”ZTE” яагаад татварынханд авлига өгөв
Хятадын харилцаа холбооны тэргүүлэгч компани болох муу нэр луу данстай “ZTE”- гийн ээлжит дуулиан Монголд өрнөв. Учир нь тус компанийн Монгол дахь салбарын менежерүүдийг нь Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгаж, албан байгууллага, гэрийг нь нэгжсэн тухай мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, даарин дээр давс гэгчээр компанийн удирдлагуудыг улам хүнд байдалд оруулав. Эл таагүй мэдээлэл гэрлийн хурдаар тархаж тус компанийн хувьцаа навс унаж эхэлснийг гадаадын цахим хуудсуудад онцолжээ. Тэд чухам юуны учир АТГ-ынханд олзлогдчихов. Үүнийг Засгийн газраас 2007-2012 онд хэрэгжүүлсэн “Цахим Монгол” төсөл хөтөлбөртэй холбоотой хэмээн таамаглах хүн олон. Уг компанийн манай улсад хэрэгжүүлсэн хамгийн том төсөл учраас ингэж хардах нь аргагүй юм. Тэгвэл тухайн үед Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газрын дарга байсан УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг болон түүний залгамж халааг авсан МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нар “ZTE” компанийн аалзны тор шиг хэрсэн авлигын хэрэгт холбогдох бололтой. Учир нь “Цахим Монгол” төслийн тендер шалгаруулалтад энэ компанийн удирдлагууд давуу эрхтэй оролцсон нь Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газрын экс удирдлагуудад их хэмжээний авлига өгсөн гэх хардлагыг үүсгэсэн хэрэг. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр энэ салбарт зарласан тендерт шалгарахын тулд компаниуд 10 хувийн “татвар” төлдөг байж. Гэтэл тус компани 15 хувийг санал болгосноор ийнхүү давуу эрхтэй болсон гэх. Харин УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, МЗХ- ны ерөнхийлөгч А.Мөнхбат нар энэ хувиасаа бусадтайгаа хуваалцаагүй нь хэл ам татлах үндсийг тавьсан бололтой юм. Хэдийгээр “ZTE” компанийн нэр хүнд дэлхийн тавцанд аль хэдийнэ шороотой хутгалдсан ч харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбартаа тавдугаар байранд эрэмбэлэгдсээр буй. Энэ компанийг улстөрчидтэй хамгийн ойр хэмээн тодотгох нь ч бий. Тодруулбал , эрх мэдэлтнүүдэд хахууль өгдгөөрөө дэлхийд “алдартай”. Захын жишээнээс дурдвал 2007 онд эл компани Филиппиний Ерөнхийлөгч асан Глория Арроед хахууль өгч тус улсын мэдээллийн технологийг сайжруулах, шинэчлэх төсөлд шалгарсан нь илэрч бөөн хэл ам болсон. Харин хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын конгрессийн гишүүд “ZTE” компанийг үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөө ашиглан хувийн мэдээлэл чагнадаг хэмээн буруутгасан юм. Хэдийгээр компанийг удирдлагууд үүнийг эрс эсэргүүцэж байгаа ч “ZTE” компанийн хувьцааны 51 хувь нь төрийн мэдэлд байдаг нь Конгрессийн гишүүдийг ийн хардахад хүргэжээ. Тэгвэл муу нэрээрээ дэлхийд данстай “ZTE” компани хэрхэн, яаж манай улсын харилцаа холбооны салбарт байр сууриа олж авав. Тэд яагаад АТГ-т шалгагдах болов гээд олон асуулт ар араасаа хөвөрнө. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатын хэлж буйгаар Үндэсний татварын ерөнхий газрын хяналт шалгалтын х э л т с и й н дарга Ч.Гансүхийн хэрэгт холбогдуулан тус компанийн менежерүүдийг шалгаж эхэлсэн байна. Учир нь татварынхныг энэ компаниас их хэмжээний хахууль авч зөрчил дутагдлыг нь нуун дарагдуулсан гэж үзэж байгаа аж. Харин УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, МЗХ-ны дарга А.Мөнхбат нарыг шалгаж байгаа юу гэсэн сэтгүүлчийн асуултад Э.Амарбат “Одоохондоо шалгаж эхлээгүй байгаа” хэмээн хариулав. Тиймээ одоохондоо шалгаж эхлээгүй байгаа. Түүнээс биш “ZTE” компанийн авлигын торонд манай улсын олон улстөрч орооцолдсон нь лавтай. Үүнийх нь эхний гогцоо татварынхнаар хөвөрч байх шиг. Бусдын мэдээллийг тагнадаг, чагнадаг гэдгээрээ алдартай “ZTE” компанийн тухай мэдээлэл гадуур маш хомс. Энэ нууцлаг компани анх 2004 онд Монголд суурин төлөөлөгчийн газраа нээсэн байна. Ингээд удалгүй үүрэн телефоны оператор “Skytel” компанитай хамтран CDMA-200 технологиор манай улсын баруун өмнөд бүс нутагт тоон радио релейний сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Одоогоор манай улсад и н т е р н э т и й н үйлчилгээгээр т э р г ү ү л д э г “ R a i l c o m ” , “Skynet”, “Mobinet”, “Magicnet”, “Micom” нар Хятадын “ZTE”, “HUAWEI” брэндийн тоног төхөөрөмжийг хэрэглэдэг гэсэн мэдээлэл бий. Үүнээс хамгийн том төсөл нь “Цахим Монгол” юм. Мэдээлэл технологийн салбарыг бүхэлд нь “ZTE” компанид атгуулсан нь манай улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Хэдийгээр албаныхан “ZTE” компанийн удирдлагууд татварынханд их хэмжээний хахууль өгснийг баталж байгаа ч чухам ямар учраас эрх мэдэлтнүүдэд авлига өгөх болсон шалтгааныг нууцалж байна. Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг гэдэг дээ. Зүгээр л мөнгө өгөөд байсан байж таарахгүй. Уг шалтгаан нь чухам юу байх нь иргэдийн дунд таавар болон эргэлдсээр л…
URL: