Ногоон байгууламжийн газарт хууль зөрчин барилга барьж байгааг иргэд эсэргүүцлээ

image-d71230a2-0fb9-476f-b92f-d24ea7743af6РЦНК орчимд хууль зөрчиж ногоон байгууламжийг устган 3 га газарт орон сууцны хотхон барихыг эсэргүүцэн тэр орчмын оршин суугч иргэд суулт зарлахаар болсон талаараа мэдээлэл хийлээ.
Тодруулбал, 2012 оноос хойш РЦНК орчмын 3 га газрын ногоон байгууламж барина гэсэн нэрийдлээр орон сууц барьж буй хууль бус үйл ажиллагааны улмаас эрх ашиг нь хөндөгдсөн оршин суугчид, иргэд 4000 гарын үсэг зурж тэмцэж байгаа болов ч өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй явсаар байгаа аж. Энэ жилийн наадмын үеэр Барилга, хот байгуулалтын яамнаас тухайн газрын бүс хэсгээс 4 газарт зөвшөөрөл олгож хашаагаа барьж эхэлсэн байна.
Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн, оршин суугч Т.Уянга: Тэр газар бол нийслэлийн хамгийн их хүн амын нягтаршил ихтэй бүс. Хажууд нь Сэлбэ гол урсаж байгаа. 2024 оны есдүгээр сарын 9-нд тэр 3 га газрыг усан сан гэж нийслэлээс бүртгэсэн. Хууль дүрэмдээ болохгүй гэж заасан байхад голын эргээс бараг 10 метрт хашаа бариад эхэлчихсэн. Одоо суурь нь тавигдаад явж байна. Иргэд, оршин суугч, нийслэлчүүд мөн байгаль орчин гээд олон зүйл хохирч байна. 
73-р байрны оршин суугч Б.Болормаа: Манай байр тоглоомын талбайгүй. Хоёр ачаа хөтлөөд тоглуулах газар хайгаад явдаг. Хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд өсөх ёстой. Цэвэр агаараар амьсгалах ёстой. Гүйж харайж, тоглох ёстой. Гэтэл тэр орчныг тэр хавиасаа хайгаад олдоггүй. Би тэр орчныг үр хүүхдүүдийнхээ төлөө шаардаж байгаа. Үндсэн хуулиар олгосон хүний эрхээ шаардаж байна. Мөн Монголын шүүгч, хуульчдад хандан хэлэхэд дандаа иргэдийн эсрэг шийдвэр гаргаж байдаг. Монгол Улсын үндсэн хууль, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх энэнээс дээгүүр өөр ямар хууль байдаг юм бэ? Хүний эрхийн энэ хуулиас бүх хуулиуд салбарлаж гардаг. Гэтэл иргэдийн амьд, эрүүл явах эрх зөрчигдөөд байхад ямар шийдвэр гаргаад байдаг юм бэ? Эрхэм хуульчид аа.
-Тэр орон сууцанд захиалга өгсөн иргэд байгаа болов уу?
Хүүхдийн эрхийн зөвлөх С.Энхтуяа: Орон сууцанд захиалга авагдаагүй байгаа. Иргэддээ уриалахад иймэрхүү маргаантай газар битгий захиалга өгөөрэй. Яагаад гэвэл гэнэт тэр барилгын чинь зөвшөөрөл цуцлагдаад байшин чинь баригдахгүй бол мөнгөөрөө хохирно шүү. Би хүүхдийн эрхийн зөвлөх, тэр утгаараа энэ барилга байгууламж нь хүүхдийн эрхийг маш олон талдаа зөрчиж байгаа. Ирээдүйд тэр байранд амьдрах юм бол хүүхдүүд гадаа тоглож чадахгүй, нарны гэрэл үзэхгүй. Тэр дотор бас нэг сургууль барих гээд байгаа юм. Сургууль чинь өөрөө стандарттай. Гадаа тоглоомын талбайтай, биеийн тамирын заалтай байх ёстой. Зүгээр л иргэдийг хуураад бага сургууль байгуулна гэж байгаа юм. Тийм жаахан орон зайд сургууль байгуулж чадахгүй шүү дээ. 


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих