О.Чулуунбат гишүүн Дондогдулам хатан, ДИЛАВ ХУТАГТ хоерын хөөргийг тарваганы арьс зарсан мөнгөөрөө худалдаж авчээ.

Дилав хутагт Жамсранжав болон Дондогдулам хатны барьж явсан олон зуун сая төгрөгийн үнэтэй чулуун хөөрөгний байвал зохих ёстой газар нь Улсын түүхийн музей юм уу эсвэл Монгол улсын эрдэнэсийн сан л баймаар юм шиг санагддаг билээ. Гэвч удах тусам улам үнэд ордог эдгээр үнэт эдлэлүүд эдүгээ нэгэн цагт  Монгол банкны захирал байсан УИХ-ын гишүүн О.Чулуунбатын даалин дотор л эргэлдэж байгаа юм байна.

Саяxан тэрбээр уг хөөрөгнүүдээрээ гайхуулах маягтай 1990-ээд оны үед л хөөргөө авсан. Эрт аваад хадгалсан хөөрөг цаг хугацаа өнгөрөх бүр үнэд орж байна хэмээн өгүүлсэн байв. Гэтэл асар үнэтэй, ховор, түүхийн дурсгалт хөөрөг авч байх үедээ эрхэм гишүүн маань өөрийн нь ярьсанаас үзвэл эхнэртэйгээ хамт Эрээн, Улаан-Үдийн хооронд тарваганы арьсны наймаа хийгээд л харайж явсан байх юм.

Жирийн нэг тарваганы арьсны ченж тухайн үеийн хамгийн баян бизнесмэн Буянгийн Жагаад ч олдоогүй Монгол улсын түүхийн ховор өв соёлд багтах үнэтэй хөөрөгнүүдийг хаанахын хэнээс хэдэн төгрөгөөр авсан нь сонирхолтой. Жишээ нь Богдын хатан Дондогдуламын барьж явсан хөөргийг жирийн хүнээс авсан бол хэн гэдэг ямар удам судартай ямар учир жанцантай хүнээс хэдээр худалдаж авсан хэрэг вэ?

Харин улсын түүх дурсгалын музейгээс авсан бол ямар хуулийн зөвшөөрөлөөр хувьдаа худалдаж авах болов гэх мэтчилэн олон асуултууд ар араасаа босч ирнэ. Саяхан даа ерөнхий сайд Сү.Батболд Чингис зочид буудлыг хууль бусаар хувьчилж авсан гэдэг асуудал босч ирэхэд О.Чулуунбат гишүүн хамгийн түрүүнд  МАН-ын даргын хувьд энэ талаар ард түмэндээ үнэн үгээ хэлэх хэрэгтэй  хэмээн шахаж байсансан. Тэгвэл одоо өөрөө түүхийн үнэт ховор дурсгалуудыг тарваганы арьс зарж явахдаа хэрхэн яаж гартаа оруулсан талаараа ард түмэндээ нэг сайхан ярьж хэнхдэг цээжээ онгойлгох хэрэгтэй болов уу.

Тэгэхгүй бол хүмүүс Монгол банкны захирал байхдаа улсын эрдэнэсийн сангаас тоншчихож дээ хэмээн муу юм бодоод салахгүй шүү дээ. Түүнээс гадна мань эр Хожим хүүхдүүд маань энэ хөөргийг аав минь барьж явсан хэмээн дурсана гэж бахархсан байна лээ. Уг нь тэдгээр хөөргийг Дилав хутагт, Дондогдулам хатан хэмээх Монгол улсын жинхэнэ ориг язгууртанууд барьж явсан юм чинь үр хүүхдүүд нь Айхтар мундаг хүмүүсийн алган дотроо бөмбөрүүлж байсан хөөрөгнүүдийг аав маань тарваганы арьс зарж олсон мөнгөөрөө худалдан авч байсан юм гэнэ лээ. Үгүй мөн сүйхээтэй хүн шүү гэж яривал үнэнд ойр дөт санагдах юм даа.

Элдэв явдал

Хуулбарлахыг хориглоно FACT.mn


URL:

Сэтгэгдэл бичих