Би айхгүй!

2013041502tМонгол Улсын  гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд Төв аймгийн Цагдан хорих газарт хоригдож байхдаа ард түмэндээ хандан ил захидал бичсэн билээ. Уг захидалд хөндсөн зүйлүүд өнөөдөр ч асуудал дагуулсан хэвээр байгаа юм. Иймд Н.Энхбаярын нэг жилийн өмнө бичсэн ил захидлыг бүрэн эхээр нь дахин нийтлэв.

Миний  ард иргэд ээ,

Үнэн үг шударга ёс, эрх чөлөөг эрхэмлэгч монголчууд аа!

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Нам­барын Энхбаяр миний бие Төв аймгийн шоронгоос та бүхэндээ үнэн сэтгэлийн үгээ бичиж сууна. Өмнөх хоёр Ерөнхийлөгч хаана юу хийж байгааг та бүхэн мэдэж байгаа. Нэг нь тав арван хүнийг хагартал баяжуулж ард түмэнд ашиг нь очоогүй Таван­толгойгоос хувь авсан шигээ, нөгөөх нь Мон­голын эрх ашгийн эсрэг байгуулсан гэрээг манах үүрэг хүлээгээд Оюутол­гойн ордын ТУЗ-д олон арван сая төгрөгийн цалин авсан шигээ сууж байна. Дөрөв дэхь нь луйврын сонгуулиар худлаа амалж гарч ирээд гоё ярьж цааз хуульгүй болгоод алхам тутамдаа хууль зөрчөөд сууж байна.

Монголын түүхэнд то­дор­сон дөрвөн Ерөнхий­лөг­чийн Гурав дахь нь шо­ронд сууж байна. Яагаад? 600 өвч зэвсэглэсэн цаг­даа дайчилж 20, 30-хан хөг­шид, залуучууд, 10-аад сэтгүүлч, сурвалжлагч цуг­ласан байр руу тэгэж дайн дажин болж байгаа юм шиг сүр үзүүлэн дайрч, байшин барилга эвдэж, эргэн тойрон байгаа хү­мүү­сийн амар амгаланг ал­дагдуулж дайрав.

Яагаад охиныг минь уйлуулж, голомтыг минь сандаачиж ард түмнийг минь цочир­дуулж эрх баригчид сүр­жигнэв!

Эхлээд би өвөг дээдэс, аав, ээж, хань ижил эрдэмт багш нарынхаа үргэлж хэлж анхааруул­дагийг санагалзан 600 цагдаа сүр үзүүлэн, хүчлэн дайрч баривчлах ямар том алдаа би гаргасан юм бол гэж хийсэн алдаагаа олох гэж эргэцүүлэв.

Бурхан биш учир ал­далгүй яахав. Монголчуу­дын маань амьдрал хүнд хэцүү байгаа цагт “Би алдсан, бас алдсаар бай­на” гэж гэмших ёстой хүн гэж өөрийгөө боддог. Тийм ч учир дотроо ард түмнээсээ дандаа уучлал гуйж байдаг билээ. Харин өнөөгийн эрх баригчдын надад хүчээр тулгаад бай­гаа асуудлыг би хийгээгүй юм шүү. Япончуудын Ганданд өгсөн студийн төхөөрөмжийг би ч хувьдаа аваагүй. Харин Япон­чуу­даас Мигжиджан­райси­гийг бүтээхэд 150,0 сая төгрөг, Ганданд хэвлэлийн болон телевизийн тоног төхөөрөмж, МУИС-д хэв­лэлийн болон телевизийн тоног төхөөрөмж хан­див­луулж бэлэглүүлсэн юм.

Христийн шашныг сурталчилдаг “Ийгл” телевизийг Элбэгдорж, Баабар нар оруулж ирэхэд миний бие уламжлалт буддын шашнаа дэмжих, сурталчлах зорилгоор япон­чуудаас хувиараа сту­дийн зарим тоног төхөөрөмж өгөхийг хүс­сэн. Тэд ч хүсэлтийг маань биелүүлж Д.Чойжамц хамба бид хоёрт итгэж “Ганданд өгдгөө өгсөн, МАХН-д өгөхгүй, харин та хоёрт хувьд нь цөөн тооны тоног төхөөрөмж бэлэглэе” гэсэн. Би Ган­дангаас, ард түмнээсээ  студийн 2 камер, 1 монтажны ширээ, хэдэн микрофон булааж авахдаа тулсан арчаагүй амьтан биш. Харин уламжлалт шашиндаа туслахсан л гэж бодно доо. Тэгсээр ч ирсэн. Цаашид тэгсээр байх нь ойлгомжтой.

“Өргөө” зочид буудал хэмээх нэг хуучин байрны орц, “Улаанбаатар таймс” сонин хэмээх нурсан байшинг би хууль бусаар хувьдаа аваагүй. Тэр бай­­шинг би нураалгаагүй, нураах байсныг нь ч мэ­дээгүй. Энэ мэтээр эрх баригчдын намайг буруут­гах гэж улайран зүтгэж буй зохиомол хэр­гийг би хийгээгүй гэдгээ ард тү­мэндээ омог  бардам хэлж байна.

Тэгвэл яагаад намайг баривчлав? Монголын цагдаа хууль хяналтын байгуул­лагад надтай но­цолдохоос өөр хийх ажил байхгүй юу? Ажлаа өгөөд 3 жил болж байгаа намайг ажлаа өгсөн цагаас эхлэн элд­вээр оролдож шалгав. Ха­рин өнөөгийн эрх баригч­дын хийсэн 2008, 2009 оны луйврын сонгууль, 7-р сарын 1-ний эмгэнэлт явдал, Оюу­толгойг гадны­ханд өгсөн хариуцлагагүй гэрээ, Таван толгойд ил далд аргаар шургалан ва­гон вагоноор нүүрс гар­гаж, уул уурхайн мөнгө ха­лаасалж буй өнөөгийн эрх баригчидын луйврыг шал­гахын оронд над руу хууль хяналтын байгуул­лагын бүх хүч чадлыг төв­лөрүүлэн чиглүүлж буй нь яав ч шударга ёс тогтоох гэж биш, харин шулуухан хэлэхэд улс төрийн зорил­гоор гол өрсөлдөгчөө дарж авах гэсэн арчаагүй санаа гэхээс өөр аргагүй.

Тэгвэл эрх баригчид надаас яагаад айв?

2008, 2009 оны луйв­рын сонгуулиар гарч ирсэн эрх баригчид “ичсэн хүн хүн ална” гээч болж тэдний луйврын сонгуулийн булхайг байн байн сануулж, илчлэхийг шаардахад байж суух газраа олж ядаж байна.

Амлалтаа бие­лүү­лэ­хийг сануулж, шаардахад нойр нь хулжиж, тайван амгалан байдал нь алдаг­даж байна.

Оюутолгойн гэрээг зас гэхэд гадны түншүүд нь цаанаас нь шахалт үзүүлж, тэдний барьцаанд орсон эрх баригчид, “далд” эз­дийнхээ даалгаврыг бие­лүүлж Монголд ашиггүй Оюутолгойн гэрээг үхэн хатан хамгаалж байна. Тавантолгойн гэрээг ард түмэндээ дундын баялаг гээд 100 хувь өг гэхэд энэ ордоос хагартлаа баяжиж буй цөөн тооны оли­гар­хууд амиа тавьчихаас наа­гуур юм болж сандралдаж байна.

Долдугаар сарын 1-ний хэргийг ил тод шүү гэхэд нууцалсан хэвээр, эхлээд сонгууль луйвард­сан намуудын удирд­ла­гуудтай хариуцлага тооцох ёстой гэхэд луйвраар тө­рийн өндөр албан тушаалд очсон эрхмүүд луйвар булхайгаа далдлан нуух гэж 3 хурандаа, 1 гене­ралыг золиосолж асуудлыг хаах гэж зүтгэж байна, амь насаа алдсан 5 хүний хувьд тэднийг зөвхөн шоу болгон “бөмбөг” мэт “өшиглөж тоглож “ байна. Ар гэрийнхэнийг нь олигтойхон ч харж үзсэн юм байхгүй, бүгд тэднээс уулзахгүй цэрвэж, тойрч гүйгээд л байна.

Тэгэхлээр одоо нэг тоо бодъё. Оюутолгойн орд 287,0 тэрбум ам.доллар, амлалт 2,7 тэрбум ам.доллар гээд их мөнгө яригдаж байна. Өөрөөр хэлбэл энэ их мөнгийг алдчих гээд байна. Н.Энх­баяр, Н.Удвал, Л.Цог ба МАХН, М.Энхсайхан, Л.Батцэрэг, Ц.Цолмон ба МҮАН, Б.Жаргалсайхан, Түмэнжаргал ба БНН, Маам, Батбаатар, Наран­баатар, Бум-Ялагч нар ба МНН, бусад намууд, иргэ­ний хөдөлгөөнийхөн ний­лээд эдгээр баялагийг ард түмэнд авч өгөх гээд байна гээд бодоход эрх баригчид нойр нь хүрэхгүй байгаа шүү дээ.

Тэгээд Монголын баялгийг ард түмэнд авч өгөх, сонгуулийн хугацаа ойртох тусам эрх баригч­дын айдас нэмэгдэж, тэгэх тусам тэд улангасан улайрах нь ихэсч байна. 600 цагдаа жагсааж нэг хүнийг гэрээс нь барив­чилна гэдэг эрх баригчид үнхэлцэгээ хагартал айс­ны нотолгоо. Шүүх, прокурор, АТГ, цагдаа бүхэлдээ эрх баригчдын гарын утсан хүүхэлдэй болж, улс төрийн хэлмэг­дүүлэлтийн машин болс­ныг нотоллоо.

2008 оны луйврын сон­гуулийг хийлцэж, өөрөө 2009 оны луйврын сон­гуулиар гарч ирсэн Ц.Элбэг­дорж алхам ту­тамдаа хууль зөрчиж, хууль хяналтын байгуул­лагуудад өөрийн хань хамсаатнаа хууль бусаар томилж, улс төрийн даалгавар өгч ажиллаж байгаа нь нэгэнт ил тод боллоо.  Д.Дорлигжав, Л.Хурц нар нь хуулийн дагуу биш харин хуулийг уландаа гишгэж ажил­ладаг, үнэнийг хэлэхэд өширхөн, хуулийн бай­гуул­лагыг эзэндээ үйл­чилдэг хэрэгсэл болгосон хуулийн алуурчид болжээ. Монгол Улс маань га­даадын эдийн засгийн алуурчид дотоодын хуу­лийн алуурчдын гарт оржээ.

Эд нарын дэглэм хараахан бэхжээгүй дээр нь хамтын хүчээр түлхэн унагаах хэрэгтэй. Ард түмнээ мартан их мөнгөн дээр өөрсдөө сандайлан суух эрхээ алдахгүйн тулд өнөөгийн эрх баригчид юу ч хийхээс буцахгүй бол­жээ гэдгийг 600 цагдаа дайчлан намайг барив­чилсан хууль бус ажил­лагаа нотлов. Магадгүй тэд жаахан л эсэргүүцсэн бол далимдуулж буудах бэлтгэлтэй, тушаалтай ирс­нийг тэдний хүч тү­рэмгийлсэн үйл ажил­лагаа, өвч зэвсэглэсэн байдал нотолно.  Цаашид ч миний амийг хороохыг завдахыг үгүйсгэх аргагүй!

Монголын ард түмэн зоригтой байгаа цагт би айхгүй. Ард түмнээ зоригжуулахын тулд би айхгүй. “Ард түмнийг солино” гэж өнөөгийн эрх баригчид ичих ч үгүй ярьж байгаа.

Ард түмнийг солих ганц­хан арга байдаг. Үнэ­нийг илчилснийх нь төлөө залхаан цээрлүүлж  айлгаж чадвал!, Ард түмэн айвал гэсэн үг!  Бүү ай!

Харин ард түмэн эрх баригчдаа солих эрхтэй. Сонгуулиар саналаа МАН, АН-д битгий өг!  Ердөө л энэ. Миний ард түмэн үүнийг хийж чадна.

Өнөөдөр Н.Энхбаярыг хууль зөрчин баривчилс­наар өнөөгийн олигархийн дэглэм багаа бүрэн хууллаа. Тэдэнд ардчилал хэрэггүй, ард түмний эрх ашиг хамаагүй, тэдэнд албан тушаал нь авилга хээл хахууль, өөрсдөө ха­гартлаа баяжих нь хэ­рэгтэй юм байна. Эрх баригчид багаа хуулж үнэн хэрэг дээрээ гаднын гар хөл болсон дарангуй­лаг­чид мөн гэдгээ харууллаа.

Дарангуйлагчид зайлцгаа!

Шударга ёс ялна. Бид ялна!

Монголчууд ялна!

 

НамбарынЭнхбаяр

МонголУлсынгуравдахьЕрөнхийлөгч

Төваймаг,

Цагданхорихгазар

2012.04.18


URL:

Сэтгэгдэл бичих