Дипломныхоо сэдвээр оролцоно
Хавар болж хамаг ажил ундарлаа. Хүсэл мөрөөдөл, хүрэх алсын зорилгодоо тэмүүлэх оюутан залуусын маань мэдсэн сурснаа тайлагнаж, ахиц амжилтаа жинлэх мөч болох Голомт банкны нэрэмжит “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал-2013” айсуй. Шалгалт шүүлэг, төгсөлт, дипломны ажилтай уралдан оюутан залуус жилд ганцхан удаа зохиогддог энэхүү бага хуралд оролцохоор өөрсдийн бүтээлээ илгээсээр байна.
- Юун түрүүнд өөрийгөө уншигчдад танилцуулаач. Ямар бүтээлээр энэ удаагийн Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байгаа вэ?
- Намайг Нэргүйн Мөнхбаяр гэдэг. ШУТИС-ийн програм хангамжийн 4-р курсийн оюутан. Би “Интернэт банкны аюулгүй байдал” сэдвээр оролцохоор материалаа өгсөн.
- Яагаад энэ сэдвийг сонгосон бэ?
- Голомт банкны нэрэмжит “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-д банк санхүү, бизнес, эдийн засаг, мэдээллийн технологи гэсэн чиглэлүүдийн хүрээнд тодорхой шаардлагын дагуу ямар ч сэдвээр оролцох боломжтой. Харин би дипломныхоо сэдвээр оролцож байгаа. Энэ бага хурлын тухай сонсоод би заавал орох ёстой гэж бодсон. Мэдээж өөрийнхөө хийж, боловсруулж байсан зүйлээ бусадтай хуваалцаж, бусдад ойлгуулах сайхан шүү дээ.
- Залуу насыг хийж бүтээх гэсэн оргилуун хүсэл, агуу том мөрөөдөлгүйгээр төсөөлөхийн аргагүй шүү дээ… Чиний мөрөөдөл юу вэ?
- Хамгийн гол нь програм хангамж бол яг л барилга шиг бүтээн байгуулалтын ажил гэж ойлгодог. Би ирээдүйд энэ салбартаа хамгийн шилдэг нь гэгддэг Лайнус Торвалдс шиг программист болж хүний хэрэгцээг хангасан төгс програм гаргахыг мөрөөддөг.
ЖИЧ: Голомт банкны нэрэмжит “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал” 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 700 орчим оюутан залуус хамрагдсан байна. Энэ жилийн тухайд банк санхүү, бизнес, эдийн засаг гэсэн чиглэлүүд дээр мэдээллийн технологи шинээр нэмэгдэж байгаа бөгөөд “Эрдэм шинжилгээний бага хурал”-д оролцох материалыг 4-р сарын 19 хүртэл Голомт банкны хүний нөөцийн хэлтэст хүлээн авч байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: ch_chinzorig@golomtbank.com, 70017676 /1667/ утсаар авна уу.
Өдрийн сонин
URL: