”Хог”-оор шатахуун нэрдэг боллоо
Аль ч газар хамгийн ихээр хуримтлагддаг зүйл бол ахуйн хог хаягдал. Тэр тусмаа нийслэлийн гудамж талбайд ундааны сав, гялгар уут хаа сайгүй л хөглөрч байдаг. Тэгвэл “Алтан оршихуй” ХХК дахин боловсруулах боломжтой хог буюу хоёрдогч түүхий эдийг ашиглан “Евро- 4” стандартын дизелийн түлш, авто бензин үйлдвэрлэхээр шийджээ. “Ахуй мандал” нэртэй үйлдвэрийн нээлтийг өчигдөр хийв. Энэ үйлдвэр нь нийслэлийн Багахангай дүүрэгт байрладаг бөгөөд хоногт 10- 12 тонн ажилласан тос, 10- 15 тонн дугуй, мөн пластик / ундааны сав, гялгар уут гэх мэт хуванцар/ хог хаягдлыг дахин боловсруулах хүчин чадалтай гэнэ. Нээлтийн үеэр тус үйлдвэрийн инженер “Энэ чиглэлийн үйлдвэр эрхэлдэг орнуудын техник технологи, тоног төхөөрөмжийг судалсны эцэст Хятад Улсаас оруулж ирэн өөрийн орны цаг уурын онцлогт тохируулан өөрчилсөн” хэмээн танилцуулсан. Үйлдвэр А, В, С гэсэн гурван хэсэгтэй бөгөөд одоогийн байдлаар “Алтан оршихуй” ХХК А хэсгээ өөрийн 1.5 тэрбум төгрөгөөр байгуулаад байгаа аж. Цаашид хэвийн үйл ажиллагаа явуулаад эхэлбэл өөрөө өөрийгөө санхүүжүүлж, үлдсэн хоёр хэсгийг барихад ойролцоогоор 3.5 тэрбум төгрөг зарцуулах аж. “Энэхүү үйлдвэрийг цаашид өргөжүүлбэл дотоодын хэрэгцээний дизель түлш, шатахууны багагүй хувийг үйлдвэрлэх түүхий эд хангалттай бий” гэдгийг нээлтийн үйл ажиллагаанд оролцсон албаныхан онцолж байлаа. Тухайлбал, нийслэлийн Нарангийн энгэрийн хогийн цэгт жилд дунджаар 400 мянган тонн хог хаядгийн 20 орчим хувийг хуванцар хаягдал эзэлдэг гэнэ. Энэ нь зөвхөн хогийн цэгт ачигдаж очсон хаягдлын судалгаа бөгөөд хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдийнхийг тооцвол дээрх тоо хэд дахин өсөх ажээ. Хаягдал дугуй, ажилласан тосны хувьд жил ирэх тусам импортоор орж ирэх автомашины тоо нэмэгдэх, мөн уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй зэргээс хамаарч ихэссээр байгаа аж. Эдгээр төрлийн хог хаягдал нь аюултай төрөлд ордог учраас шатаах, ил хаях нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж ус, агаарыг бохирдуулдаг. Харин энэхүү үйлдвэр нь энэ төрлийн хог хаягдлыг байгальд ээлтэй арга технологиор дахин боловсруулснаар нийслэлд цэвэр орчин бүрдэхэд бодит хувь нэмрээ оруулахаас гадна хүлэмжийн хийг нэмэгдүүлэхээс сэргийлж, хэмжиж болохуйц түвшинд бууруулах юм.
-Хог хаягдлаас хэдэн хувь нь бүтээгдэхүүн болж байгаа вэ?
-Дугуйны 20-30 хувь нь авто бензин, үлдсэн нь дизель түлш болон гарч байгаа. Хуванцар хог хаягдлаас мөн энэ хэмжээний дизель түлш гарна гэж тооцоолж байна. Харин ажилласан тосноос бараг 90 хувь нь дизель түлш болж гардаг.
-Хоногт хэчнээн тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?
-Найман тонныг үйлдвэрлэх боломжтой байгаа. Бид эцсийн бүтээгдэхүүнээ шинжилгээ хийж, стандарт тогтоодог газарт нь шинжлүүлсэн. Цаашид бид гэрчилгээгээ авчихвал эндээ стандартуудаа баталгаажуулаад явах боломжтой. Гэрчилгээ авахад хэд хэдэн багаж дутуу байна. Ерөнхийдөө дизель түлшинд 19 үзүүлэлт гаргадгийн 10 гаруйг нь эндээ хийсэн. Харин үлдсэн цөөн багаж, төхөөрөмж гадаадаас ирж байгаа. Тэгээд гэрчилгээгээ авчихвал үйлдвэрээсээ гарч буй дээжээ аваад үзүүлэлтүүдийг нь өдөр бүр гаргах болно.
-10 тонн түүхий эд боловсруулахад хэдэн хувийн хаягдал гардаг вэ?
-Ажилласан тосноос тав, пластик хог хаягдлаас 20-30 хувь нь хаягдал шаар болно гэж үзэж байгаа. Гэхдээ бид шаараар дахин юу хийж болохыг судалж байна. Тухайлбал, автозамын материалд ашиглаж болно. Үлдэгдэл шаар нь байгаль орчинд ямар нэгэн хор нөлөөгүй. -Дизель түлш өвөл, зуны гэж байдаг. Хоёуланг нь үйлдвэрлэх үү?
-Тэгнэ. Одоогийн байдлаар өвлийнхийг нь шинжлүүлэхэд -40 хэмд царцаж байна. Хүхрийн хэмжээ нь 0.13. Энэ нь манай орны нөхцөлд асуудалгүй гэсэн үг.
-Туршиж үзсэн үү?
-Манай байгууллагын дизель түлш хэрэглэдэг том оврын автомашинуудад туршиж явуулсан. Ямар нэгэн сөрөг зүйл гарсангүй.
-Хэдэн дамжлагаар эцсийн бүтээгдэхүүн гардаг вэ?
-Эхлээд түүхий эдээ боловсруулж нэрээд дараа нь цэвэрлээд, шүүгээд гэх мэтчилэн гарсан шингэн маань гурван шат дамжаад эцсийн бүтээгдэхүүн болдог. Дизель түлш их тунгалаг гарч байгаа.
-Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг хэзээнээс, яаж хийх вэ?
-Ер нь уул уурхайн салбар, нийтийн тээврийн байгууллагуудтай гэрээ байгуулах боломж хайж, судалгаа хийж л байна. Нийтийн тээвэрт гэхэд л 500 шахам тээврийн хэрэгсэл үйлчилдгийн дийлэнх нь дизель хөдөлгүүртэй шүү дээ. Тэгэхээр манай үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал эхний ээлжинд Багахангайнхаа, дараа нь нийслэлийн нийтийн тээврийнхнийг хангах боломжтой. Нийслэлийн удирдлагууд ч энэ үйл ажиллагааг маань дэмжиж, албаны автомашинуудынхаа дизель түлшний хэрэгцээг манайхаас хангаж болно гэдгийг сая хэллээ. Бид цаашид уул уурхайн төвлөрсөн том газруудад салбар үйлдвэрийг ч байгуулах бодолтой байгаа.
-Дизель түлшний үнэ нь хэд байх вэ?
-Одоогийн буюу зах зээлийн үнээс харьцангуй хямд борлуулна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 200-300 төгрөгийн хямд байна гэсэн үг. Ер нь энэ үйлдвэр ажилласнаар харьяа дүүргийн иргэд хямд түлшээр үйлчлүүлэх, нийслэлийн хогийг 30 хувиар бууруулах, хогийг ангилан ялгах боловсронгуй системтэй арга хэмжээг хэрэгжүүлэх, мянга орчим тогтмол ажлын байр бий болох зэрэг давуу талтай. Одоо ашиглаж буй гурван төрлийн хаягдлаас гадна цаас, шил, үнс, зэргийг дахин боловсруулж импортын бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар судалж байна. Энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхлэх эрх зүйн таатай орчин болон эмх замбараатай хэвшил соёл манай улсад дутмаг байна. Гэхдээ бид байгаль хамгаалах хүсэл эрмэлзлээрээ энэ үйлдвэрийг байгуулсан юм.
-Түүхий эдээ яаж авч байна даа?
-Уул уурхайн байгууллагуудтай гэрээ хийж хаягдал дугуй, ажилласан тос авч, хоёрдогч түүхий эд авдаг аж ахуйн нэгж, иргэдтэй хамтарна. Мөн гялгар уут, ундааны сав гэх мэт хуванцрыг тогтсон үнийн судалгаа гаргаж байгаад Хоёрдогч түүхий эд эрхлэх холбоотой гэрээ байгуулж Нарангийн энгэрийн хогийн цэгт ажилладаг 200 гаруй иргэнээс байнга авахаар болсон. Тэгэхээр бидний үйлдвэр тасралтгүй ажиллах бүрэн боломж бий.
-Түүхийн эдийн үнэ ханшийг тодорхой танилцуулбал?
-Ажилласан тосыг нэг литр нь 250-300, дугуй нэг кг нь 70- 100, хуванцраа 200-250 төгрөгт тогтвортой барина. Үйлдвэр маань одоо тасралтгүй гурван сар ажиллахад л бид дараагийнхаа В хэсгийг бариад эхэлчихнэ.
URL: