Махны үнийн өсөлтийг тогтворжуулах зорилготой 87 тэрбум төгрөг хаачив

1_1365988694Жил жилийн хавар махны үнэ өсөж энэ нь инфляцийг өсгөх гол нөлөөлөл болсоор ирдэг. Гэвч дуу, шүлэг аятай сонссоор залхах тийшээ хандсан энэ асуудлын цаана өрх бүрийн амьжиргаа, иргэн бүрийн амьд явах баталгаа бий. Инфляци өсөх нь ядарсан надад хамаагүй, энэ бол төрийн томчуудын ярьдаг сэдэв гэж андуурдаг дунд болон бага орлоготой иргэд маань инфляцийн шуургад хамгийн ихээр өртдөг. Харин мөнөөх олон тэгтэй мөнгө ярьсан том­чууд мэдрэхгүй эсвэл сал­хи сэвэгнэх төдий л мэдэрдэг. Иймээс инфляци чухал, түүний гол шалтгаан болсон махны үнэ төрийн хэмжээний бодлогын асуудал болдог юм.

Тиймээс шинэчлэлийн Засгийн газар, Монголбанк “Хүнсний гол нэрийн бүтээг­дэхүүнийг тогтвор­жуулах”, “Ша­тахуу­ны жижиглэнгийн худал­дааны үнийг тогтвор­жуулах, “Өргөн хэрэг­лээний импортын бараа бүтээгдэхүүний өртгийг бууруулах”, “Барилгын сал­барыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтвор­жуу­лах” гэсэн дөрвөн дэд хөтөл­бөрийг хамтран хэрэгжүүлэх арга сэджээ.

 

2012 оны аравдугаар сарын 22-нд Шинэчлэлийн Засгийн газрыг төлөөлж  Ерөнхий  сайд    Н.Ал­танхуяг, Монголбанкийг төлөөлж тус банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Мөн үүний дагуу Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаа­лыг мөн оны аравдугаар сарын 26-нд баталж гол зарчмаа тохиролцов. Ингээд хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Монголбанк өөрт бай­сан боломжийн дагуу зээлийн шугамаа нээж эхний ээлжинд мах нийлүүлэгчдийн зооринд хадгалагдаж буй махыг барьцаалан 3,8-хан хувийн зээл олгох шинэ боломжийг санал болгосон. Энэ бол урьд хожид байгаагүй санал санаачилга юм. Магадгүй, хэн нэгэн мэргэн ухаантны толгойд ийм бодол төрсөн л байх. Гэхдээ тэр үед мөнгө байгаагүй билээ. Харин мөнгөтэй тохиолдолд энэ алхмыг хийхгүй байх нь эр зориг дутсан буюу хатуухан хэлбэл “эс үйлдлийн” гэмт хэрэг болох талтай.

Хөтөлбөрийн гол зорилт нь дунд хугацаандаа махны нийлүүлэлт багасдаг 4-7 дугаар сард махны хомсдол үүсгэхгүй байх, нийлүүлэлтийн шатанд гардаг зардлыг нь бууруулах, жижиглэн худалдааны үнийг тогтворжуулахад оршсон. Харин урт хугацаандаа том хэмжээний буюу 10 мянган тонноос дээш багтаамжтай махны зоорьтой болох, махны чиглэлийн аж ахуй эрхлэх сонирхлыг бий болгох, дэлхийн стандартад нийцсэн мал нядалгааны цехүүдийг орон нутагт байгуулахад бодлогоор болон хөрөнгө оруулалтаар дэмжих зэрэг асуудлуудыг зорилтоо болгожээ. Урьд нь ийм зорилт байгаагүй биш байсаан. Тэр тусмаа 2010-2011 онд нэмэгдсэн ч гэж хэлж болно. Гэхдээ арга механизм, хяналт, зохион байгуулалт нэн сул байснаас хэрэгжилт нь үр дүнд хүрээгүй юм. Тиймээс ч махны нөөц бүрдүүлэх арга хэмжээний нэр хүнд унасан гэж хэлж болно.

Энд тодорхой жишээ дурьдъя. 2011 онд мал сүргийн тоо толгой 36,3 саяд хүрч өмнөх оныхоосоо 11 хувиар өссөн гэх сайхан тоо бий. Үр дүнд нь нөөцийн махны хэмжээг нэмж 16 мянган тонн мах заавал байлгахаар шийдвэрлэсэн. Гэтэл яагаад 2012 оны хавар махны үнэ түүхэнд байгаагүйгээр өсөх болов? Тэр ч байтугай үнэхээр 16 мянган тонн мах нөөцөд авсан эсэхийг хэн тоолж үзсэн юм бэ гэх эргэлзээ төрөхөд хүргэв. Яагаад? Тэгэхээр тухайн үед УИХ-ын тогтоолын “Гол нэрийн хүнсний барааны нийлүүлэлтийн тогтвортой найдвартай тогтолцоог бий болгох” гэх урт нэртэй заалт болон Засгийн газрын бодлого нь үр дүн муутай байжээ.

Тэгвэл шинэчлэлийн Засгийн газар хийгээд Монголбанкны одоогийн бодлого юугаараа өөр юм бэ? Юуны өмнө  дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ Засгийн газрын оролцоог оновчтой, үр ашигтай, тодорхой болгосон. Мөн шатахууны жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой байлгах, импортын тээврийн зардлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч байгаа нь нөөцийн мах бэлтгэх гэх үйл ажиллагааг өөр харагдуулж байгаа юм.

Хамгийн гол нь Монголын төр урьд нь нэг килограмм мах тутамд 800-1000 төгрөг өгье гэж мах бэлтгэгч хувийн хэвшлийнхний “инээдийг хүргэж” аманд нь багтдаг байсан бол энэ удаад 3,8 хувьтай зээлийг санал болгож хариуд нь хүссэн шаардлагаа тавьж байна. Тэрхүү хүссэн шаардлага нь ард иргэдэд чанартай эрүүл махаар үйлчлэх, түүнийгээ зорилтот түвшинд шударгаар хүргэх явдал юм. Өнөөдөр хувийн хэвшлийнхний  хувьд арилжааны банкнаас авах зээл 15 хувьтай байгаа тохиолдолд 3,8 хувийн зээл өгнө гэдэг бол ёстой л “Зүүд биш байгаа даа” гэмээр хөнгөлөлт яах аргагүй мөн. Дээр нь зоорин дахь махаа барьцаалж зээл авна гэдэг бүр ч “үзэгдээгүй юм” гэж хэлж болно.

Ингээд 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргаж өглөө. Монголбанкны зүгээс чадах л зүйл нь энэ. Одоо бол сөрөг хүчнийхэн “87 тэрбумыг зүгээр тараачихлаа” гэж яриад байгаа. Үнэн хэрэгтээ уг зээлийг авсан аж ахуйн нэгжүүд эрсдэл хүлээж зээл авсан юм шүү дээ. маш том эрсдлийг үүрсний хариуд зээл авсан. Хариуцлагагүй хандах буюу өчүүхэн л хазгай гишгэхэд хаалгаа барихад ч хүрч мэдэх тийм том эрсдэл.

Махны үнийн өртгийг нэмэгдүүлж байгаа гол нөлөө нь мал худалдаж авах, нядалгаа, тээвэрлэлт, зээлийн хүүгийн зардал зэргээс шалтгаалж байна. Эдгээрээс зөвхөн зээлийн хүүд л төр нөлөөлж чадна. Бусдад нь нөлөөлөх боломжгүй. Монголбанкны зүгээс махны нөөцийн менежер нь зоорин дахь махны нөөцөө барьцаанд тавиад хөнгөлөлттэй зээл олгох болж байна. Зээлийн хүүг тогтоохдоо Монголбанкнаас тогтоосон хүүн дээр оролцогч банкны хүүний маржины дээд хязгаарыг нэмж тогтоон гурван жилийн хугацаатайгаар олгохоор төлөвлөсөн. Энэ бол том боломж. Мөн дэд хөтөлбөрт оролцогч банкинд олгосон нийт зээлийн дүнг дунд хугацааны Засгийн газрын үнэт цаасаар солино гэж хамтарсан тушаалд баталчихсан байгаа.

Түүнчлэн жижиглэнгийн худалдааны үнийн талаарх мэдээллийг ҮХААЯ-аас тогтмол авч байх, оролцогч банкнаас хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн ашиглалт, эргэн төлөлтийн талаарх мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэж байхаар заасан. Харин махны нөөцийн менежерүүдийн зүгээс уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх итгэл даах чадвар, махны нөөц бэлтгэх, түүнийгээ зохих стандартын дагуу хадгалах, ангилан савлах, түгээх  хүчин чадал нь гол үзүүлэлт болж буй. Үүнд ҮХААЯ-аас гадна нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэг­лэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болон бусад газартай хамтарч ажиллах, харилцан хяналт тавих учиртай.

Энэхүү “төгс ажиллагаа”-нд нэг л учир дутагдалтай тал одоогоор анзаарагдаад байгаа юм. Тэр нь жижиглэнгийн худалдааг хяналтадаа оруулах боломжгүй байгаа явдал. Өөрөөр хэлбэл “Жаст агро” ХХК нөөцийн махаа 1,5-3,8 кг-аар савласан. Гэтэл иргэд 500 граммаар, эсвэл өрөөлөөр буюу гулуузаар авах зэргээр өөрсдийн хэрэгцээ, боломжоор авахад энэхүү “норм” таарахгүй байна. Тиймээс нөөцийн бус махыг жижиглэн худалдаачдаас авдаг аж. Товчхондоо хороо хорин бүрт нийт 367 цэгт нөөцийн махаа худалдсаар байтал иргэн Дорж хүссэн хэмжээгээрээ мах авахын тулд хүнсний зах руу гүйчихээд байсан хэрэг. Гэтэл “Жаст агро” хамтарсан тушаалаар баталсан үүргээ маш сайн биелүүлж 9000 тонн мах нөөцөлсөн нь Монголын махны зах зээлийг хуу хамчихсан гэхэд хилсдэхгүй. Тиймээс хомсдол үүсч үнэ өсөх гээд, өөрөөр хэлбэл үндсэн зорилтдоо хүрч чадахааргүй нөхцөл байдлыг авчрахдаа тулжээ. Гэхдээ төр ч “Жаст агро” ч иргэдийг хохироолгүй харилцан ашигтай түншилж зорилгодоо хүрэхийг эрмэлзэж байна. Тэд алдаагаа засаж өнгөрсөн долоо хоногт “Нэг өрх, нэг гулууз” нэртэй өргөтгөсөн худалдааг зохион байгуулжээ. Олигтой үр дүн харагдсан эсэх талаар эцсийн дүн хараахан гараагүй байна. Ямартай ч зооринд мах хангалттай байгаа аж. Харин үнийн хувьд хүнсний захууд дээр үхрийн ястай махыг 8500 төгрөгт, хонины ястай махыг 7750 төгрөгт, ямааны ястай махыг 5900 төгрөгт барин тогтворжуулахыг тэд хүсэж байна. Махны үнийг тодорхойлогч хүнсний гурван том  зах дээр тогтмол нийлүүлэлт хийж, махны худалдаа эрхлэгчидтэй шууд харилцаа тогтоосноор үхрийн ястай махны үнийг 229 төгрөгөөр буюу 2,7 хувиар, хонины ястай махны үнийг 329 төгрөгөөр буюу 4,2 хувиар, ямааны ястай махны үнийг 300 төгрөгөөр буюу 5,1 хувиар бууруулах нь тэдний зорилт. Харин энэхүү дэд хөтөлбөрийг огт хэрэгжүүлээгүй байсан бол дээрх хүнсний захууд дээр махны дундаж үнэ 15 мянган төгрөгт хүрэх байсан гэдгийг баттай эх сурвалжууд хэлж байна. Магадгүй л юм. Ердөө хоёрхон өдрийн дотор 200 гаруй тонн нөөцийн мах зарчихсан гээд бодохоор монголчууд үнэхээр “аугаа махчин түмэн” төдийгүй Үндэсний статистикийн хорооноос гаргаж буй судалгаанаас   өрхийн хэрэглээнд эзлэх махны хэмжээг харахад яах аргагүй инфляцид махны үзүүлэх нөлөө чамлахааргүй болох нь харагддаг. Юутай ч тодорхой хугацааны дараа махны хомсдолоос урьдчилан сэргийлэх “ерөндөг”-тэй болсон байх нь. Ингэснээр махны үнийн гэнэтийн өсөлтөөс сэргийлээд зогсохгүй инфляци нэг оронтой тоонд хүрчихлээ. Үүнийг хэн ч урьдчилан харж чадаагүй. Итгэх хүн ч цөөн байсан. 87 тэрбум төгрөгийн үр дүн энэ.

У.Оргилмаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих