Нутагтаа хүрээд ир бүсгүй минь, түшээд авах хүн олон байна

Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэгчээр дуучин Сэрчмаа харьд бэрлэн одоход нь олон хүн гайхаж бас харамсаж байсан нь жил гаруйхны өмнө билээ.

Оны эхний өдөр хил залган орших хоёр орныг тэр дундаа Монголчуудыг шуугиулсан нүсэр хуримаар эхэлсэн тэдний амьдрал тун богинохон настай байсан бололтой юм.

Сайн муугаар сав нь дүүрдэг орчлон юм хойно сайдаж муудахыг хэлж барах аргагүй. “Нялх Сели”, “Хайрын дууч” хэмээгдэн попынхныг чимж, цөөнгүй эрсийн шүтээн болж явсан дуучин бүсгүй маань хүний газар сэтгэл санаа нь эс тогтон хүндхэн байгаа сурагтай.

Түүний нөхөр болох “Улаан хад”-ны Баяр гэх эрхэм нялх охиноо нууцаар авч одон хэл сураггүй болсон нь Селид тун хүнд цохилт болсон аж. Нэгэн биеэ хоёр болгон амь тасласан эх хүн бүр ийм тохиолдолд сэтгэл зүрх нь хэрхэн шаналахыг мэдэж буй биз.

Хуримынхаа үеэр Монголоос зорин очсон урлагийнхныг үл тоомсорлосон зан гаргаж байсан өвөрлөгч эр ийнхүү дуучин бүсгүйг гүн шоконд оруулсан нь хамтын амьдралаа цааш үргэлжлүүлэхийг эс хүссэнийх биз. Харин үрээ санасан сэтгэл басхүү нэрэлхэх ичихэд автан байгаа дуучин маань сэтгэлээ онгойлгоод ярьчих ч дотно хүнгүй хүний нутагт арга мухардан байна.

Ой хүрээгүй нялх охиноо өөр дээрээ авахаар хөөцөлдөж байгаа ч Хятадын хуулинд өв залгамжлагчийг эцэг нь өөр дээрээ авах заалттай учраас хэцүүхэн байгаа сурагтай.

Юутай ч эв нь таарвал үрээ аваад нутагтаа хүрээд ир бүсгүй минь. Хөрөнгө мөнгөтэй байлаа гээд хүн илүү наслах биш. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов гэх үг ч бий. Ичиж нэрэлхэхийг ч март. Монголчууд унасан хүнийг өшиглөдөггүй ууч сэтгэлтэй ард түмэн, тосоод авах хүн олон байна бүсгүй минь.


URL:

Сэтгэгдэл бичих