Өгсөн нь буруудаж, авсан нь завших нь шударга ёс уу? Х.Тэмүүжин сайдаа

9a8b026ccd5cb41dbigNews.mn сайт дээр “Ховдын засаг дарга асан Г.Нямдаваагийн шүүх хурал удахгүй болно” гэсэн гарчигтай мэдээ оржээ. Мэдээний агуулгыг авч үзвэл Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Нямдаваа 2011 онд Засаг даргаар ажиллаж  байхдаа “Баруун Монгол интернэшнл” компанид малын мах боловсруулах үйлдвэр барихад нь зориулан аймаг хөгжлийн сангаас 350.0 сая төгрөг олгосон  хэрэгт буруутгагдаж байгааг дурьдаад, төлөвлөгдсөн энэхүү  мах боловсруулах үйлдвэр одоо ч баригдаагүй тухай өгүүлжээ.

Тухайн үед  “Баруун Монгол интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар  аймгийн АН-ын дарга,  АН-ын “нэг ардчилал” фракцийн гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний дотнын найз, өдгөө ГИХАЭГ-ын дарга  Б.Пүрэвдорж гэх нөхөр ажиллаж байсан.

Б.Пүрэвдорж өмнө нь гаалийн байгууллагад  хариуцлагатай ажил хашиж байсан боловч эрхэлсэн ажилдаа  тэнцэхгүй гэдэг шалтгаанаар, ГЕГ-ын даргын тушаалаар ажлаасаа халагдаж байсан нэгэн.

Мань эр тэр үеэс “Баруун Монгол интернэшнл”-ийг байгуулж, аймгийн ИТХ-ын болон бас бус хүмүүстай “хор найруулж”, аймаг хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс  Ховд аймагт мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр  барина  хэмээн итгүүлж, Засаг дарга Г.Нямдаваагийн зөвшөөрөлтэйгээр   хоёр удаа нийт 850.0 сая төгрөг гаргуулж чадсан байдаг.

Б.Пүрэвдорж энэ мөнгийг авсныхаа дараахан шинэ LAND 200  автомашин  худалдан авсан төдийгүй, Улаанбаатар хотод ирээд буцахдаа Ховд аймагт АН-аас өөрийнхээ нэрийг дэвшүүлэн өрсөлдөхөөр болсон тухай Ховдын иргэд ам уралдан ярьдаг. Мөн УИХ-ын сонгуулийн  сурталчилгааны үеэр одоогийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Ховдод удаа дараа очиж, АН-аас нэр дэвшигч Б.Пүрэвдорж дэмжихийг сонсогчидоос уриалсан байдаг зэрэг нь дээрх махны үйлдвэр барих хоёр удаа нийт  850.0 сая төгрөг Б.Пүрэвдоржийн хувийн хэрэгцээ,  УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны зардал болон Х.Тэмүүжин сайдын “гал цогтой дэмжлэг”-ийн зардал болоод үрэгдсэн гэж хардах үндэслэлтэй байгаа юм.

Б.Пүрэвдорж гэдэг энэ хүн мэдлэг чадвараар дульхан  хирнээ, Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нэг нутаг гэдгээрээ “түрий барин”, Ерөнхийлөгчийн дүү хэмээн өөрийгөө энд тэнд өргөмжилж явдаг төдийгүй,  АН-ын “Нэг ардчилал”   клубын санхүүгийн асуудлыг шийдэхэд оролцдог  түүнийг АН, Монгол улсын  онцгой чухал  байгууллагуудын нэгний даргаар ажилд томилсон нь нүдээ олоогүй хэрэг гэж үзэх хүмүүс олон байна.

Энэ тухай УИХ-ын чуулган дээр Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж “Ховдын махны наймаачин нөхрийг улсын чухал газрын даргаар томиллоо” хэмээн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн нүүрийг улайтал загнаж байсныг олон хүн TV –ээр харж, түүний өмнөөс санаа зовж байсан нь саяхан.

Ийнхүү аймаг хөгжүүлэх хөрөнгөөс худал ярин, бусдыг итгүүлж завьшсан нь төрийн өндөр алба хашиж байхад,  түүний хуурамч залинд итгэж мөнгө гаргаж өгсөн нэг нь АТГ шалгагдаж байна. Зүй нь бол АТГ-аас  Г.Нямдаваа болон, Б.Пүрэвдорж хоёрыг хоёуланг нь шалгавал зохилтой. Энэ шалгалт хэрэв үргэлжлэх юм бол Б.Пүрэвдорж Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө түүний нэрийг “шороотой” хутгаж мэдэхээр байгаа юм.

Олон хүмүүс АТГ-ыг,  АН-ын  албан тушаалтнаас шалгадаггүй гэдэг. Гэвч АТГ шударга ажилладаг нь үнэн л юм бол зайлшгүй ГИХАЭГ-ын дарга  Б.Пүрэвдоржийг “төрийн мөнгөөр сонгуульд оролцсон” гэдэг үндэслэлээр  шалгах ёстой. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин түүнийг  хаацайлж, хамгаалж магадгүй л  юм.

Хамгийн их шударга ёс ярьдаг сайд маань хамгийн шударга бус явдалтай “найз”-ыгаа  Монгол улсын чухал албаны даргаар томилуулж байгааг юу гэж ойлгох вэ?

Ц.Мөнх.ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих