Онц хэрцгий гэмт хэрэг үйлдэгсдийг өршөөсөөр байх уу

66fd25aa7a70b9deoriginalСүүлийн үед бараг өдөр бүр сонин, телевиз, цахим хуудсаар “Гэр бүлээр нь шатаажээ”,

“Хүчиндээд амийг нь хөнөөжээ”, “Хамт архи ууж байгаад хутгалж амь насыг нь хохироов” хэмээн олны сэтгэлийг сэрт хийлгэсэн аймшигт гэмт хэрэг шил даран гарах болов. Уг нь монголчууд бид тал сайхан уудам нутагтай, тайван амгалан, уужуу бодолтой, ухааны цараатай ард түмэн гэгддэгсэн. Гэтэл яагаад ингэтлээ оюуны доройтолд орчихов. Юуны чинь тэр хар тамхи, гэмт хэргийн гаралтаараа цууд гарсан Малайз, Филиппин, Орос, Хятад. Энэ байдлаараа үргэлжилбэл манай улс онц хэрцгий гэмт хэргийн гаралтаараа тун удахгүй дэлхийд толгой цохиж ч мэдэх нь. Тухайлбал, саяхан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хайлаастын гудамжинд нэг гэр бүлийн зургаан хүнийг гэртэй нь шатаасан аймшигтай хэрэг гарсан. Энэ айлын том охинтой нь суусан 34 настай Н гэгч залуу эхнэртэйгээ муудалцсан гэх шалтгаанаар согтуу ирж, бензин асгаад гал тавьсан байдаг.

Үүний улмаас гэр бүлээрээ эмнэлэгт хүргэгдсэн ч 65-90 хувийн түлэгдэлтэй хүмүүс нэг нь ч амьд үлдээгүй юм. Харин галдан шатаагч хүргэн одоогоор эмнэлэгт 40 хувийн түлэгдлээ эмчлүүлж байгаа. Гэмт этгээд урд орой нь эхнэрээ зодож хүнд гэмтээсэн бөгөөд хадмууд нь эмнэлэгт аваачиж толгойд нь оёо тавиулсан байна. Тэгээд охиноо нөхөрт нь өгч явуулалгүй авч үлдсэнээс болж ийнхүү гэр бүлээрээ хөнөөлгөхөд хүрчээ. Энэхүү жигшүүрт хэргийн айдас намжаагүй байхад Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг, нэгдүгээр багийн Улаан эрэг гэдэг газарт бас нэг аймшигт хэрэг гарсан байна. Ш.Батхүүг гэрээс нь Б.Баярбат гэгч залуу дагуулж яван архи уулган согтоочихоод эргэж ирэн эхнэр хүүхдийнх нь амийг хэрцгийгээр хөнөөжээ. Түүнийг цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжилсны үр дүнд баривчилсан байна. Гэмт этгээд ч санаа зовсон шинжгүй “Эртнээс л эхнэр Х-г нь шохоорхдог байсан, нөхрийг нь согтоож сумын төвд орхин буцаад очиход хаалгаа тайлж өгсөн, хүчирхийлэх гэхэд эсэргүүцэхээр нь амийг нь хөнөөсөн, дөрвөн настай охин нь уйлаад байхаар нь багалзуурдаж аваад шидмэсээр унинаас дүүжилсэн” хэмээн нэгд нэгэнгүй тоочиж, хэргээ хүлээжээ. Хамгийн жигшүүртэй нь тэрбээр эхнэр, хүүхдийнх нь амийг хөнөөж ирээд айлд унтаж байсан нөхрийнх нь өвөрт ороод унтжээ. Тухайн үед юу ч болоогүй мэт амгалан, хурхираад унтаж байсан талаар гэрчүүд мэдээлсэн байна. Арай л дэндсэн, араатнаас дор амьтан гэж түүнийг л хэлэх байх. Эх, охин хоёрынх нь алтан амийг хөнөөчихөөд ялаа алсан мэт аашлах энэ этгээдийг хуулийнхан шийтгэх нь лавтай. Энэ мэтчилэн хоногт 1-2, цаашлаад гэр бүлээрээ ч гэмт этгээдийн гарт амь эрсдэж, мөн эмэгтэйчүүд хүчирийлэлд өртөх нь өдрөөс өдөрт нэмэгдэж буйг ЦЕГ-аас анхааруулж байгаа юм.

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй

Ийнхүү ардчилсан засаглалтай, амгалан тайван хэмээн бахархах манай улсад онц хэрцгий гэмт хэргүүд ар араасаа гарч, ард иргэдийн зүрхийг шимширсээр байна. Улмаар дулааны улирал ирж байгаатай холбогдуулан охин үрээ бусдын бузар гарт өртчих вий хэмээн айдаст автах, анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх эцэг, эх ч олширч байна. Өөрөөр хэлбэл, охид хавар, зуны улиралд богино цамц, өмд өмсдөг нь гэмт этгээдийн хараанд өртдөг ажээ. Уг нь ардчилсан оронд тухайн иргэн юу өмсч зүүх, идэж уух нь хэнд ч хамаагүй. Гэтэл цэцэг цэврүү шиг, дэгдэж дэрвэж яваа жаахан охидыг хавар, зуны улиралд араатнаас дор амьтад бузарлах нь олширдог байна. Сургуулийн хүүхэд, оюутан охид хичээлийнээ дараа номын санд суух, шалгалтын үеэр багаараа нийлж гэрийн даалгавар хийх, чөлөөт цагаараа заал авч тоглох, фитнест явах гээд оройтох тохиолдол олон. Харин охидоо ийнхүү оройтоход эцэг, эхчүүд санаа зовохоос цаашгүй байдаг. Ардчилсан оронд охидыг дураараа хүчирхийлж, болохгүй бол амийг нь хөнөөж болно гэж хаана ч, хэн ч заагаагүй л баймаар сан. Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсад хэтэрхий балмад ардчилал тогтоод байна уу даа гэмээр болж байна. Арга ч үгүй биз… “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг дээ. Тиймээс өнөөгийн гэмт хэргийн гаралт ихэсч буйг улстөрийнхөнтэй ч холбон тайлбарлаж болох юм. Улс орны удирдагчид нь хэвлэлээр хараал урсгаж, камерийн өмнө зодолдож, бусдыгаа элдвээр зүхэж байхад ард түмэн даган дуурайхгүй гэх баталгаагүй. Айл гэрийн хувьд ч эцэг, эхийн харилцаа ямар байна хүүхэд яг л тэгж хүмүүждэг. Хэрүүл, маргаантай гэр бүлд өссөн хүүхэд хэрүүлч л болдог. Тиймээс эрхэм улстөрчид маань ухамсрын хэт доройтлоосоо салж, улс орон, ард түмнийхээ айдсыг бага ч болов хөнгөлөх цаг хэдийнэ иржээ.

Цаазын ялаа сэргээвэл ямар вэ, Ерөнхийлөгч өө

Хятад Улс хүн амины болон онц хэрцгий хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазын ял сонсгодог бөгөөд ачааны машин дээр босоогоор нь хүлж, самбар дээр үйлдсэн гэмт хэрэг, хувийн намтрыг нь тодорхой бичээд мужуудаар тойруулдаг тухай нэг хүнээс сонсч билээ. Ингэхдээ чанга яригчаар гэмт хэрэгтнийг яагаад цаазлах болсон тухай зарладаг бөгөөд олны нүдэн дээр ялыг нь гүйцэтгэдэг гэсэн. Энэ байдал яг одоо манай улсад хэрэгтэй байх шиг. Ер нь насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлж, амийг нь хөнөөсөн, гэр бүлээр нь хөнөөсөн этгээдэд болдогсон бол цаазын ялыг олон дахин ногдуулахад ч багадмаар.Өнөөгийн нийгэмд газар авч, ард түмнийг айдаст автуулаад буй гэмт хэргүүдийн талаар эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонсч л суугаа байгаа байх. Ер нь хүн бус үйлдэл гаргаж буй гэмт хэрэгтнүүдийн гуравны хоёр нь шоронгоос суллагдсан, нигүүлсэнгүй Ерөнхийлөгчийн маань өршөөлд хамрагдсан нэгэн байдаг тухай судалгаа ч бий. Гэтэл тэдэнд цаазын ял сонсгоход цаашид энэ хэвээр толгойг нь илж, Өршөөлийн хуульд хамруулсаар л байх уу. Тухайлбал, Хөвсгөл аймагт наймхан настай охиныг хүчирхийлээд мөчилж алсан, мөн бага насны хоёр охиныг хүчирхийлсэн этгээд гурван удаа цаазын ял сонссон. Хэрэг хийсэн шинжгүй өөрийн бах таваа хангасан түүнд цаазын ялгүй учраас эцэст нь хорих ял ногдуулах нь дамжиггүй. Гэвч хэдхэн жилийн дараа гэмт этгээд Ерөнхийлөгчийн маань гаргасан Өршөөлийн тухай хуульд хамрагдаад гарч ирж ч мэднэ. Сурсан зангаараа дахиад ч жаахан охид уруу халдахыг үгүйсгэхгүй. Тиймээс цаазын хуулийг сэргээвэл дээр биш үү, эрхэм Ерөнхийлөгч өө…

Хүчирхийлсэн, хүний амь хөнөөсөн этгээдийг тэжээсээр байх уу
Цагдаагийн байгууллагад 2010- 2012 онд нийт 60 мянга 111 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүчингийн гэмт хэрэг гурван хувийг нь эзэлж байна. 2010 онд л гэхэд бага насны 47 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон тоо баримт бий. Энэ гэмт хэргийн хоёр үйлдэл тутмын нэгийг нь согтуугаар, гурван хэрэг тутмын нэгийг бүлэглэн үйлдсэн байдаг аж. Харин арван гэмт хэрэг тутмын нэгийг урьд нь ял шийтгүүлж байсан хүмүүс үйлджээ. Мөн сүүлийн арван жилийн дунджаас үзэхэд жилд 350 орчим хүчингийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Насны хувьд ангилбал 0-17 хүртэлх 60, 18- 35 насны 591, 35-50 насны 376, 50 ба түүнээс дээш насны 52 эмэгтэй хүчингийн гэмт хэргийн хохирогч болжээ. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь. Харин үүнээс цааш гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд автсан ч мэдээлэл өгч чадалгүй дарамтлуулдаг хэчнээн эх, хүүхэд, байгааг таах аргагүй. Ер нь бага насны хүүхэд хүчирхийлсэн, хүний амь хэрцгийгээр хөнөөсөн этгээдийг шоронд хорьж, цаашид тэжээсээр л байх уу?

М.НАРАНБОЛД

URL:

Сэтгэгдэл бичих