МАН Ерөнхийлөгчийн сонгуульд бэлэн биш байна
Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Хуульд зааснаар энэ сарын 22-нд сонгуулийн товыг зарлаж, үүнээс 10 хоногийн дараа нэр дэвшигчийг тодруулах ёстой. Аль намаас хэн хэний нэр тодрох бол, бүх ард түмний олонхийн саналыг хэн авах бол гэхчилэн яриа олны дунд газар авч, хэвлэл мэдээллийнхний гол сэдэв болоод байна. Мэдээж гол тулаан АН, МАН гэсэн хоёр намын дунд өрнөх болов уу гэсэн таамаглал урьдын адил хэвээр байгаа.
Гэхдээ сонгуулийн товыг зарлаж, нэр дэвшигчийг тодруулах хугацаа хаяанд ирсэн байтал тус хоёр намын сонгуулийн бэлтгэл тэнгэр, газар шиг ялгаатай байна. Юуны өмнө Ерөнхийлөгчийг парламентад суудалтай улстөрийн намаас нэр дэвшүүлдэг ч тухайн нэр дэвшигч сонгогдсоныхоо дараа намаасаа түдгэлзэж, Монгол төрийн тэргүүн гэсэн өндөр статусаар, намаасаа хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд аль намаас нэр дэвших вэ гэхээс илүү хэн нэр дэвших вэ гэдэгт чухалчлан ач холбогдол өгөх онцгой шалтгаан юм. Энэ үүднээс авч үзвэл АН Ерөнхийлөгчийн сонгуульд бэлэн байна. Тус намын удирдлагын хүрээнд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дахин нэр дэвшүүлэхээр тохиролцсоноо албан ёсоор зарласан билээ.
Харин МАН огт бэлтгэлгүй, хэдийгээр намын гишүүдийнхээ дунд зургаан хүний нэрийг хэлэлцүүлж байгаа гэх боловч энэ нь нийгэмд төдий л харагдахгүй, гол нь тэдгээр улстөрчдийн олонхи нь хэт хуучин харагдаж байгаа юм. Лидергүй болсон гэх энэ намын хувьд цагтаа лидер нь явсан Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, М.Энхболд, Н.Энхболд дээр нь аварга Д.Бат-Эрдэнэ, ганц эмэгтэй гишүүн Д.Оюунхорол нар уг сунгаанд оролцож байна. Улстөрчдөөс шинэ өнгө, шинэ эрч хүч харагдахаа больж, шинээр шийдвэр гарахаа больсон цагт үеэ өнгөрөөсөн гэгдэж, дараагийн үедээ ээлж, халаагаа шилжүүлдэг нь аль ч улс оронд бичигдээгүй хууль байдаг. Тэгвэл нэгэн цагт МАН-д лидер гэгдэж байсан Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, М.Энхболд, Н.Энхболд нараас шинээр юу гарахыг хэлэхэд бэрх юм. Ер нь ийм зүйл хүсэн хүлээгээд ч хэрэггүй биз.МАН сөрөг хүчнээр ажилласан өнгөрсөн жил шахамын хугацаанд тэргүүн фронтод явсан эдгээр улстөрч чухам юу хийв гэхэд л тодорхой хариулт гарч ирнэ. Ядаж байхад намаа чирж явах ёстой намын дарга Ө.Энхтүвшин нь махны үнийг 1200 хэмээн “андуурч”, ард түмний амьдрал ядуу байна гэж аман дээрээ ярих атлаа амьдрал мэддэггүй цагаан гартан гэдгээ баталж, онигоонд орчихоод байдаг.
Харин Бат-Эрдэнэ аваргын хувьд төрийн тэргүүний сонгуульд намын нөхдөөсөө дэмжлэг авах нь эргэлзээтэй. Ганц Монголд биш, дэлхий даяараа эмэгтэй улстөрч эрэлттэй болсон цагт ганц эмэгтэй гишүүнээ сунгаанд оруулснаараа л гялайж гялтайдаггүй юм бол МАН-ын нэр дэвшүүлэлт олны анхаарлыг татаж чадахгүй байна. Дахин товчхон хэлэхэд нэр дэвшүүлэлт талаасаа МАН сонгуульд үнэхээр бэлэн биш байна. Хуучны лидерүүд дахин тодрох гэж хүчээр оролдсоор байгаа энэ намын хувьд шинэ өнгө төрх оруулж ирэхгүй бол ялагдахын цондон гэж гишүүд, дэмжигчид нь хүртэл ярьцгааж байгаа аж.
Д.БОЛД
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: