Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Шувууны томуу өвчний тухай
Шувууны томуу нь мал, амьтны гоц халдварт өвчин бөгөөд улс орны нийгэм, эдийн засагт асар их хор хохирол учруулдаг. Бүх төрлийн тэжээвэр болон зэрлэг шувуу өвчилдөг, вирусээр үүсгэгддэг өвчин юм. Томуу өвчний дэгдэлт гарсан тохиолдолд өвчний анхны шинж тэмдэг илэрснээс хойш 2-12 хоногийн дотор 100 хувь үхүүлдэг болохыг судлаачид тогтоосон байна.
Нүүдлийн болон усны шувууд өөрсдөө вирус тээгч, хадгалагч болдог ба тэд нүүдлээрээ халдварыг тараах аюултай. Мөн шувууны сангасанд вирус хадгалагдаж явдгаас сангасаар бохирлогдсон нуур, цөөрмийн ус халдварын эх үүсвэр болох нөхцлийг бий болгоно. 1918-1919 онд дэлхийн олон орныг хамарсан томуу өвчний үед 20 сая хүн энэ өвчний улмаас нас барсан гэсэн мэдээлэл байдаг байна. Энэ өвчин гахайн томуугийн үүсгэгчээс гаралтай болохыг эрдэмтэд тогтоосон байна. 1957-1958 онд гарсан Азийн томуу гэж нэрлэгдсэн томуугийн үед олон сая хүн, 1968 -1969 онд гарсан “Гонконгийн томуу”-гийн дэгдэлтийн үед 33800 хүн нас барсан гэсэн мэдээлэл тоо баримт байдаг ажээ.
Одоо хүртэл энэ вирусээр үүсгэгдсэн томуу өвчин зарим бүс нутагт тархаж гарсаар байна. Манай орон 19 багийн 460 гаруй төрлийн шувуутай. Эдгээрийн 80 орчим зүйл нь суурин, 380 гаруй зүйл шувууд нь нүүдлийн бөгөөд тэдгээрийн 247 зүйл нь манай орны нутагт ирж өндөглөж зусдаг, 52 зүйл шувуу дайрч өнгөрдөг, 10 зүйл шувуу Сибирээс ирж өвөлждөг гэсэн судалгаа байна. Усны шувуудын нүүдэл гуравдугаар сарын сүүлчээс эхэлдэг тул манай оронд шувууны томуу өвчний халдвар нүүдлийн шувуугаар дамжин орж ирэх магадлал өндөр юм. Зуун хурга, мөнгөн цахлай, үүлэн цахлай, бор галуу, зэрлэг нугас, хөх дэглий, алагтуу мэтийн 38 зүйлийн нүүдлийн шувуугаар томуу өвчний халдвар тархах магадлалтай гэж шувуу судлаачид үздэг.
Иймээс Дорнод Монголын бүсээр нүүдэллэн ирж байгаа шувуудын нүүдлээс болгоомжлох нь зүйтэй. Учир нь энэ бүс нутгаар Зүүн өмнөд Азийн орнуудаас нүүдлийн шувууд дамжин ирдэг байна. Энэ өвчин одоогоор уг бүс нутагт тархаад байна. Харин манай орны тухайд, гэрийн тэжээвэр тахиа, шувуунд шувууны томуу өвчин халдварласан тохиолдол хараахан илрээгүй, түүнчлэн хүн өвчилсөн явдал гараагүй байна. Гэхдээ Монгол орны бүх нутагт нүүдлийн шувууд ирдэг, дамжин өнгөрдөг учраас шувууны томуу өвчин халдварлах аюул шувуу нүүдэллэх улиралд хамгийн өндөр байх магадлалтай юм. Иймээс зэрлэг ба гэрийн шувуудад шувууны томуу өвчин халдварлахаас урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн ойлгоц, мэдлэгийг дээшлүүлэх, сэрэмжлүүлэх явдал нэн чухлаар шаардагдаж байна.
Өвчилсөн шувууны шинж тэмдэг
• Халуурна
• Хамар, амнаас салсархаг шингэн гоожино
• Залаа нь хавдана
• Чацга алдаж, улмаар таталт өгөх шинж тэмдгүүд үзүүлнэ.
Өвчин гарсан тохиолдолд шувууны өндөглөлт 45 -60 хувь хүртэл буурч, халдвар авсан шувууны өвчлөл 90 хувь, үхэл 75-90 хувь, халдварлалт өндөр үед 100 хувь хүртэл үхүүлдэг байна.
Халдварлах зам
• Агаар дусал, шууд хавьтлын замаар шувуунаас шувуунд, улмаар шувуунаас хүнд дамжин халдварлана.
• Халдварын эх булаг нь өвчтэй шувуу, өвчний үүсгэгчээр бохирлогдсон өндөг, тахиа, шувууны мах, шувууны байр, тоног хэрэгсэл, шувууны сангас , нуур, цөөрөм, гол ус,
Шувууны томууны вирус нь:
56 хэмд гурван цаг, 60 хэмд 30 минутын дотор үхдэг. Формалин, иодын нэгдэл зэрэг халдваргүйжүүлэх бэлдмэл хэрэглэн устгаж болно. Саван, цэвэрлэгээний бусад бодис ба зарим химийн бодисууд, тухайлбал идэмхий натрийн хоёр хувийн уусмалд 10 минут, гипохлорат натрид 10-30 минутад устдаг байна.
Шувууны томуугаас урьдчилан сэргийлэх
Хавар нүүдэллэн ирж байгаа шувуудыг ажиж сул дорой, үхсэн байвал ойртохгүй байх;
Шувуу олноор бөөгнөрч үүрлэдэг газар сангас их байдаг тул тийм газар очихгүй байх;
Булаг шанд, задгай усыг зэрлэг болон нүүдлийн шувуудаас хамгаалах, шувууд цугларсан гол горхины усыг унд, хэрэгцээнд хэрэглэхгүй байх;
Зэрлэг шувууны мах, өндгийг хүнсэнд хэрэглэхгүй байх;
Үхсэн болон өвчтэй шувуутай таарах буюу харвал ойролцоо байгаа мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх;
Хэрэв та шувуу үржүүлж, тэжээдэг бол:
Хувийн ариун цэврийг чанд сахих;
Шувууны байраа халдваргүйжүүлэх, тухайн орон нутгийн мал эмнэлгийн байгууллагад хандаж зөвлөгөө авах;
Шувууны дэвсгэрийг долоо хоногт хоёр удаа сольж байх, сангас, хаягдал дэвсгэрийг зориулалтын нүхэнд хийж булах;
Шувуунд өвчний шинж тэмдэг илрэх юм уу, олноор өвчлөх шинж тэмдэг илрэх; үхэж хорогдсон тохиолдолд харъяа сум, дүүргийн мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх;
Үхсэн шувууны сэг зэмийг тусгай нүхэнд булж устгах, ариутгал халдваргүйтгэлийн бодисоор халдваргүйжүүлэх;
Шувуундаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин /Шувууны тахал өвчнөөс сэргийлэх, Шувууны цусан халдварт өвчнөөс сэргийлэх, Шувууны томуу өвчнөөс сэргийлэх/ тариулах;
Шувууны мах, өндгийг сайтар чанаж боловсруулж хүнсэнд хэрэглэх хэрэгтэй.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЯНАЛТЫН ГАЗАР
URL: