Монгол улс “Хар жагсаалт” руу дөхсөөр байна

Black_List_by_mrsohailahmed-ФАТФ-ЫН ЗӨВЛӨМЖИЙГ ДАГАЖ ХОЛБОГДОХ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХҮРТЭЛ ХОЁР САР ХҮРЭХГҮЙ ХУГАЦАА ҮЛДЛЭЭ-

 

Монгол Улс “угаах” мөн­гөтэй болжээ. Сүржин бөгөөд түгшүүртэй сон­согдох энэ хэргийн улмаас ял авсан тохиолдол Монголд огт байдаггүй гэж албаны эх сур­валжууд хэлж байна. Цаа-шилбал манай улс ФАТФ буюу  Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх бай­гууллагатай “хамтарч ажилладаггүй” орнуудын жаг­саалтад орж мэдэхээр байдалд хүрээд байна. Монгол Улс 2004 онд Ази, Номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэг /АПГ/-т элсчээ. Ингэснээр дотооддоо мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартыг мөр­дөх, ялангуяа Олон улсын сан­хүүгийн гэмт хэрэгтэй тэм­цэх байгууллага /ФАТФ/-ын зөв­-лөмжид нийцсэн тог­толцоог бий бол­гох үүрэг хүлээчихсэн хэрэг.

 

Энэ нь ямар учиртай вэ гэхээр зөвхөн зөвлөмж биш “шаардлага”-тай дүйцэхүйц чадамжтай баримт бичиг юмсанж. Үүнийг нь дагаж мөрдөхгүй, улмаар тэрхүү “хар жагсаалт”-д нь орохгүй бол яадаг юм бэ гэвэл олон улсын санхүүгийн системээс тусгаарлачихдаг аж.

Дэлхийн банк, санхүүгийн томоохон байгууллагууд энэхүү жагсаалтад орсон улс орны банк, санхүүгийн байгууллага, хуулийн этгээд, иргэдтэй харилцаа тогтоохоос татгалздаг. Бүр хамгийн зөөлнөөр хэлэхэд санхүүгийн гүйлгээ хийхдээ давхар хяналт тавих, нэмэлт мэдээлэл шаардах, тэдэнд тавих шаардлагаа өндөрсгөх, данс нээхгүй байх зэргээр “хүнд суртал учруулах”, гүйлгээ хийхгүй байх хүртэл арга хэмжээ авах эрхтэй байдаг аж. Тиймээс “хар жагсаалт”-д орсон улс орны эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Тэгвэл энэ жагсаалтад орохгүй байхын төлөө Монголын төр юу хийж чадах вэ. Ердөө кноп дарах төдийд л нөхцөл байдлыг өөрчилж чадна гээд бод доо. Уг нь УИХ 2006 онд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталсан. Ингээд Монголбанкны бүтцэд энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Санхүүгийн мэдээллийн албыг байгуулан ажилллаж буй. Гэвч олон улсын байгууллагаас  ФАТФ-ын 40+9 зөвлөмжийг хэрэгжүүлэхэд нэлээд учир дутагдалтай хууль баталжээ гэж үзээд Монгол Улсыг “Олон улсын санхүүгийн эрсдэл үүсгэх боломжтой ороны тоонд тооцож, ФАТФ, АПГ-гийн давхар хяналтад оруулан үнэлгээг бууруулсан байна. Ингээд одоо “саарал” жагсаалтаас “хар” жагсаалт руу шилжин орчих гээд байгаа аж.

Тухайлбал дээрх хуульд сэжигтэй гүйлгээний тодор­хойлолтыг өргөжүүлэх, ийм гүйлгээг мэдээлээгүй банк, санхүүгийн байгуулллагатай тоо­цох хариуцлагыг өндөржүүлэх, данс, хөрөнгийн жинхэнэ эзэмшигч болон хувь хүний тодорхойлолт, мэдээллийг цуг­луулах тухай заалтыг нэмэхийг шаарджээ. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд гэмт хэргээс олсон орлогыг хураах, битүүмжлэх ажиллагааг НҮБ-ын холбогдох конвенцид нийцүүлэх зэрэг эрх зүйн цогц өөрчлөлт хийхийг Монгол Улсын Засгийн газарт “зөвлөжээ”. Энэ “зөвлөмж” бол “шаардлага” гэдгийг дээр хэлсэн. Тэгээд ч зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд УИХ хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна. Гэхдээ энэ нь бас шахуу хугацаатай юм. Монгол Улс дээрх зөвлөмжид нийцүүлэн эрх зүйн орчноо сайжруулах үүргийг олон улсын байгууллагуудын өмнө хүлээж ирэх зургаадугаар сараас өмнө арилгах улс төрийн амлалтыг ФАТФ, АПГ-д өгчихсөн байгаа.

Чухам ямар гэгчийн эрх зүйн шинэчлэл хүлээгдэж байна вэ гэвэл юуны өмнө Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд санал болгож байгаа хуулийн томооохон өөрчлөлтүүдийг дурьдъя.

-3.1.1. “Мөнгө угаах” гэж гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийг олж авах, эзэмших, ашиглах, эсхүл тухайн эд хөрөнгийн бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга хэлбэр, тухайн эд хөрөнгөтэй холбоотой өмчлөх эрх болон бусад эрхийг нуун далдлах, эсхүл хууль бус эх үүсвэрийг нь халхавчлах, нуун далдлах, түүнчлэн аливаа этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж өөрчлөх, шилжүүлэх,

-3.1.6. “Төрийн өндөр албан тушаалтан” гэж Монгол Улсын эсхүл гадаад улсын төр, Засгийн газрын тэргүүн, улс төрийн нам, яам, агентлаг, шүүх, прокурор, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын удирдах албан тушаал эрхэлж байгаа, эсхүл эрхэлж байсан хүн, түүний гэр бүлийн гишүүн,

-3.1.7. “Эцсийн өмчлөгч” гэж хуулийн этгээдийн толгой ком­панийг эцэст нь өмчилж хувь хүнийг удирдан чиглүүлж эсхүл өөрийн үйлдлийг бусдаар хийлгэж байгаа хүн, эсхүл аливаа нэг хуулийн этгээд, хэлцлийг эцэст нь хянаж байгаа хүнийг,

-3.1.8. “Халхавч банк” гэж аливаа нэг улс оронд бүртгэлтэй боловч тэндээ биетээр оршдоггүй банкийг,

-3.1.9. “Харилцагчийн талаарх мэдээллийг шалгах” гэж мэдээлэх үүрэгтэй этгээд нь өөрийн харилцагчийн овог нэр, холбогдох бусад мэдээллийг түүнээс гар­гуулах, мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулах зорилгоор бичиг баримттай нь тулган шалгахыг тус тус хэлнэ.

4.1.Дараах этгээдийг энэ хуулийн долоодугаар зүйлд заасан гүйлгээний талаар Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй:

4.1.1. банк

4.1.2. банк бус санхүүгийн бай­гууллага

4.1.3. даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч

4.1.4. хөрөнгө оруулалтын сан

4.1.5. үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн бай­гууллага

4.1.6. хадгаламж, зээлийн хор­шоо

4.1.7. үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага

4.1.8. нотариатын үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд

5.2.4. харилцагчийн эцсийн өмчлөгчийн овог нэрийг тодор­хойлж уг эцсийн өмчлөгчийн хэн болох, өмчлөл, хяналт, зохион байгуулалтын бүтцийг таньж мэдэхтэй холбоотой боломжит бүх арга хэмжээг авах

5.2.6. банк, санхүүгийн бай­гууллагын хоорондын цахим шил­жүүлэг хийсэн хувь хүний овон нэр, регистрийн дугаар, гадаадын иргэн, харьяалалгүй этгээдийн хувьд гадаад паспортын дугаар

5.7. Энэ хуулийн 4.1-д заа­сан этгээд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй гэж тодорхойлсон биз­несийн харилцаа, гүйлгээнүүдэд харилцагчийг таньж мэдэх өндөржүүлсэн үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ.

Мөн уг хуулийн зургаадугаар зүйл буюу тусгай хяналт, долоодугаар зүйл буюу гүйлгээний талаар мэдээлэх, арваннэгдүгээр зүйл буюу гүйлгээг түр зогсоох, хөрөнгө битүүмжлэх, түдгэлзүүлэх гэсэн хэсэгт шинэчлэл хийхээр хүлээгдэж байна. Уг хуулийн 14 дүгээр зүйл буюу мэдээлэх үүрэгтэй этгээдийн дотоод хяналт, 16 дугаар зүйл буюу санхүүгийн мэдээллийн алба болон 18, 22 дугаар зүйлийг яаралтай шинэчлэн батлах шаардлагатай болоод байгаа ажээ.

Дашрамд дурьдахад өнгөрсөн аравдугаар сард ФАТФ-аас гаргасан “хар жагсаалт”-д ороод байгаа орнуудаас Турк, Индонез, Шри-Ланк зэрэг оронтой манай улсын эдийн засаг, бизнесийн салбарын харилцаа идэвхжиж буйг анхаарахад илүүдэхгүй биз ээ.

 

У.Оргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих