Моданно: Бүжиглэж олсон мөнгө амьдралд хүрэлцдэггүй байлаа

Дэлхий дахинаа “мөнхийн залуу” тодотголтой, попын алдарт дуучин Мадонна хэвлэлийнхэнд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй. Нэг үгээр хэлбэл тэрбээр хэвлэлийнхнээс “харшилтай” гэсэн үг. Харин энэ удаа “Си-Эн-Эн”-ий алдарт хөтлөгч Ларри Кинг өөрийн ток шоундаа Мадоннаг оролцуулж дөнгөжээ. Тэрбээр “төмөр” хатагтайтай “Swept Away”кино болон амьдралынх нь тухай хөөрөлдсөн юм. Ингээд уншигч Танд эл ярилцлагыг тоймлон хүргэе.
-Хэвлэлийнхэнд харшилтай алдарт дуучин, дэлхийн брэнд Мадонна манай студид хүрэлцэн ирээд байна. Алга ташилт үзэгчдээ… Миний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн Танд талархал илэрхийлье!
-Баярлалаа, Ларри. Чи ч өдөр ирэх тусам залуужаад байх юм аа. Чамд наад цамц чинь догь зохисон байна шүү. Мөн намайг дэмждэг, миний цомгийг тэсэн ядан хүлээдэг үнэнч шүтэн бишрэгчдэдээ энэ өдрийн мэнд хүргэе.
-Уулзалгүй удсан байна. Гай Ричи /Мадоннагийн нөхөр/ та хоёр сайн биз дээ. Саяхан сүр дуулиантай нээлтээ хийсэн “Swept Away”-ээс хойш ямар ажил амжуулав?
-Маш их ажил амжууллаа. Европыг тойрсон аялан тоглолтоо өндөрлүүллээ. Америкийн хэд хэдэн том хотоор аялан тоглосон юм байна. Мөн дараагийн хийх киноныхоо санааг олсон гэх мэт олон сайхан ажил амжуулсан шүү.
-Гай Ричи “Би ямар нэгэн уран бүтээл хуулбарлах дургүй” гэж ярьж байсан санагдана. Гэтэл яагаад “Swept Away”-г дахин бүтээчих вэ?
-Анхандаа тийм бодолтой байсныг нуухгүй. Гэхдээ бид хоёр “Swept Away”-г үзээд дахин бүтээх нь зөв юм байна гэдэгт санал нийлсэн. Ямарваа нэгэн зүйл цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж байдаг. 1960-аад оны дуунууд өнөөдөр ч эгшиглэсээр байна шүү дээ. Тийм болохоор сайн уран бүтээлийг дахин хийхэд болохгүй зүйлгүй гэж бодсон.
-Айхавтар таагүй ааштай хү ний дүр бүтээхэд хүндрэлтэй байв уу?
-Надад харин ч эсрэгээрээ эерэг талын дүр шиг санагдсан.
-Яагаад тэр билээ?
-Хорон санаат шулмын дүрийг бүтээхэд хөгжилтэй байсан учраас / инээв/.
-Ойрын үед амьдралд тань ямар өөрчлөлт гарсан талаар сонирхуулаач?
-За даа, ойрын нэг жил би хоёр ертөнцийн ялгааг маш ихээр мэдэрлээ.
-Учир битүүлэг хариултын учрыг ухаж ойлгохгүй юм. Ямар учиртайг тайлбарлаад өгөөч?
-Би хүн болж төрсөн энэ хорвоо дээр маш том хоёр буян үйлдсэн юм байна. Энэ нь юу вэ гэхээр нэгдүгээрт, охин үр төрүүлсэн, хоёрдугаарт, хүү төрүүлсэн. Охид бол өөрийгөө ойлгуулахдаа жаахан тааруу юм шиг санагдсан. Харин хөвгүүд бол хүчирхэг, өөрийгөө ойлгуулахдаа хурдан бас автомашин, техник, компьютерт сонирхолтой байдаг юм билээ.
-Тэгээд энэ хоёр ертөнцийн аль нь Танд таалагдав?
-Аль аль нь таалагдсан. Би хоёр хүүхдэдээ ялгавартай ханддаггүйг Та эрхбиш гадарлах байлгүй дээ.
-Г.Ричи хэнд нь илүү хандаж байна?
-Бас л надтай адилхан эн тэнцүү хайрладаг байх.
-Та хойд ээжийн гар дээр өссөн хүн. Дагавар хүүхдийн асуудал тийм ч амархан шийдэгддэггүй гэдэг?
-Аав минь намайг хайрладаг байсан болохоор хойд ээж надад хатуу хандаж чаддаггүй байсан юм. Харин би хойд эхийгээ хүлээн зөвшөөрдөггүй байсан. Тийм болохоор надад биш түүнд хэцүү байсан байж магадгүй.
-Мадонна нэрийнхээ учрыг тайлбарлаад өгөөч?
-Миний ээжийг Мадонна гэдэг байсан. Тэгээд ээжийг минь өнгөрсний дараа намайг Мадонна гэж дуудах болсон.
-Сиккон гэдэг овгоо хэрэглэдэггүйн учир юу вэ. Зарим хүн “Аавдаа гомдсон болохоор” гэж ярьдаг?
-Тэд дэндүү хадуурсан байна гэж хэлье. Би анхныхаа студитэй гэрээ хийхдээ Мадонна Сиккон гэж нэрээр хийсэн юм. Тэгээд уран бүтээлээ туурвиад явж байсан нэг л мэдэхэд Мадонна болчихсон байсан.
-Өөрөөсөө 10 насаар дүү хүнтэй амьдралаа холбоход багагүй асуудал тулгарсан биз?
-Яалаа гэж дээ, Ларри. Хайр дурлалд насны хязгаар байдаггүй юм шүү дээ. Тийм болохоор Гай Ричи бид хоёрын дунд ямар нэгэн асуудал гараагүй. Харин шар хэвлэлээр гарч байсан худал мэдээллүүд багагүй хүндрэл учруулсан. Ер нь хүн хэнтэй амьдрах вэ гэдэг нь зүрх сэтгэлийн асуудал гэж би ойлгодог. Хэн нэгний заавар зөвлөгөөгөөр амьдрал зохиож болдоггүй юм. Зүрх сэтгэлээ дагасан хүн алддаггүй гэдгийг би өөрийнхөө амьдралаар батлан харуулна.
-Холливудын оддын амьдрал богино настай байдаг. Танд таагүй санагдаж магадгүй юм. Гэхдээ тийм хувь тавилан тохиолдвол Та яах вэ?
-Бид хоёрын харилцаанд атаархсан багагүй хүн байдгийг би мэднэ. Тэр хүмүүс бидний харилцааг удаан үргэлжлээсэй гэж бодохгүй байгаа нь мэдээжийн хэрэг. Харин би болон миний хайртай залуу насан туршдаа хамт амьдрахыг хүсч байгаа. Тэгэхээр бид хоёрын амьдралын түүх тийм богино байхгүй л болов уу.
-Таагүй асуултад сайхан хариулт өглөө. Энэ сайхан хариултын төлөө баяр хүргэе, үзэгчдээ. Дуучин болохоосоо өмнө бүжигчин байсан гэж сонссон юм байна?
-Та хүний амьдралыг ухаж төнхөхдөө гаргууд юм, Ларри. Дуулахаасаа өмнө Манхеттэн хотод бүжиглэдэг байсан минь үнэн л дээ. Гэхдээ миний бүжиглэж олсон мөнгө амьдралд минь хүрэлцдэггүй байсан юм. Тийм болохоор хөгжимт жүжгийн театрт орохоор шийдэж шалгалт өгөөд тэнцчихсэн. Үүний дараа тайзан дээр дуулж бүжиглэж байхыг минь хэн нэгэн анзаарч харсан юм билээ.
-Мөнгө олох санаархал чинь мөрөөдөл болж хувирсан хэрэг үү?
-Яг ч тэгж ойлгож болохгүй. Би багаасаа дуулах, бүжиглэх дуртай хүүхэд байлаа. Товчоор хэлбэл, урлагийн хүн болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Энэ мөрөөдлийнхөө хүчинд өнөөдрийн өндөрлөгт хүрсэн гэж боддог шүү.
-Анх олны танил болсноо яаж мэдсэн бэ?
-Нью-Йоркийн гудамжаар алхаж яваад мэдсэн. Тэгэхэд гурван охин ирээд “Та дуучин Мадонна мөн үү” гэж асуусан. Би ч гайхаад “Мөн” гэсэн чинь “Таны сүүлд гаргасан сингл маш их таалагдсан. Боломжтой бол бид гуравтай хамт зургаа авахуулж болох уу” гэлээ. Тухайн үед би гэрийнхээ хувцастай явж байсан болохоор зургаа авахуулахаас татгалзсан. Дараа нь анхны тоглолтдоо гудамжинд таарсан гурван охиноо урьсан. Тэгээд тэдний хүслийг биелүүлж хамт зургаа авахуулсан шүү.
-Аливаа нэг амжилтыг заавал алдаа оноо дагаж байдаг. Оргилын тавцанд гарахад багагүй хугацаа зарцуулсан. Энэ хугацаанд хэр их алдаа гаргаж байв?
-Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй. Би Францыг орхиж Америкт ирсэндээ харамсдаг. Хэрэв би тэнд суурьшсан бол өнөөдрийнхөөс ч илүү амьдарч болох байлаа.
-Яагаад тэр вэ. Өнөөдрийнхөө амьдралд сэтгэл ханахгүй байна гэж үү?
-Би 30 гаруй жил олны нүдэн дээр ил амьдарлаа. Одоо нам жим амьдармаар байна. Тийм болохоор л Францыг санаад байгаа хэрэг. -Харин ч би Таныг дуулиан шуугиантай амьдрах дуртай эмэгтэй гэж боддог юм?
-Яагаад тэр билээ… -Таны Европоор аялан тоглож явах үедээ авахуулсан нүцгэн шахуу зургууд чинь цахим хуудсанд тавигдсан байсан шүү дээ?
-Тэр бол сахилгагүй хүүхдүүдийн хийсэн тоглоом. Намайг хувцас солих өрөөнд мунгинаж байхад хаанаас ч юм мэдэхгүй авчихсан зураг байсан. Тэднийг олох юм бол би хатуухан хариугаар бэлэг барина гэж бодож байгаа.
Эх сурвалж: “9sky” хөгжмийн цахим сэтгүүл

URL:

Сэтгэгдэл бичих