Хүүхэд, залуучуудын театр хайрдаг сандлаа солино

Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театр сайн уран бүтээл туурвидаг ч сайхан орчин бүрдүүлж чаддаггүйгээрээ олны шүүмжлэлд өртдөг.

Дэлхийн сонгодог зохиолыг орон нутгийн тайзнаа амилуулж урлагийн гайхамшгийг мэдрүүлдэг уг театр урын сандаа 57 бүтээлтэй. Үүний дийлэнх нь хүүхдэд зориулсан байдаг. Нэг уран бүтээлийн үргэлжлэх хугацаа дунджаар 40-60 минут. Гэтэл хатуу, хайрдаг сандал дээр нь тэвчээртэй суух хүүхэд бүү хэл том хүн ч ховор. Мөн тайз, орчны чимэглэл нь муу учраас сонгодог урлагийн амт бас л тиймхэн. Иймд Хүүхэд, залуучуудын театр орчноо сайжруулахаар аймгийн Засаг даргад уламжиллаа.

Уг нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам тус театрт 49 сая 750 мянган төгрөгийн өртөг бүхий 138 ширхэг сандал өгчээ. Үүнийг суурилуулах болон их, бага тайзны дотоод чимэглэл, засвар, аялан тоглолт хийхэд тохиромжтой авто машин худалдаж авах зэрэгт 30 сая төгрөг шаардлагатай гэнэ. Иймд Хүүхэд, залуучуудын театрын захирал Д.Бэхбилэг аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэгт уг хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Үүнийг ирэх сард болох аймгийн ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаанд хэлэлцүүлэхээр болов.

Хүүхэд, залуучуудын театр нь жилд хоёроос дээш уран бүтээл туурвих ёстой бөгөөд саяхан Францын зохиолч Роберт Томагийн “Урхи” жүжгийг тайзнаа тавилаа. Бага тайзны хэлбэрээр тавигдсан уг жүжиг үзэгчдэд таалагдсан уу үгүй юу гэдэг судалгаа ч хийжээ. Ер нь аливаа уран бүтээл үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байж үнэ цэнэтэй байдаг. Иймд үзэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг 14 хоног тутам хийж ССАЖЯ руу илгээдэг байна. Ингэснээр бүтээлийн чанар сайжирч орчин нөхцөл дээшлэх юм.

Дэлхийн соёлыг түгээж буй эл театр өөрөө сонгодог, уран тансаг, үзэгчдэд хүндэтгэлтэй байх нь чухал юм. Тиймээс энэ жилээс эхэлж дотоод орчиндоо ихэд анхаарч байгаа гэнэ. Хатуу хэрнээ хайрч, дааруулдаг уг сандлыг ийнхүү солих болсонд уг театрын үнэнч үзэгчид ихэд баяртай байна. Бүтээлийг нь бус орчныг нь голдог байсан үзэгчид харин ИТХ-аар хэлэлцэгдэх 30 сая төгрөг батлагдчихаасай гэж хүсч байна. Учир нь хүн урлагаар дамжуулж гоо зүй, хүмүүжил, төлөвшлийг олж авдаг тул урлагийн орчин өөрөө итгэл үнэмшилтэй, уран тансаг байх шаардлагатай юм. Энэ шаардлагыг биелүүлэхийн тулд уг театр олон ажил санаачилж байгаа ч хөрөнгийн дутагдлаас болж дорвитой өөрчлөлт хийж чадахгүй байна. Тэр ч байтугай баригдсан цагаасаа хойш бараг засвар, үйлчилгээ хийж чадахгүй байсаар 2008 онд 30 сая, 2009 онд 58 сая төгрөгийн засвар хийжээ. Харин энэ жилээс эхэлж үзэгчдийн тав, тухыг хангасан засвар, үйлчилгээ хийх гэж байна.  Үүний зэрэгцээ маркетинг, менежментээ ч өөрчлөх хэрэгтэй юм.

Орхон аймаг Б. Оюун-Эрдэнэ

МОНЦАМЭ Агентлаг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих