Монгол төрийн филантрофист удирдагч

20305c42c61cb3e3e91800450b3bddcd127e6f14Нэгэн мянга наян есөн оны хаврын дулаахан нэгэн өдөр өрхийн тэргүүн Цэвэгжавын Дамдин ар гэртээ мишээл дүүрэн царай гэрэлтүүлэн орж ирж эхнэр Долгоржавтаа бид байртай боллоо хэмээн шинэхэн байрны түлхүүр халааснаасаа гарган ирж гэр дүүрэн хүүхдүүдийн хамт баяр хөөр болцгоов.
Ц.Дамдин нь 1960- аад оны үед нийслэл хотноо эхнэр арван хүүхдийн хамт нүүн ирж өдгөөгийн Баянцээл худалдааны төвийн хажууханд өөрийн гэрээ барьж нийслэлийн 21, 30, 33-р сургуульд дүрслэх урлаг, хөдөлмөрийн багшаар ажиллажээ. Энэ үеэс тэрээр өөрийн гэсэн байртай болохоор хөөцөлджээ. Өөрийн ажилладаг байгууллага, тухайн үеийн нийслэл хотын захиргаанд удаа дараа өөрийн амьдралын талаар санал хүсэлтээ өргөдлөөр, амаар тавьжээ. Тухайн үеийн нийслэлийн удирдлагууд болох Л. Энэбиш, Мөнхжаргал нарын хүнд сурталтнуудын захирамж эгэл жирийн багш хүний нуруунд хэрхэн бууж байсан нь өргөдлийн хариунаас нь тодхон харагдана.
Үүнийг би бээр өвөө болох Ц.Дамдины улсаас байр хүссэн бүхий л бичиг баримт, зарим байгууллагын хариу өгсөн баримтуудыг нэг бүрчлэн судалж үзсэний хувьд мэдэх бөгөөд социализмын үеийн Монгол улсад улсаас байр авна гэдэг нэг талаар асар их дарамттай зүйл болохыг ойлгож авсан.
Тиймээ коммунист Монголд амьдарч байсан миний өвөөд мөрөөдөл байсан. Тэрээр өөрийн мөрөөдлийн төлөө амьдралынхаа туршид тэмцсэн. Олон цагийн ажлаа хийж ирээд өргөдлөө шинээр бичиж олон байгууллага, дарга нарын үүдийг хэдэн цагаар сахиж суухад өвөөд минь амаргүй байсан. Түүний мөрөөдөл улсаас байр авах явдал. Арван хүүхдээр улсдаа бүл нэмсэн өвөө минь ар өврийн хаалгаар амархан олдоод байгаа атлаа өөрт нь олдохгүй байгаа тэр байрыг авахаар нэг ёсны тэмцэл хийсэн.Магадгүй өнөөдрийн зарим уншигч энийг уншаад инээд нь хүрч болох юм. Гэхдээ тэр үеийн Монголын нийгэмд байр авах их хүнд даваа байлаа.
Хотын захиргаа, орон сууцны комисс зэрэг олон газраар явахдаа өвөө маань нэгэн референттэй танилцаж өөрийн зорьж яваа хэргийн тухай ярьсанаар байртай болох боломжийг өөртөө олж авчээ. Өвөөд минь тусалсан тэрхүү хүн Монгол төрийн их удирдагч Жамбын Батмөнх гуайд бодит байдлыг танилцуулахад шууд тэр дор нь зөвшөөрч холбогдох хүмүүст арга хэмжээ авахыг даалгасан байдаг.
Хожим өвөө минь тэрхүү референт болон Ж.Батмөнх гуай нарт баярлаж явдгаа хэлж байсан.
Монгол төрийн удирдагч Ж.Батмөнх гуай эгэл жирийн ардынхаа дунд орж амьдарч чаддаг, тэдний зовлон жаргалыг зүрх сэтгэлээсээ ойлгож чаддаг, хүнлэг даруу, эгэл хэрнээ эгэл бус гайхамшигт удирдагч байжээ. Тэрээр өрнөдийнхний ойлголтоор туйлын филантрофист үзэлтэй хосгүй удирдагч байлаа. Ж.Батмөнх гуай гадаадад айлчлахдаа эхнэр хүүхдээ авч явж улсын мөнгийг үрэх дургүй, малчин ардтайгаа юм ярихдаа хүртэл: “би ойлгомжтой ярьж байна уу” хэмээн асуудаг нинжин сэтгэлтэй, нэрт сурган хүмүүжүүлэгч байлаа. Талханд дугаарлаж зогсож байхдаа хүнд даруулж нас барсан хүүхдийн тухай сонсоод тэр эрхэм хүмүүний зүрх зогссон нь ямархан хайрлам удирдагч байсныг нь илтгэнэм.
Эл нийтлэлийг тэрлэгч би бээр 1990- ээд оны дунд үед тэрхүү тэнгэрлэг удирдагч даруухан хувцаслаж нэгэн бяцхан хүүхэд хөтлөөд өнөөгийн 13- р хорооллоос кино үйлдвэр хүртэл аажуухан алхаж явахыг нэлээд олон удаа хардаг байснаа нуух юун.
Ардчилсан хувьсгалын ялалтын тал хувийг энэ эрхэм хүний оролцоотой бүтсэн гэж би бээр сэтгэдэг.
Ардчилсан хувьсгалаас хойшхи олон дарга нар энэ хүний чигчий хуруунд ч хүрэхгүй байгаа нь ичмээр бөгөөд эмгэнэлтэй.
Жамбын Батмөнх тань шиг Тэнгэрлэг аугаа удирдагч хөх Монголд минь дахин төрөх болтугай.

Нэгэн хүмүүнээс…

http://www.sonin.mn/news/politics-economy/15138


URL:

Сэтгэгдэл бичих