Тува дуучны тоглолт Монголд анх удаа

big_tubaБарууны хөгжмийн ертөнцөд Дорнын Бьёрк хэмээн алдаршсан Тува дуучин Сайнхо Намчылакын тоглолт анх удаа Монголд энэ сарын 28-ны өдөр болно.

Тэрээр 1957 онд мэндэлсэн. Монгол туургатны үнэт өв болох хөөмий, морин хуур, уртын дуу болон тувагийн үндэсний урлагийг электро хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг. 1987 оноос бие даасан уран бүтээлээ эхлүүлсэн. Нийт 30 гаруй цомогтой. Дэлхий дахинд, тэр дундаа Европын хөгжмийн зах зээлд шуугиан тарьж, BBC радиогийн нэрлэснээр дэлхийн шилдэг 500 дуучны нэгд тооцогдох болжээ. 2011 оны дөрөвдүгээр сард Кызыл хотын Үндэсний урлагийн төвийн тайзнаа тоглох үеэр нь Тувагийн Засгийн газрын тэргүүн Шолбан Кара-Оол түүнийг “Тувагийн ардын дууч” Намчылак хэмээн цоллосон гэдэг.

Сайнхо Намчылак хэмээх энэ эмэгтэй Европ, Америкт нэрээ дуурсгаснаар дэлхийд эх орноо сурталчилж чаджээ. Одоо 60 дөхөж яваа хэдий ч тэр өөрийгөө 32 настай гэж мэдэрдэг хэмээн “Новые исследования Тувы” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Түүний тоглолтыг UNESCO-гийн Монголын үндэсний комисс, Харгислалын театр, “Гоодаль” сэтгүүл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтод “Алтан ураг”, “Unicorn”, “Моханик” хамтлаг хамтран оролцоно. Гучин мянган төгрөгийн үнэ бүхий тоглолтын тасалбар энэ сарын 14-нөөс худалдаанд гарч эхэлжээ.
Б.Туул МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих