтэл ганц Н.Алтанхуягаар шантаажилж, ард түмнийг доромжиллоо гэх шүүмжлэл цухалзсан. Дахин тав хоногоор асуудлыг хойш татсан нь шат шатандаа төрийн ажил цалгардах нэг үндэслэл болно гэх яриа ч улстөрчдийн дунд түймэр мэт дүрэлзэж байлаа.
Л.Нинж
Эх сурвалж:

URL:

Сэтгэгдэл бичих