Уул уурхайн сайд, Алтанхуягийн адилаар огцрох ёстой юм биш үү
Уул уурхайн яам “унтаж” байна уу, Хөшөөтөд төрийн “хайр” хэрэгтэй байна Д.Ганхуяг сайд аа, “Эрдэнэс Тавантолгой” сэхээн амьдруулах тасагт тарчилж байна, Уран ашиглаж улсын төсвийг бүрдүүлнэ гэв үү, Д.Ганхуяг сайд аа, Харийнханд хайр зарлаж, найр тавих түшмэдүүдээ яах вэ гэх мэт танд хаягласан, таны хариуцаж буй салбарын асуудлыг хөндсөн нийтлэлүүдийг хэдэн арваар нь жагсааж болохоор байна сайд аа. Монголын эдийн засгийн эргэх хүч болсон уул уурхайн салбарын толгойг өнгөрөгч оны наймдугаар сараас хойш хугацаанд хааш нь эргүүлж орхив оо. Үнэндээ энэ хугацаанд нүдэнд үзэгдэж гарт баригдах дорвитой ажил хийв үү та. Манай улсын нийт газар нутгийн 0.3 хувьд уул уурхайнхан эзэн суусан бөгөөд 16 хувь нь хайгуулын лицензтэйгээс гадна өргөдлөө өгөөд авахаар хүлээж байгаа болон тендерээр нээлттэй олгох газруудыг нийлүүлбэл 41 хувь нь ямар нэг байдлаар хөгжлийн нөлөөнд автана гэдгийг гадныхан хэдийнэ зураглачихжээ.
Та энэ тухай мэдэв үү. Өөрөөр хэлбэл, Монгол улсын нутаг дэвсгэрийн 41 хувьд уул уурхайн ашиглалт явуулахад нээлттэй байна гэсэн үг аж. Ийм тохиолдолд уул уурхайн хөгжлийг байгаль хамгаалал, малчдын бэлчээр, усны асуудалтай зохистой хослуулахгүй бол сөрөг үр дагавар гарсаар л байгаа. Гэтэл манай улсын саалийн үнээг хариулах эрхийг газраар нэг тараачихаад, түүнээ цэгцлэхгүй хагас жил гаруй хугацааг та авчихлаа. Энэ бол хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй нэгэнд багагүй хугацаа. Ил тод уул уурхайг хөгжүүлнэ гэх хачин гоё лоозонг ажлаа аваад 100 хонохдоо түүнээс хойно ч хэлж байсан. Тэгвэл хаана байна, ил тод үйл хэрэг. Ямар уул уурхай, газрын тос, ашигт малтмалын компани хэдий хэмжээний газар нутагт нөхөн сэргээлт хийчихэв ээ. Хаана, аль нутагт өнөөх ховор ан амьтан, өвс ургамалыг нутагшуулж хамгаалав, хөрс, усны бохирдлын асуудлаар хэчнээн компанид шаардлага хүргүүлж биелэлтийг нь шалгав. Мэргэжлийн хэчнээн боловсон хүчинг энэ салбарт ажлын байраар хангав, мах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш буурахад энэ салбарын орлого, ашиг тус ямар хэмжээнд байв. Боловсруулах үйлдвэр энэ салбарт нэн чухал байна гэх мөртлөө тэмээ гэхээр ямаа гэдэг монгол хүний тэнэг зангаар Дорнодод биш Дарханд буурь нь засагдчихсан газрын тосны үйлдвэр хэзээ ашиглалтад орж гадна дотноос бид бензин царайчладаггүй болох вэ. Монголын уул уурхайн салбарт харийнхан хаан байж иргэд чинь илжиг мэт боолын хөдөлмөр эрхлэдэг тэгш бус харьцааг арилгаж дөнгөв үү. Газар нутаг, хүнээ хамгаалах ямар ажил санаачлав. Мөнгө л харуулчихвал мөрөөдлөө биелүүлж болдог гэдгийн жишээ болж яваа Оюутолгой, Петрочайна гэх мэт энэ салбарын дэлхийн гол тоглогчдоос ажил, амлалтыг нь асууж чадав уу. Тэд юу гэж байна вэ.
Нэгэнт таны тухай болон танай салбарын асуудлаар дуугарч байгаа болохоор ам нээвэл уушги нээ гэдэг дээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ууланд төөрч улсын мөнгөнөөс үргүй зардал гаргасныхаа хариуд ажлаа өгөх хэмжээний хариуцлага хүлээж буй. Тэгвэл та ч түүнээс дутахааргүй харин ч давж гарах хэмжээний хариуцлага хүлээх ёстой болоод байгаа юм биш үү. Мэдээж хэнбугай ч өнөөдөр таны хийгээд байгаа салбарынхаа 100 хоногийн мэдээллийг энд тэнд нь оруулж байгаад хэвлэлийнхний өмнө хэлчихэж дөнгөнө. Тиймээс монголын газар нутгийн халуун хэвлийд хяналтгүйгээр хүрз, жоотуу зоогоод байгаа харийн голдуу нөхдөд хариуцлага тооцож чадаагүйнхээ төлөө, бурхан гуйсан ч бүү өг хэмээх хатуу зарлигийг биелүүлээгүйнхээ төлөө та ч бас ажлаа өгөх болсон юм биш үү. Унасан бөхөд шалтаг мундахгүйн үлгэрээр надад хугацаа өг гэж хэлэх нь мэдээж л байх л даа. Та тэгж л ам таглана. Тэгвэл өнөөдөр монголын болон дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал таны хойрго, удаан, найр тавьж зөөлөн инээмсэглэсэн хүлцэнгүй занг хүлээх үү. Үгүй. Дэлхий зогсолтгүйгээр эргэдэг.
Тиймээс ажлаа авч, тамгаа халаасласан л бол та дээрх олон асуудлын араас тангараг өргөсөн үхэх эрхгүй дайчин эрс шиг тэмцэх хэрэгтэй байлаа. Тэгэвч та тэгсэнгүй. Хойч үедээ та хоосон нүх, овоолсон шороо үлдээхэд ихээхэн хэмжээний үүрэг гүйцэтгэж түүнийхээ эсрэг ганц удаа ч болов гайхуулах хэмжээний нөхөн сэргээлт хийгээгүйнхээ төлөө та суудлаасаа буух болжээ. Мэдээж сайдынхаа суудлаас сална гэдэг өнөө цагийн төрийнхнөөс тийм амар гарамгүй шийдвэр, эр зориг ч жудагтай байя, сайд аа. Монголын толгой салбарт том сэтгэж чадаагүйнхээ төлөө, хэт жулдсан ажил ярьж өнөөдрийг хүргэж байгаа чинь үнэндээ таалагдахгүй байна, сайд аа. Тэгэхээр яалт ч үгүй хүссэн хүсээгүй төрийн хар хүний жудаг, ёсоор чаддагт нь ажлаа өгвөл яасан юм бэ. Тэгэхгүй бол танай салбар царцаж эх орон, газар нутаг чинь эзгүйрэхэд бэлэн байна. Танай яамнаас, таны шийдвэрийн дагуу Монголын баялаг дээр хөл нүцгэн туйлсныхаа хариуг төлөх хэмжээний банга хүртсэн гадны компани өнөөдрийн байдлаар нэг ч алга. Тэдний өмнөөс эгц харж байгаад эзний ёсоор чанга дуугарч чадах хэмжээний сайд хэрэгтэй байна. Уул уурхайнхан усгүй, хөрсгүй, эрүүл монгол хүнгүй, эх оронгүй болгож байгаагийнхаа хариуд бидэнд юу хийж бүтээж өгөв. Ам асууя. Ийм байдлаар гадныхны толгойг хэт удаан илж байгаагийнхаа хариуг тэгвэл өөрийнхөө биеэр үлгэрлээч Ганхуяг сайд аа. Ерөнхий сайдынхаа адилаар гэмээ ухаарч зэмээ хүлээнэ үү. Хүрзний хүйтэн ирэнд сүлбүүлчихсэн хэрнээ монголын эдийн засагт таны салбараас үзүүлэх үр нөлөө гавихгүй байгаа нь салбарт чинь бодлого дутсаных уу, сэтгэл дутсаных уу. Яг үнэнийг хэлэхэд том салбарын сайд байх танд ахдаад байна.
“NT” © М.ХАТАНБҮҮВЭЙ
URL: