Хонконгд онц байдал зарлаагүй

5320ca83ed1c4d69big   ХОУР-с Улаанбаатарт суугаа сурвалжлагч Цэцний мэдээлснээр, Хятадад илэрсэн шувууны ханиадны (H7N9) вирустэй холбогдуулж Хонконгт онц байдал зарласан гэсэн мэдээлэл Монголын зарим мэдээллийн сайтаар гарсан тул Хонконг дахь Монгол Улсын Ерөнхий консулын газраас дараах тайлбар ирүүлэв.

Хонконгийн Засгийн газрын Эрүүл мэндийн департаментаас тодруулснаар, одоогоор Хонконгт онц байдал зарлаагүй, тийм нөхцөл байдал ч үүсээгүй байна. “Шувууны ханиадны (H7N9) вирусын халдвар авсан хүн өнөөг хүртэл Хонконгт бүртгэгдээгүй, хэрэв илэрвэл мэдээллийг Хонконгийн Засгийн газраас олон нийтэд даруй мэдэгдэх болно” гэж тус департаментаас гаргасан албан ёсны мэдээлэлд дурджээ.

Хонконгийн Эрүүл мэндийн департамент эх газрын Хятадын эрүүл мэндийн байгууллагуудтай байнга холбоотой ажиллаж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжүүдийг мөрдлөг болгож байгаа юм. Дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар Хятадад шувууны ханиадны (H7N9) вирусын нийт 60 тохиолдол лабораторийн түвшинд батлагдсанаас Шанхайд 24, Жянсү мужид 16, Жэжян мужид 15, Аньхүй мужид 2, Хэнань мужид 2, Бээжинд 1 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Монгол Улсын ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих