Л.Болд сайд паркийг өгөх нь одоо эрхэм гишүүн Б.Наранхүү бусад нь араас нь…
Нэгэн цагт хүүхэд залуучуудын цугларч чөлөөт цагаа өнгөрүүлдэг байсан газар бол Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж сурснаар Хүүхдийн парк байв. Гэвч нийгмийн ороо бусгаа цаг үеийн салхинд гэдэг шиг Хүүхдийн паркийг засч тохижуулах, тоглоомуудыг шинэчлэх нэрээр тойруулж хашаа хатгаад, газраас нь хумсалсаар өнөөдрийг хүрсэн. Гэвч саяхан нэгэн таатай мэдээ дуулдсан нь Гадаад харилцааны сайд Л.Болд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Улаанбаатар хотын бүх төлөвлөлт, бүх юм үгүй хийгдсэн. Хүүхдийн тоглоомын талбай ч үгүй нүд хальтармаар болсон. Энэ бол бодит үнэн. Дээр нь парк руу дөрвөн талаас нь орж эхэлсэн. Энэ үед манай хамт ажилладаг залуучуудын санаа зовж өөрсдийнхөө мөрөөдлийг аваръя гэж шийдсэн. Тухайн үед Монголд тийм хэмжээний мөнгө байгаагүй. Тэгээд гаднын хөрөнгө оруулагч олоод, төсөл байгуулаад ямар ч байсан, паркийг аваад үлдсэн.Одоо нэгэнт парк нь байна. Хот нь байна. Энэ бүхэн бол хүүхдүүдийн л өмч. Паркийг Улаанбаатар хот мэдэлдээ авах хэрэгтэй. Би бол энийг улс, хот мэдэлдээ аваасай л гэж бодож байгаа. Яг сайхан Улаанбаатар хотын чимэг болоод байж байна” хэмээсэн нь ойрд сонсоогүй таатай мэдээлэл байв. Үнэхээр ирээдүй хойчийнхоо төлөө хийсэн том амлалт ажил хэрэг болно гэдэгт итгэж байна.
Одоогийн байдлаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газраас “Мон-Уран” компани нэг га, “MCS Hotel” групп гурван га, “Сөүл” ресторан, “Бэгдү” констракшн тодорхой хэмжээний газар эзэмшиж байгаа. Эдгээрээс “Бодь” групп хамгийн том буюу 32 га газар эзэмшдэг. Тэгвэл өнөөдөр хүүхдүүд ердөө 4.5 га газарт байрлуулсан тоглоом дээр тоглож байна. Шинээр тоглоом нэмэхээр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн ажиллаж дахин дөрвөн га-д нь бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгааг бид нүдээрээ харж байна. Ингээд бодохоор Хүүхдийн паркийн найман га нь л тоглоомтой болох аж. Харин “Мон-Уран” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Хэрвээ Бодь групп өөрийн эзэмшдэг талбайгаа чөлөөлөөд өгөх юм бол би өөрийн эзэмшиж байгаа багахан талбайгаа суллаад өгөхөд бэлэн байна. Манайх паркийн баруун талын хэсэгхэн талбайг л эзэмшдэг” гэж өөрийн амаар хэлсэн удаатай. Түүгээр ч барахгүй хүүхдүүддээ зориулсан тоглоомын талбай байгуулж үнэгүй тоглуулахаа мэдэгдсэн. Ямартаа ч төрийн түшээгийн хэлсэн үг удахгүй биелэлээ олж “Мон-Уран”-ынхан ч газраа нийслэлд буцаан өгнө хэмээн итгэж хүлээе. Харин “MCS” групп паркийн баруун хойно баригдаж байгаа олон улсын өндөр зэрэглэлийн “Шангри-Ла” зочид буудлын газраа албан ёсоор эрх шилжүүлэн авсан хэмээн мэдэгдсэн.
Энэ зочид буудал, соёл амралтын цогцолбор нь найман үзвэрийн танхимтай кинотеатр, дэлхийд танигдсан сүлжээ хоолны газрууд, олон улсын стандарт бүхий 50 метр гүн усан сан гэх мэт зүйлсийг нэгээс таван давхартаа бүтээн байгуулна гэж байгаа. Харин иргэдийн зүгээс Хүүхдийн парк дотор таван одтой өндөр зэрэглэлийн зочид буудал байх нь хэр зохимжтой хийгээд энгийн иргэд тэр болгон амраад байх болов уу гэдэгт эргэлзэж байгаа юм. За, ямар ч байсан том компаниуд хүүхдүүдийн төлөө паркийн газрыг өгөхөөр боллоо. Одоо бусад нь хүүхдүүдэд хэр сэтгэлтэй хандахыг харъя. Тэд бодвол хүүхэдтэй л байлгүй. Хүүхдүүд нь паркад тоглодог л байх.
П.Дөлгөөн
НИЙСЛЭЛ ТАЙМС
URL: