461 дүгээр хорих ангийн удирдлагуудыг шалгуулна
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангийн сахилгын өрөөнд хоригдож байхдаа түлэгдсэн Баавар /Ш.Батбаяр/-ын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл тарж, шинжээчийн гаргасан галын дүгнэлтийг эсэргүүцэж байна гэдгээ өмгөөлөгч Л.Баттогтох мэдэгдлээ.
Бааварт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1 гэсэн зүйлчлэлээр хэрэг үүсгэсэн. Энэ зүйл заалтад хамгийн дээд тал нь хоёр жилийн ялтай аж. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг 10 гаруй жилийн ялтай байсан бөгөөд түүндээ гутраад өөрийгөө галдан шатаасан гэсэн гүтгэлгийн шинжтэй ташаа мэдээлэл их гарч байгаа аж. Уг хэргийг улстөржүүлж Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах далд санааг агуулж байна гэсэн мэдээлэл олон нийтийн дунд тархаад байгаа нь үндэслэлгүй гэдгийг онцоллоо. Өмгөөлөгч Л.Баттогтох, “Хүний үйл ажиллагаа, агаарын солилцооны улмаас орны толгой, хана орчмоос гал гарсан байна. Тухайн үед нь галын дохиолол хэвийн ажиллаж байсан гэсэн дүгнэлт гарсан. Энэ бол урьдчилсан дүгнэлт болохоос биш бодит дүгнэлт биш. Эрүүгийн хуульд тусгайлан заасан байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйл ангид галын дүгнэлт нь өөрөө будлиантай, маргаантай тохиолдолд гурваас дээш бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг томилох ёстой гэж заасан байдаг. Энэ бүрэлдэхүүнд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Онцгой байдлын Ерөнхий газар, Түлэнхийн эмнэлгээс мэргэжилтэн оруулах ёстой. Мөн Бааварын талаар сөрөг мэдээлэл гаргаж байгаа Цагдан хорих 461 дүгээр ангийн удирдлагуудыг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах хэлтэст гомдол гаргаж шалгуулах болно” гэв.
Ч.Ариунболд
МОНЦАМЭ
URL: