Мелисса хар салхи Ямайка улсыг чиглэж байна
АНУ-ын цаг уурчдын судалж тогтоосноор энэ жилийн хамгийн хүчтэй догшин хар салхинд тооцож буй Мелисса Карибын тэнгисийн Ямайка улсыг чиглэн ирж байна. Хар салхи өнөөдөр Ямайка улсын нутаг дэвсгэрт хүрч, хүчтэй аадар бороо, үер дагуулан улмаар хөрсний гулсалт үүснэ гэж цаг уурчид сэрэмжлүүлж байна.
Мелисса догшин хар салхийг хамгийн аюултай буюу тавдугаар түвшний аюул дагуулж, гамшгийн нөхцөл байдал нүүрлэхийг мөн анхааруулж байгаа юм. Одоогоор хар салхи 282 км/ цагийн хурдтай шуурч байна.
Төв Америкийн бүс нутагт хамаарах Ямайка улсыг чиглэхээсээ өмнө Мелисса догшин хар салхи Хайти болон Доминиканы Бүгд найрамдах улсуудад хүрч шуурсан. Эдгээр улсуудад хар салхи шуурах үеэр дөрвөн хүн амь эрсэдсэн байна.
Цаг уурчид догшин хар салхины аюулаас сэрэмжлүүлж байгаа тул Ямайка улсад байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Эргийн бүсийн оршин суугчдад сэрэмжлүүлэх дохио өгч, шаардлагатай тохиолдолд түр орогнох газарт очихыг хүслээ.
Мелисса хар салхи мягмар гаргийн өглөө 05:00 цагаас орой 17:00 цаг хүртэл буюу 12 цагийн турш Ямайкагийн баруун эрэгт шуурсныхаа дараа Куба улсыг чиглэнэ гэдгийг анхааруулж байна.
АНУ-ын Засгийн газар Карибын орнуудад оршин сууж байгаа болон аялж амарч байгаа иргэд, Элчин сайдын яам, консулын газрын ажилчдаа нэн даруй аюулгүй газарт түр орогнох заавар зөвлөмжийг өгөөд байна.
Мелисса нь Атлантын далайд шуурч байгаа 13 дахь хар салхи бөгөөд энэ жилийн зургаадугаар сараас арваннэгдүгээр сарыг дуустал шуурна гэж цаг уурчид урьдчилан таамаглаж байна. Хар салхины төвийн даралт болон үүсгэж буй салхины хүчийг тооцоолж АНУ-ын цаг уурын газар 2025 оны хамгийн хүчтэй догшин хар салхи гэж дүгнэжээ.
Хар салхи Ямайкаг чиглэсэн тухай мэдээлсний дараа АНУ-ын хамгийн өмнөд эрэг дэх Флорида муж дахь сайн дурын ажилтнууд тусламжийн багц бэлдэж эхэлсэн байна. Ямайкагийн хар салхинд өртсөн иргэдэд тусламж үзүүлнэ гэж сайн дурын ажилтнууд мэдэгдлээ.
Ямайкагийн Засгийн газар хар салхинаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд нийслэл төдийгүй хүн ам хамгийн шигүү оршин суудаг Кингстон хотын иргэдийг хэсэгчлэн түр хорогдох байранд шилжүүлэх дүрэм журам гаргасан байна. Тус улсад энэ аравдугаар сарын турш бороо орсон тул аль хэдийнэ үерийн гамшигт өртсөн, уулархаг бүсэд хөрс гулсаж гарз хохирол амсаад байгаа гэдгийг эрх баригчид мэдээлжээ.
Тус улсын хэмжээнд нийт 881 түр хорогдох байр байдаг бөгөөд бүгдийг нь бэлдэж идэвхжүүлсэн байна.

Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих