Боловсролоор бизнес хийгч С.Наранцогт гэж хэн бэ
Боловсролын тогтолцоог өөрчилж мөнгө босгох арга
Монгол Улсын боловсролын тогтолцоог Кембрижийн боловсролын тогтолцоонд шилжүүлэх ажлыг С.Батболдын тэргүүлсэн Засгийн газар анх санаачилсан. Автор нь тухайн үеийн БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр. Кембриж гэсэн нэрнээсээ л харь сонсогдох энэ тогтолцоо Монголд хэрэгтэй байсан эсэх талаар маргах нь илүүц. Учир нь, Монгол хүн, Монгол ахуйд зориулсан боловсролын тогтолцоо бидэнд хэрэгтэй болохоос анхнаасаа Англи, Британи хүнд зориулж тусгайлан боловсруулсан Кембрижийн гэх боловсролын тогтолцоо манай ахуй нөхцөлд тохирохгүй нь ойлгомжтой байсан.
Гэвч үүнийг зүтгүүлж, заавал манай боловсролын системд нэвтрүүлэх гэж зүтгэх нь хэнд ашигтай байв. Яаж ч бодсон энэ БСШУЯ-ны эрхтэн дархтануудад ашигтай нь ойлгомжтой асуудал.
Эх сурвалжийн хэлж байгаагаар “Олон улсын стандартад нийцсэн үндэсний хөтөлбөр” Монголд нэвтрүүлэх гэсэн нэрийн дор Англид төвтэй олон улсад боловсролын үйлчилгээ үзүүлдэг ТББ-аас Кембрижийн тогтолцоог БСШУЯ тодорхой үнэ төлж, туршиж байгаа. Өөрөөр хэлбэл, боловсролоор бизнес хийдэг гаднын төрийн бус байгууллагатай яам гэрээ хийжээ.
Ингээд улсын хэмжээнд нийт 31 ерөнхий боловсролын сургуульд найман төрлийн лобаритори хичээл бий болгосон. Тухайлбал, математик, байгалийн ухаан, англи хэл зэргийг дурдаж болно.
Иргэний боловсролын төвшин тухайн улсын өрсөлдөх чадварын индексэд голлох нөлөө үзүүлдэг. Энэ утгаараа боловсролын салбар стратегийн ач холбогдолтой. Тийм учраас энэ салбарыг төр хариуцдаг жишиг олон улсад бий. Манай улс ч ялгаагүй бага, дунд боловсролыг иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлдэг. Гэхдээ төр нь боловсролын салбарыг бараг 100 хувь монопольчилж байгаа одоогийн энэ хэлбэр хэр оновчтой юм бол. Ер нь иргэд хүүхдийнхээ боловсролын асуудлыг сургууль, эсвэл багшид нь л даатгадаг. Төр боловсролын салбарт ямар бодлого хэрэгжүүлж байгааг төдийлөн сонирхдоггүй. Магадгүй тогтолцооны энэ сул талыг ашиглаж улс төрийн намууд болон улстөрчид, салбарын сайд нь мөнгө угааж, улсын хөрөнгө завшиж байдаг юм биш биз гэсэн хардлага төрж байна. Боловсролын салбарыг нийгэм, аж ахуй, агуулга гэж гурав хувааж авч үздэг. Нийгэм гэдэг нь багш, ажилчдыг ажилуулах, цалин хөлс зэргийг хэлж болно. Аж ахуйн асуудалд тендер, барилга, сурах бичиг бэлдэх багтана. Агуулга нь тухайн улсын боловсролын тогтолцоог илтгэнэ. Эд бүгдээс аж ахуйн асуудалд салбарын сайд нь хутгалдах нь элбэг. Учир нь, энд маш их хөрөнгө, мөнгө эргэлддэг. Гэхдээ аж ахуйн ажил гаргахын тулд боловсролын тогтолцоог эхлээд өөрчилдөг муу арга гаднынханд байдаг ажээ. Манайхан ч сүүлийн үед энэ аргад суралцаж байгаа бололтой.
“Шинэ эрин” сургууль
Тухайн үеийн БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын шийдвэрээр олон улсын лабортори сургууль гурвыг байгуулжээ. Эдгээрийг нэрлэвэл, “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн гурван лобаритори сургууль. Эдгээр сургуулийг байгуулахдаа ерөнхий боловсролын сургуулиудын барилгыг хүчээр булаасан юм байна. Эхний жишээ нь, “Шинэ эрин” сургууль.
Баянгол дүүргийн 1-4 дүгээр хорооны иргэдийн хүүхдийг сургах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр барьсан 640 хүүхдийн сургуулийн барилгыг сайд нэг өдөр өөрийн биеэр ирээд лобаритори сургууль байгуулахаар болсноо мэдэгдэж, тушаалаа үзүүлжээ. Уг нь энэ сургуулийн барилга дэргэд нь байгаа “Ган зам” буюу ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн өргөтгөл болох байсан юм байна. Учир нь, тус сургууль 950 хүүхэд сургах хүчин чадалтай ч 2000 хүүхэд сургадаг, энэ жилээс гурван ээлжинд шилжихгүй бол ачааллаа дийлэхгүйд хүрээд байгаа ажээ. Сайд өргөтгөлийг нь булааж авснаар ачаалал нь бүр хүндэрчээ. Харин шинээр байгуулсан 640 хүүхдийн багтаамжтай “Шинэ эрин” олон улсын лобаритори сургуульд өнөөдөр 180 хүүхэд л сурч байна. Мөн 50-иад багш ажилчинтай буюу 180 хүүхдэд илүүдсэн тооны орон тоотойн дээр жирийн багш нараас хоёр дахин өндөр цалин авдаг гэнэ. Гэтэл ачааллаа дийлэхгүй байгаа 20 дугаар дунд сургуульд сурч байгаа 2000 хүүхдэд 120 багш ажилчинтай. Дээр нь, цалин нь “Шинэ эрин”-гийн багш нараас хамаагүй бага. Тэрчлэн Монголын өөр ямар ч сургуульд байхгүй өндөр хурдны интернет, дотоод засал, ширээ, сандал нь үнэтэй брэндийх гээд маш их хөрөнгө мөнгө зарж байгуулсан сургууль ажээ. Энэ бүх хөрөнгийг БСШУЯ-ны санхүүг гартаа атгаж байсан С.Наранцогтыг цохолтоор олгосон гэнэ. Үүнийг үе үеийн боловсролын сайд нар ажлаа өгөхдөө хувьдаа сургуультай болдог жишгээр Ё.Отгонбаяр сайд, С.Наранцогт нарын хувийн сургууль болох учиртай байсан гэж ч тайлбарлах хүн байна. Учир нь, тэд үе үе “Шинэ эрин” сургууль дээр шөнө оройн цагаар ирж, багш, ажилчидтайгаа аминчхан яриа өрнүүлж суудаг байсныг иргэд хэлж байгаа юм.
“Мон Ген” болон
115 дугаар сургуулийн барилгыг ч булаав
Тэрээр “Шинэ эхлэл” олон улсын лобаритори сургууль байгуулахдаа мөн л ерөнхий боловсролын сургуулийн барилгыг булаажээ. Энэ удаа “Мон ген” сургууль улсын төсвийн хөрөнгөөр барьсан 320 хүүхдийн сургуулийн барилгаа булаалгасан байна. Гэвч 320 хүүхэд сурах ёстой “Шинэ эхлэл” сургуульд ердөө 120 хүүхэд л сурч байгаа аж. Шинэ барилгаа алсдан “Мон ген” сургууль мөн л ачааллаа дийлдэггүй, сургалтын даацаасаа хэтэрсэн олон сурагчтай сургууль. Тиймээс тус сургуулийн сурагчдын эцэг эх өргөтгөлийн барилгаа буцааж авах талаар гомдол гаргаад байгаа гэнэ.
Гурав дахь сургууль болох “Монгол тэмүүлэл” сургуульд шинээр барьсан барилга олдоогүй учраас / угаасаа хотын төвд шинээр ашиглалтад орсон сургуулийн барилга өөр үлдээгүй байв / Хан-Уул дүүрэг Зайсан дахь 115 дугаар сургуулийн нэг давхарыг нь “Монгол тэмүүлэл”-д авч өгчээ. Үүнийг эцэг эхчүүд нь маш их эсэргүүцсэн ч сайд тушаалаа өөрчлөөгүй гэдэг юм билээ. Эдгээр сургуулийг байгуулахад асар их хөрөнгө мөнгө зарсан гэдэг ч, санхүүгийн тоо баримт нь нууц хэвээрээ үлдсэн. Хаанаас хэдэн төгрөг өгсөн. Гадаад, дотоодын зээл тусламж байсан уу. Түүнчлэн Кембрижийн тогтолцоог авч хэрэглэсний төлбөрт Англид төвтэй төрийн бус байгууллагад нь хэдэн сая долларын төлбөр төлсөн зэрэг нь тодорхойгүй байгаа юм. Тэрчлэн Кембрижийн тогтолцоо нэтврүүлэх нэрээр гаднаас өндөр төлбөртэй багш нар авчирч хичээл заалгасны төлбөрт хэдэн сая доллар төлснийг хэн ч мэдэхгүй байна. БСШУЯ-ны мэргэжилтнүүд ч энэ талаар тодорхой мэддэггүй юм билээ. Харин энэ ажлыг санхүүгийн талаас нь гардаж хийсэн хүн бол БСШУЯ-ны Үнэлгээний хорооны дарга асан С.Наранцогт гэдэг. Тэрээр Л.Гантөмөр сайдыг томилогдсоны дараа ажлаа өгч, одоо Зам тээврийн яаманд ажилладаг сурагтай. Энэхүү мэдээллийг хайх явцад түүнтэй холбоотой хэд хэдэн ноцтой баримт гарч ирсэн юм. Үүнийг дор өгүүлье.
Баримт:2. Үнэгүй тараах сурах бичиг худалдав
МАН-ын дарга асан С.Батболд, түүний тэргүүлсэн Засгийн газрын гишүүн БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр нар Кембрижийн боловсролын тогтолцоог нэвтрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс. Харин “Хар ажил”-ыг нь тэдний гарын доорхи хүмүүс гүйцэтгэжээ. Тэдний нэг нь БСШУЯ-ны Үнэлгээний хорооны дарга асан С.Наранцогт. Тэрээр хууль зөрчиж сурах бичгийн тендер, 100 хувь төрөөс үнэгүй хангах ёстой бага ангийн сурах бичгийг хуйвалдан худалдах эрх олгож, гэрээ хийсэн баримт олдлоо. Тухайлбал, 2009 оны Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн сурагчдын сурах бичгийг бага ангид 100 хувь төрөөс хангахаар болсон. Гэтэл Сайдын 2009 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 345 дугаар тушаалаар хоёрдугаар ангийн зургаан нэрийн сурах бичгийг 1800-6000 төгрөгөөр худалдан борлуулах эрхийг нэгэн компанид нэг жилийн хугацаатай гэрээ хийжээ. Энэ хуйвалдаан нь илэрмэгц, сурах бичгийн борлуулалтын ид оргил үеийг өнгөрөөгөөд мөн оны ес дүгээр сарын 29-ний өдөр дахин 402-р тушаалаар уг худалдах борлуулах эрхийг хүчингүй болгосон баримт нь байна. Гэвч энэ хугацаанд маш олон эцэг эх улсаас үнэгүй тараах ёстой сурах бичгийг худалдаж авч хохирсон. Мэдээж сурах бичгийн үнийг буцааж олгоогүй. Тухайн компанид хожоотой энэ шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулсан С.Наранцогт үүнийхээ шанд чамгүй мөнгө халаасалсан гэж хуучнаар БСШУ-ны ажилчид дотроо шивэр авир хийдэг юм билээ. Энэ бол Үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан С.Наранцогтын хийсэн ажил гэдэг нь баримтаас тодорхой харагдана.
Баримт:3. Гадаадын зээл тусламжийн мөнгийг хууль бусаар завшсан нь
Энэ асуудалд мөнөөх л С.Наранцогт нэр холбогдоно. БСШУ-ы сайдын 2006 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 133 дугаар тушаалаар батлагдсан сурах бичгийн жагсаалтад долдугаар ангийн англи хэлний сурах бичиг огт ороогүй. Гэтэл тус компаний хэвлэсэн албан ёсны бус сурах бичгийг 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр БСШУЯ-ны Үнэлгээний хороны дарга С.Наранцогт уг компанитай шууд худалдан авах гэрээ хийж, худалдаж авснаар зээл тусламжийн мөнгө болох 23.103.000 төгрөгийг ямар ч үргүй зарцуулжээ. Тэрээр аль нэг компанитай албан өрөөндөө “хэлэлцээр” гэж соёлтой нэрлэсэн тохиролцоо хийж, хуйвалдан энэ мэт давуу эрх олгож, шударга бус үйлдэл гаргасан жишээ олон бийг эх сурвалж хэлж байна. Хэдийгээр жил бүр аудитын шалгалт яаманд ордог ч, эхэлж гаргасан дүгнэлт өөрчлөгдөх нь элбэг. Дараа нь, аудитын шалгалт хийсэн аудиторын хүүхэд гадаадад улсын зардлаар суралцахаар явах нь тогтсон жишиг болсон юм гэнэ лээ. Энэ мэт маш олон баримт байгааг цувралаар хүргэсэн ч болохоор юм билээ.
Үүнээс гадна улсын төсөв болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг ядуурлыг бизнесээ болгодог гаднын байгууллагаас Монгол Улсын боловсролын тогтолцоонд Кембрижийн тогтцолцоон нэвтрүүлэхэд зориулж их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл хэн хаанаас хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаархи баримт олдохгүй байна. Ямартай ч 31 сургуулийг Кембрижийн тогтолцоонд шилжүүлсэн нь үнэн. Харин үүнд хэдэн төгрөг зарсан нь нууц байгаа нь сонирхолтой. Хэдийгээр засаг солигдож, өөр хүн сайд болсон ч өмнөх сайдын гар хөл болсон газар хэлтсийн дарга нарын ихэнхи нь ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд энэ талаархи мэдээллийг олж авахыг хүсэхэд гадагш нь задруулах сонирхолгүй.
Харин ч дургүйцсэн шинжтэй байв. Мөн Нийслэлийн боловсролын газрынхан энэ талаар ямар ч мэдээлэлгүй сууж байгаа нь хардлага төрүүлэм. Уг нь “нийслэлийн” гэдэг утгаараа энэ талаар мэдэж байх ёстой. Гэвч тэдэнд огт хамааралгүйгээр энэ ажил явсан бөгөөд яамнаас бүх асууплыг шууд шийдэж байжээ
http://www.sharsonin.mn/mainpage.php?dazo=news&newsid=4339
URL: