Уул уурхайг сувилахуйн ухаанаар хөгжүүлэгч Д.Ганхуяг
Техник технологийн гайхамшгийг алхам тутамдаа мэдрэх болсон бид өнөөгийн амьдралаа гар утасгүйгээр төсөөлөхөө байжээ. Яг үүнтэй ижил Монгол Улсынхаа нэн шинэ хөгжлийг уул уурхайгүйгээр бодож чадахаа больсон байна. Газрын баялгаа зөв, зохистой ашиглаж богино хугацаанд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох зорилготой бид энэ салбарынхаа томилгоо, боловсон хүчний бодлогод баахан хуудуутай хандсаар ирсэн, хандсаар байгаа аж. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон Шинэчлэлийн Засгийн газрыг Н.Алтанхуяг байгуулсан. Тэрээр Японд боловсрол эзэмшсэн намын нөхөр Д.Ганхуягийг танхимынхаа хамгийн чухал яам болох Уул уурхайн сайдаар томилоод жил болоогүй байгаа юм. “Төрийн албыг төрлийн алба болгоогүй” гэж гүрийж байсан Ерөнхий сайдыгаа баллаж төрийн албыг найз нөхдийн алба болгосон Уул уурхайн сайдын тухай сүүлийн үед хэвлэлүүд олон удаа бичиж байна. Тодруулбал Д.Ганхуяг сайд болсныхоо дараа Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар Н.Чинбаатар гэгч өөрийнхөө баруун гар, дотны найзыг “чихсэнийг” хэвлэлүүд нэгэнт зарлачихсан. Гэтэл Н.Чинбаатар нь хэн байв. Тэрээр сувилагч мэргэилтэй, “Бридж”-ийн эзэмшил, манайдаа анхдагч япон хоолны сүлжээ болох “Секитей” рестораныг хариуцан ажиллаж байсан гэдгийг хэвлэлүүд аль эрт ил болгосон юм.
Харин Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэс ямар үүрэгтэй болохыг тус байгууллагын цахим хуудаст нь ингэж бичсэн байна. “Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, тэдгээрийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж хөтлөх, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, тусгай зөвшөөрөл шилжүүлэх, барьцаалах, цуцлах, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг буцааж хүлээн авах, тусгай зөвшөөрлийн талаарх статистик мэдээ, мэдээлэл боловсруулж холбогдох байгууллага болон нийтэд мэдээлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хилийн маргааныг шийдвэрлэх, геологи, уул уурхайн кадастр хөтлөх гэсэн тэргүүлэх чиглэлтэй” гэжээ.
Ямар ч байдлаар, яаж ч бодсон уул уурхайн кадастрын зурагтай холбоотой нарийн ажлыг сувилагч, хоолны газрын менежер сайн гүйцэтгэж, түүний ажлынх нь үр дүнгээр Монгол Улс хөгжинө гэж байж болох уу Д.Ганхуяг сайд аа. Дэд сайд гэх мэтийн улс төрийн томилгоонд бол сувилагч, цэвэрлэгч юугаа тавих нь дүүрсэн хэрэг гэхэд Монгол орны хөгжлийн цөм гэж үзэж буй уул уурхайн салбар, тэр дундаа кадастр хариуцсан чухал хэсэгт найз нөхөддөө найр тависан нь арай дэндсэн хэрэг байх. Ингэхэд Д.Ганхуяг найз Н.Чинбаатартайгаа хамт ичих булчирхайгаа гээж, түмний шившиг болж байхаар “Манай Н.Чинбаатар кадастрын хэлтсийг даргалах ийм авьяастай” гээд ард түмэнд нэг зарлачихаасай.
Хэдийгээр Д.Ганхуяг сайдын зөвлөх Ч.Түмэнбаяр “Манай яаманд Уул уурхайн сайдын хамаатан нэг ч хүн байхгүй” гэж хэвлэлд ярилцлага өгсөн боловч найз нөхдөө ажилд авсныг үгүйсгэсэнгүй. Тэгэхээр ураг төрлийн биш юм гэхэд Японд сургууль төгсөгчдийн бөөгнөрөх газар Уул уурхайн яам болсон нь үнэн байна. Эцэст нь хэлэхэд Монгол Улсыг хөгжлийн манлайд хүргэх үүрэгтэй энэ яамыг найз нөхдөө ажилтай болгох газар болгочихжээ.
Ө.СОНОР
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: