“Өдөрт 120 донор цусаа өгвөл эмнэлгүүдийн хэрэгцээг хангана”

tsusnii_donor-middleСаяхан Монгол Улсын Ерөнхийлөгч твитерр хуудсаараа дамжуулан иргэдийг цусаа өгөхийг уриалсан.

Тэрээр “Цусны төвд цусны хангалт багасчээ. Цусаа өгч амьдрал бэлэглээрэй. Санаачилга гаргаарай. Эх орноосоо энэ биеэ ч харамлалгүй байлдаж байсан дайчдынхаа хойч үе бид дусал цус харамлана гэж үү. Бүгдээрээ цусаа өгцгөөе” хэмээжээ. Үүний үр дүнд ч цусны төвийг зорих хүмүүсийн тоо өсч, цусны нөөц нэмэгджээ.

Энэ талаар Үндэсний цус сэлбэлт төвийн албаны дарга Ц.Тунгалагтамиртай ярилцлаа.

-Манай улсын хувьд цусны нөөц, хүрэлцээ муу гэдэг асуудал нэлээд яригддаг. Тэгэхээр танай төвд өдөрт дунджаар хэдэн хүн цусаа өгөхөөр ирдэг вэ?
-Цусны төв нь нийслэлийн хэмжээнд явуулын болон суурин гэсэн хоёр янзаар цусаа цуглуулдаг. Явуулын гэдэг нь үйлдвэр албан байгууллага, их, дээд сургуулиуд болон хөдөлмөрийн хамт олон дээр очиж цус авдаг. Энэ ажлаа Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтарч явуулдаг. Дунд шатны улаан загалмайн хороод нийслэлийн улаан загалмайн хороодын харьяа байгууллагуудад очиж сургалт сурталчилгаа зохион байгуулж үүний үр дүнд манай явуулын багийнхан очиж цус авдаг.

Суурин гэдэг нь Үндэсний цус сэлбэлтийн төвд донор зорьж ирэхийг хэлнэ. Суурин болон явуулынх нийлээд нийслэлд өдөрт 80-120 хүн цусаа бэлэглэж байвал эмнэлг үүдийн хэвийн хэрэгцээг хангаж чадна. Сүүлийн үед донорын идэвхи нэмэгдэж байна нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Амьдрал бэлэглье” аян өрнөсөнтэй холбоотой. Аяны хүрээнд цус өгөх иргэд нэмэгдсэн. Гэсэн хэдий ч цагаан сараар цусны эрэлт буурсан. Учир нь иргэдийн өөх тостой хоол, цагаан идээ, архи дарсны хэрэглээ нэмэгдсэн үед донорын цус өгөх хориотой байдаг. Тиймээс энэ байдалтай тэмцэж Монгол Улсын Ерөнхийлөгч Twitter хуудсаараа дамжуулан уриалсан.

Үүний хүрээнд маш олон байгууллага санал тавьж цусаа бэлэглэсэн. Зөвхөн цусны төв дээр 60 орчим донор ирж байна. Гэхдээ ирж байгаа донорууд мэдээлэл дутуу байгаагаас хоол ундаа тохируулаагүй, цус өгөх хүсэлтэй боловч өвдсөн байх жишээтэй. Донорын шалгуур маш нарийн. Шаралсан болон бэлгийн замын халдварт өвчтэй болсноор хасагддаг. Манайхыг зорьж ирсэн донорын найман орчим хувь нь, халдвар илрүүлэх шинжилгээгээр 10 орчим хувь нь цусаа өгч болдогг үй. Гэхдээ сүүлийн үед цусаа өгөх гэж ирэх донорын тоо нэмэгдэж байна. Харин донор болохоор ирэхдээ цус өгөхтэй холбоотой мэдээлэл дутмаг байгаа нь телевиз, сонин, FM, радиогоор мэдээлэл бага гардагтай холбоотой юм.

-Цус өгөхөд нас, хүйс хязгаарладаг уу?
-17-60 насны хүн цусны донор болох боломжтой. Харин ДЭМБ-аас ихэвчлэн 18-35 насны хүмүүсийг донорын эгнээнд хамруулах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгдөг. Манай улс залуучуудын орон учраас цусаа бэлэглэж байгаа иргэдийн 60-аас дээш хувь нь залуучууд байна. Тиймээс манай улс энэ шалгуураар олон улсын төвшинд хүрсэн гэж ойлгож болно.

-Ихэвчлэн хэддүгээр бүлгийн цус дутмаг байдаг юм бэ?
-Хэрэглээ аль бүлэг их байна, өвчлөл хэзээ гарахыг бид мэдэхгүй. Манай улсын хувьд хүмүүсийн цусны бүлгийн хамаарлын судалгаагаар хүн амын 6-7 хувь нь А,B буюу дөрөвдүгээр бүлэг бага байдаг. Гэхдээ өвчлөлтэй холбоотойгоор янз янзын цусны хэрэглээ гарна. Зарим үед 2,3,4,1 хэрэгтэй байдаг. Сая элэг шилжүүлэн суулгах хагалгаанд O бүлэг B бүлгийн цусны хэрэглээ их байсан. Гэтэл нэг хүнд 80-100 донорын цус ордог.

-Цусаа өгснөөр донорууд хүний амь аварч байгаа гэдгээ хэр ойлгодог бол. Ер нь хүмүүс ямар шалтгаанаар цусаа өгдөг бол?
-Одоогоор манай сургалт сурталчилгаанд хамрагдсан хүмүүсийн 92 хувь нь тэнцэж, найман хувь нь хасагддаг. Ер нь иргэдийн мэдээлэл эерэг талруугаа байдаг. Хүний амь нас аварч буян үйлдэж байгаа гэдгээ ухамсарлаж иргэн хүний үүрэг гэдгээ сайн ойлгодог болсон.

-Цусны шинжилгээ гэдэг нарийн. Тэгэхээр цусны шинжилгээний тоног төхөөрөмж мэдээж чухал үүрэг гүйцэтгэх байх. Танай байгууллагын хувьд тоног төхөөрөмж ямар байна вэ?
-Манай байгууллагын хувьд эмч мэргэжилтнээс гадна тоног төхөөрөмж хамгийн чухал байдаг. Шинжилгээний төхөөрөмж олон улсын стандартад нийцсэн гэдгийг нүүр бардам хэлж чадна.

-Цусаа өгөхийг Ерөнхийл өгч хүртэл уриалсан. Гэтэл иргэдийн идэвхи хэр байна. Энэ талаарх уриалга нь иргэдэд хэр хүрдэг вэ?
-Улаан загалмайн нийгэмлэгийн арга зүйч, манай үндэсний төв боломжийн хэрээр сурталчилгаа явуулж байгаа боловч санхүүжилт дутмаг учраас энэ талын мэдээллээ хангалттай явуулж чаддаггүй. Twitter болон донор.мн цахим хаягаар амьдрал бэлэглэе зэрэг группыг байгуулж сурталчилгаа хийж байгаа боловч хангалттай биш байна. “Амьдрал бэлэглэе” аяны хүрээнд Монголын үндэсний олон нийтийн телевизээр ганцхан удаа шууд нэвтүүлэг цацсан. Энэ нь тийм олон хүнд хүрч чадаагүй.

Тиймээс Бөхийн өргөө, МУИС зэрэг гадуур байрлах том дэлгэц мөн автобусны телевизээр цацсан. Мэдээлэл хангалттай явсан гэж хэлж чадахгүй ч иргэдийн идэвхи сайжирч байна. Ерөнхийлөгчийн хувьд донор хүн. Манай улс донор ерөнхийлөгчтэй. Харин дэлхийд донор ерөнхийлөгчтэй улс хэр олон байдгийг хэлж мэдэхг үй байна. Ерөнхийл өгч тогтмол цусаа бэлэглэдэг цаашид ч бэлэглэнэ гэдгээ илэрхийлсэн.

-Тухайн хүн танай төвд очоод цусаа өгье гэвэл хэр хугацаа шаардагдах вэ?
-Бид хүмүүст “Амьдралынхаа 15-20 хормыг хүний амьдрал, цусаа өгөхөд зориулаач. Энэ мөч таны амьдралын том жаргалтай мөчүүдийн нэг байх болно” гэж хэлдэг. Яагаад гэхээр цус бэлэглэх нь хүнлэг ёсны хамгийн том илрэл юм. Донор хүний онцлог нь хэн нэгэнд цус бэлэглэж хүний амь аврах. Өөрөөр хэлбэл манай байгууллагаар дамжуулан хариу нэхэлгүйгээр өөрийнх өө нэрийг нуун далдалж өгдөг хандив. Донор өвчтөн хоёрыг хэзээ ч уулзуулах ёсгүй гэсэн ДЭМБ-ын зөвлөмж бий.

Өвчтөн донор хоёрын хоорондын харьцаа янз бүрийн эдийн засгийн дарамт үүсэх зэргээс хамгаалж донорыг нууцалдаг. Донорын нэр нь цусанд хэзээ ч явдаггүй кодтой байдаг. Ингэж нэрээ нууцлан байж хүний амь аврана гэдэг маш сайхан хандив.

-Хүмүүс том хагалгаанаас аврагдаад цусаа бэлэглэсэн доноруудад талархсан бичгийг уншиж байхад үнэхээр цусаа өгөх нь хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо. Харин иргэд цус ямар үнэтэйг хэр зэрэг ойлгодог бол?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай мэдээлэл гарсны дараа манайхыг зорьж ирэх хүмүүсийн тоо нэмэгддэг. Тэгэхээр иргэд үүргээ, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг хүнлэг сэтгэлтэй ард түмэн гэдэг олон зүйл дээр харагддаг. Цусны алба нь цусаа бэлэглэсэн донор хүн болон цусыг хэрэглэдэг өвчтөн хоёрыг холбодог дамжлага бааз. Тэдгээр өвчтөнүүдийн талархлыг донортоо мэдээллэх нь манай байгууллагын үндсэн үүрэг.

Яагаад гэвэл өвчтөнүүд хэнд талархахаа мэддэггүй. Тиймээс тэдний талархлыг хүргэх үүднээс “Донорууддаа баярлалаа” талархлын бичгийг эмнэлгүүдээр аялуулж талархлын булан байгуулсан юм.

Д.Болдбаатар

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих