БНХАУ шинжлэх ухаан, технологийн залуу мэргэжилтнүүдийг татах зорилгоор шинэ төрлийн виз нэвтрүүлнэ
БНХАУ-ын K виз нь аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик (STEM) чиглэлээр ажилладаг гадаадын залуу мэргэжилтнүүдэд зориулагдана.
Хятадын Төрийн зөвлөлийн мэдээлснээр, энэхүү виз нь нас, боловсролын түвшин, ажлын туршлагад тодорхой шаардлага тавих боловч дотоодын ажил олгогч эсвэл урилгатай байхыг шаардахгүй, мөн өргөдөл гаргах үйл явц илүү хялбар байх аж.
Тавигдах дэлгэрэнгүй шаардлагуудыг Хятадын Элчин сайдын яам, Консулын газрын вэбсайт дээр байрлуулна. Хятадын төв телевизийн мэдээлснээр K визийг нэр хүндтэй дотоодын болон олон улсын их сургууль, судалгааны байгууллага төгссөн эсвэл тэнд судалгаа, боловсролын чиглэлээр ажиллаж буй залуус авах боломжтой аж.
Одоогоор БНХАУ-д 12 төрлийн энгийн виз байдаг ч K виз нь олон удаагийн нэвтрэх эрх, хүчинтэй байх хугацаа, оршин суух хугацааны хувьд илүү давуу талтай гэжээ.
Энэхүү алхам нь Бээжингийн 2035 он гэхэд технологийн гүрэн болох зорилгын нэг хэсэг бөгөөд АНУ-тай өрсөлдөхөд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэхийг чухалчилж байна. Хятадын “Авьяаслаг залуу эрдэмтдийн хөтөлбөр” нь Ази, Африкаас судлаачдыг татах зорилготой бол “Гадаадын шилдэг залуу эрдэмтдийн сан”-гийн төсөл нь дээд түвшний байгалийн шинжлэх ухаан, инженерийн мэргэжилтнүүдийг урих зорилготой.
АНУ-д харин зарим судлаач, эрдэмтэд төрийн санхүүжилт багасч, тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа тул эх орноо орхин гарах хандлага нэмэгдэж байна. Мөн 2018 онд Дональд Трампын эхний бүрэн эрхийн үед эхлүүлсэн, эдийн засгийн тагнуулын хэргээр Хятад гаралтай судлаачдыг ялгаварлан шалгасан гэж шүүмжлэгдсэн “China Initiative” дахин сэргэж болзошгүй гэсэн айдас нэмэгдэж байна.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих