4-н Сарын 1 хүн хуураад, хууртаад л…
Миний ярих энэ түүхийг сонсоод “яасан мэдрэл гарууд вэ?” гэж шоолох нэг нь шоолоорой. Дооглох нэг нь дооглоорой. Хүүхдүүд багачууд “онигоо” болгож хоорондоо ярьсан ч надад бол ичих булчирхай үлдээгүй шүү, тэр нэгэн “азгүй” шамшгар өдрөөс хойш… Үнэндээ “галзуурахад” ганц хуруу дутуу байсан даа тэр өдөр. \ Харин намайг “галзуурсанд” тооцсон үр хүүхдүүд, хайрт ханьдаа, хамаатан садан болон дотнын найз нөхөддөө нэг жилийн дараа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна. Яг жилийн өмнөх дөрвөн сарын нэгний өдөр намайг “галзуурсан” гэж итгэж, сэтгэл мэдрэлийн эмнэлгийн түргэний эмч сувилагч нартай хүч хавсран, “номхотгох хантааз” өмсгөх гэж улайран зүтгэж байсан та нартаа хайртай шүү гэж дахин хэлье. Та нар тэгэхэд ёстой гоё байсан шүү. Намайг “галзуу” болгох гэж яаж үнэн сэтгэлээсээ мэрийж байсаныг чинь би сайн санаж байна. Гоё шүү та нар минь… Яаж гучин долоон онд та нартай хамт байгаагүйдээ бурхан багшдаа баярлаж явдаг шүү \
Олонд “Шар хадны” гэдэг нэрээрээ алдартай сэтгэцийн өвчтнүүдийн эмнэлэгт очоод “хандаа хага даруулж”, догшин барыг ч “номхотгон” сүнсийг нь зайлуулж чадах хүчит улаан тариагаар миний “гэмт” үйлдлийг “таслан зогсоо”-гоогүй бол би тэнд жинхэнэ “галзуучууд”-тай насаараа хамт үлдэх байлаа. Намайг эмнэлэгт бухын доозоор тариулааад, элий балай болчихсон хэвтэх зуур шинэ байрны дэвтрийг минь нарийн бичгийн дарга хүүхэн гэрт минь хүргэж өгөхөд гэрийнхэн маань намайг “жинхэнээсээ галзуураагүй”-г ойлгосон юм… Тэгээд л намайг “хэцүүчүүдийн армиас” эргүүлж авчрах гэж тойргийнхоо түшээг хадаг барин гуйж билээ.
Үр хойчисдоо дахин дахин захихад “ дөрвөн сарын нэгэнд л байр ав “ гэж ёстой нэг “хараа”-маар золиг юм байлаа шүү. Жирийн “галзуу”-гаас жинхэнэ “галзуу” болоход амархан байдаг юм байна лээ. Бодохоос ч даажин дүүжин хөдөлнө.. Юу юугүй баглаж хүлээд, галзуучуудын “шорон”-д хүчээр аваад явсан шүү. Нэгэнт аюул холдож, тэр нэг “солиот өдөр” жилийн тэртээд өнгөрсөн болохоор ах зах хүний хувьд “арга туршлагаасаа” хуваалцах нь зөв байх гэж мунхаглан бодлоо.
Дөрвөн сарын нэгэнд хэн нэгэн дотны хүндээ үнэт бэлэг бүү бэлэглээрэй. Очир алмааз бэлэглэсэн ч хэн ч итгэхгүй. Талсттай шил өгчихлөө гэж гомдоллоно. Надад ч иймэрхүү гашуун туршлага өөрт минь хэдэн удаа тохиолдсоныг “баяртай”-гаар уламжилъя. Залуудаа би эхнэртээ “хайртай”-гаа баталж, \ бөхчүүд цолоо баталдаг шиг \ ээмэг, бөгж, зөөлөн чихрийн цуглуулга гээд юу эсийг авч өгдөг байлаа. Цалин маань сарын эхээр буудаг болохоор яах аргагүй дөрвөн сарын нэгэн таарсан жилүүд л дээ. Алтан ээмэг авч өгсөнийг минь “хуурамч” гээд хог руу хаяж байлаа. Мөнгөн эдлэл хосоор нь авч өгсөн чинь “хөнгөн цагаан” гээд хоёрдогч түүхий эдийн агентад тушаасан нь бий. Дөрвөн сарын нэгэнд авгайдаа бэлэг авч өгвөл эдийн засгаараа “шатаж” болохыг ухаарсан ухаарлын энэ он жилүүдэд би дөрвөн сарын нэгнээс өөр өдөр сонгох ёстойг яс мах, түрийвчтэй мөнгөөрөө гүн гүнзгий \ цүнхээл мэт \ ойлгосон юм.
Хайртай хүндээ зүрх сэтгэлийн нандин “үг”-ээ бүү дамжуулаарай. Жилийн гурван зуун жаран таван өдөр байсаар атал өдөр мундсан юм шиг дөрвөн сарын нэгэнд хэлдэг хэн бэ чи? Хайр сэтгэлээр тохуурхаж болдог гэжүү? гэж үг хаяна. Дөрвөн сарын нэгэнд хайртдаа хайрын үгээ хэлсэнийхээ төлөө хацар дээрээ таван хурууны ормоор “мялаалгаж” эрээн бар шиг болсон нэг залуу байдаг юм… Анх хадмындаа би дөрвөн сарын нэгэнд бэр гуйхад сайн өдөр сонгоод очтол хадам аав ээж хоёр “Хүү минь чи эрүүл байна уу? Өнөөдөр хэдэн сарын хэдэн бэ? Ямар ч байсан өнөөдөр л манайх охиноо өгөхгүй. Чи амиа хорлоно уу, өөр бүсгүй сонгоно уу өөрөө мэд. Амьд “үлдэж” хоцорвол маргаашнаас ирж охиныг минь гуйгаарай. Өнөөдөр бол ёстой “нөү” шүү дээ” гээд намайг хөөж гаргаад хаалгаа дангинатал түгжиж билээ.
Өндөр настай өвчтэй хуучтай хүнд ерөөлийн үг бүү хэлээрэй. Өвчин зовлонд шаналсан хүн тун эмзэг хүлээж авдаг юм. Түргэн эдгэж, урт удаан наслаарай гэж хэлж огт болохгүй шүү. Үхэж далд ороорой гэдэг шиг сонсогдоно. Шүүх, цагдаад гэрчийн мэдүүлэг битгий өгөөрэй. Дөрвөн сарын нэгэн юм чинь ямар ч тэнэг мулгуу цагдаа шүүгч ч итгэхгүй… Сонгуулийн ажилд бүү очоорой, солиотой амлалтанд нь битгий итгээрэй. Хай, сайхан хоолны нэр хэл баа, би савхадъя гэдэгтэй адил. Хэзээ ч сонгогдогч дөрвөн сарын нэгэн, сонгогч дөрвөн сарын хоёрон байдагыг бүү март. Мөрийн хөтөлбөр бол дөрвөн сарын нэгэн, мөрөөдсөн баагийнууд хошин шогийн үзэгчид гэж бодвол онох магадлалтай.
Ер нь дөрвөн сарын нэгэнд хичнээн сайн өдөр гариг байсан ч телевизээр зар сурталчилгаа сонсох, гоо сайхны сүлжээний бараа худалдаж авах, эв эеэ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл хийх, бэр гуйх, найр хурим хийх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл бэлэглэх, худалдан авах, хагалгаа хийлгэх, лус савдаг тахих, буг дарахад үхэр могой жилтэн байсан ч эерэг сайн гэж би хэлж чадахгүй. Бүх зүйл эсрэгээрээ “дамшиглаад” өнгөрч болно. Зар сурталчилгааны хэдэн хувь нь үнэний хувьтай вэ? Сүлжээний бараа хэдэн хүнд тус болсон бэ? Хэдэн хүн харшилтай болж, хэдэн хүн өрөнд орсон бэ?… Хүн бүр бие биенийгээ “явуулж”, хуурч мэхлэн шоглодог эл өдөр та сугалаагаар их хэмжээний хонжвор хожсон ч хүнд хэлж болох уу? Хэн танд итгэх вэ? Таныг худлаа хэлж байна, хуурч мэхлэх гэж оролдож байна л гэж бодно.
Зах зээлийн замбараагүй нийгэмд аль нь үнэн, аль нь худал вэ гэдэг хэний ч бодож олж чадахгүй бодлого байдаг. \ Оньсого гэвэл дээр юм. Уруудаж буй улс орныг урагшаа явна гэж сурталчилдаг ямар нийгэм бэ? Баячуудад зориулсан үлгэр үү, эсвэл бэлтэй хүний “хошигнол” уу? \ Өдөр бүр хуурагдаж, молиго үмхэж, амаараа шороо үмхсээр хүн гэдэг амьтан сүүлдээ сүүдрээсээ өөр итгэх юмгүй болдог. \ Сүүдэр ч бас үнэн тусаад байна уу? Бодох асуудал. Торх шиг бүдүүн эр сүүдрээ хараад би чөтгөр шиг нарийхан болчихож гэж дуу алдах хэрэг үү?… \ Ардчилсан засгийн газар байгуулагдлаа. “Дөрвөн сарын нэгэн”… Шударга ерөнхийлөгчтэй боллоо. Бас “дөрвөн сарын нэгэн”… “Оюутолгой, Таван толгойн ашиг яасан бэ? “Өнгөрсөн дөрвөн сарын нэгэн”… Бидний амьдрал ийнхүү “дөрвөн сарын нэгэн”-дсээр явтал хорвоод “хүн” болж томилолтоор ирсэн хугацаа дуусдаг. Эрлэгийн элч ирээд “За, нөхөр минь үүргэвчээ бэлд. Аян замдаа гаръя” гэнэ. “Байзаараа би, Таван толгойн ноогдол ашгаа аваагүй байна. Жаахан хүлээ л дээ “ гэхэд “Нас чинь хүрэхгүй найз аа, чи одоо ная хүртлээ хүлээлээ. Дахиад наян жил хүлээх үү? Чиний томилолтын хугацаа дууссан. Чи харин “дөрөн сарын нэгэн” гэж хуурсаар зөндөө “унжлаа” гэвэл яах билээ.
Бүгд Найрамдах Монгол Улс гэхийг Бүгд Найрамдах Дөрвөн Сарын Нэгэн Улс гэвэл ямар байна? Засгийн газрын саарал ордныг “Дөрвөн сарын нэгэнчүүдийн ордон” гэвэл яасан юм бэ? Таарч байна уу? Ташаарч байна уу? Үнэнийг хэл дээ. \ Үнэнийг хэл гэнэ ээ? Долоон сарын нэгэн шиг дөрвөн сарын нэгэнд ч бас“үнэн” байхгүй байж мэдэх юм шүү \
Хал үзэж, халуун чулуу долоосон гэж хүнийг хэлж болдоггүй юм байна. Хадуураад хаашаа явчихав аа? Уургын морь шиг “улстөржчихсөн” харайж явах чинь. Уул нь би өөрийнхөө тухай ярих гэж байсан биш билүү? Тэгтэл төрийн төлөө “оготно” болчихсон хортой бяслаг хавчуулсан хавхан дээр харайх гээд зогсож байх чинь… Гэхдээ хашир анжгай нь худлаа хэлэхгүй ээ. За ингээд надад ямар явдал тохиолдсоныг муухан мушийгаад цааш нь өчсүгэй…
Хүний сэтгэл зүйгээр тоглох гэсэн мэт очиж очиж дөрвөн сарын нэгэнд бүхэл бүтэн гурван өрөө байр улсаас өгч, “ичиж үхэх дамшиг” болгоно гэж хэн санах вэ. \ Уул шугамандаа бол ийм баяртай мэдээ сонссон хүн баярлах ёстой. Үхэх багадаж, уйлах ихдэнэ гэдэг шиг \ Заавал дөрвөн сарын нэгэнд. Хоёрон, гурван, дөрвөнд ч юмуу таванд ч өгч болно шүү дээ. Тэгэхэд хүний “зугаа” болгох гэсэн мэт хүмүүс биенээ “хуурдаг” өдөр “алдарт дөрвөн сарын нэгэнд” байгууллагын дарга надад шинэ байрны түлхүүр гардууллаа.
Эхэндээ би “итгэ”-сэнгүй. Миний оронд хэн ч байсан “итгэх” байсан гэжүү? Дөрвөн сарын нэгний өдөр гээд бод доо. Өгч байгаа түлхүүрийг нь хоёр гардан хүндэтгэлтэйгээр тонгойн авч, духандаа адисласан хэрнээ л “жинхэнэ төмөр үү, хуванцар эд үү” гэж тэр хооронд алган дээрээ тавьж, жигнэж үзлээ. Нэгэн жигд цутгасан гурван ширхэг ив ижилхэн гялалзсан шар түлхүүр. Тэр агшинд тархи толгойд элдвийн л юм бодогдлоо. Байгууллагын дарга залуу хүн болохоор юу хийж байгаагаа сайн тунгаагаагүй, хөгшин настай хүнээр тоглоод эцэст нь юу болохыг тооцохгүй, “дарга” нь “цэргээ” яаж ч даажигнаж болдог хүнд суртлын аагаар залуу хүн “наадсан” байвал юу гэж хэлэх вэ? Даралт ихтэй өгөр толгой “харваж” гай болвол яана… Энэ залууд би хийсэн хэрэг, хэлцсэн гэм бий билүү? Тийн бодуут,
-Хүү минь би зүрх муутай хүн шүү. Тоглоом чинь шоглоом болохгүй бол үнэмшилтэй сайхан л “хуурдаг” хүүхэд байна гээд тавьчихлаа. Дарга малийтал инээж,
-Нээрэн, өнөөдөр дөрвөн сарын нэгэн билүү… Гэвч таныг би “хуурсан” зүйл огт үгүй гэж “гүрий”-лээ.
-Тэр тусмаа л би асууж байна. Анхааруулж байна…
-Байрны бичиг чинь нарийн бичгийн дарга дээр бэлэн болчихсон байгаа. Таны өмнөхөн би тамга дараад түүнд өгчихсөн гэж дарга залуу “тас мэлз”-эв.
-Тоглоод байна уу, тохуурхаад байна уу, хүү минь. Яагаад байна? Бие муутай зүрхний багтраатай хүн ялимгүй сэтгэлийн хөөрлөө даахгүй унаад өгнө гэж мэдээрэй. Үнэнээ хэлээрэй хүү минь. Би та нарын “тоглоомы”-г даахгүй байж чадах л хариугүй амьтан шүү…
-Үнэн болоод л танд би түлхүүрийг нь өгч байна шүү дээ. Тэтгэвэрт гарахаас чинь өмнө манай хамт олны танд барьж байгаа бэлэг энэ.
-Хүү минь чи хөгшин настай хүнээр… чи ч бас над шиг нэг хөгшин эцэгтэй хүн биз гээд би яахаа мэдэхгүй мэгшин уйлав.
-Тайвшир та. Би нарийн бичгийг дуудъя…
-Одоо бүр хоёул хоёулаа нийлж хуурах нь уу?… Эх захаа алдсан моньднуудыг эцэг эхэд нь хэлж турсагы нь хуулуулах сан…
-Үгүй дээ, таныг ердөө ч “хууръя” гэсэн хүн алга.
Хөгшин ах нь насаараа хүн хуурч ч, хууртагтаж ч явсан доль цохьсон толгой шүү. Намайг тийм амархан амаар минь шороо үмхүүлэхгүй дээ, төрхгүй булдруунууд минь гэж шазуур зуун бодов. Нарийн бичиг хүүхнийг орж ирэхэд дарга миний нэрийг хэлж байрны дэвтэр аваад ир гэж тушаалаа…
Хэдэн хормын дараа байрны шинэ дэвтэртээ үнэн худлыг мэдэхгүй матрын нулимс дуслуулсан би, намайг тайтгаруулах гэж аль байдагаараа хичээсэн дарга, нарийн бичиг хоёрын арга барагдан цөхөрсөн дуунд ухаан орлоо. Юм үзээгүй хүн чинь яах вэ дээ, гэнэт зүрх салгалаад явсан. Тэр чигтээ шоконд орчихжээ. Нарийн бичиг хүүхэн аянганд ус хийж авчраад нүүр рүү цацна. Дарга бичгийн хавтсаар намайг сэвнэ. Хүнд цохилтонд орсон боксчинг дасгалжуулагч нар нь “сэхээх” гэж үйлээ үзэж байгаатай адил санагдана.
Анагаахын сургууль төгссөн биш ч гэлээ анхны тусламжийн талаар багахан мэдлэгтэй тэд намайг өргөж, даргын өрөөний буйдан дээр хэвтүүллээ. Яах аргаа олохгүй сандарсан тэр хоёр айсандаа бараг “маань мэгзэм” уншсангүй. Ухаан жаал сэргээд бөндөгнөн сандрах тэр хоёрыг харсанаа гэнэт инээд хүрсэн боловч хүчээр биеэ барилаа. Яагаад ч юм тэр хоёрт “итгэх”-гүй байсан тул би нүдээ дахин анив. Энэ удаа санаатайгаар ухаан алдаж “жүжиглэхэд” сандарч мэгдсэн нөгөө хоёр түргэн дуудаж, намайг эмнэлэг рүү хүргэж өглөө.
Түргэний тэргэн дотор төмөр носилькин дээр нуруугаа амрааж “жаргачихсан” хэвтэж явахдаа би дотроо бага боловч сэтгэл хангалуунаар “ Хашир анжгай нь та хоёрыг яаж дийлэхээ мэднэ” гэж додигор явлаа. Тэрхэн хооронд дарга, нарийн бичиг хоорондоо бяцхан шөргөөцөлдөж, миний өмнө суусан дарга Өмнөд Солонгос, хойд талд суусан нарийн бичиг Хойд Солонгос болж, хошуу амаа муруйлгацгаав.
-Та зүрх муутай хүнтэй зөв харьцах хэрэгтэй шүү дээ
-Эртхэн дуулгаж баярлуулъя л гэж бодсон юм. Миний ааваас ялгаагүй настай хүн шүү дээ.
-Заавал та өдөр олдохгүй юм шиг өнөөдөр өгдөг нь юу ч вэ дээ?
-Маргаашнаас би ажлаар хөдөө явах тул нэг өдрийн өмнө ч гэсэн өгье гэж санасан минь ийм байдалд хүргэчихлээ… Хүн амины хэрэгт “орох” нь байна шүү дээ. Гайгүй л байгаасай…
-Муу “юм” болохоос нь өмнө гэр орныхонд нь дуулгах сан.
-Том хүүгийнх нь утас гээд надад түрүүн нэг дугаар өгсөн юм аа. Тэгэхдээ багатай нь яривал дээр байх аа…
-Яагаад та тэгж бодоов?
-Айлын бага нь “өв залгамжилдаг” биз дээ.
Эд ч намайг амьдаар нь “оршууллаа л даа”. Бага хүү маань Сеүлд сурдаг юм. Өв залгамжлагчын тухайд бол би дунд хүүдээ л илүү санаа тавьдаг юм. Ааваа гэдэг сэтгэлийг нь үнэлээд гурван өрөө байраа түүнд өгөхөд надад харамсах зүйлгүй. Шинэ байрандаа орж амжаагүй байж, төгсгөлийн “үг захиас”-аа бодож явдаг би нээрээ дүүрчихсэн эр ээ. Энэ хоёр л намайг ийм “оршуулгын” байдалд хүргэчихлээ. Амьд хүний дэргэд авсных нь урт өргөнийг нь бүү яриарай гэж захимаар юм байна. Хэлмээр юм байна. Мэдмээр юм байна…
Эмч тариа хийгээд явсаны дараа хэсэг зүүрмэглэжээ би. Сэрээд дэрний дэргэд байгаа гар утсаа харлаа. Чингээд утсаа шүүрч аваад гэр рүүгээ яаран залгав.
-Надад гурван өрөө байр өглөө. Наран талдаа цонхтой гэж хараагүй байж “давслан” хэлэхэд минь эхнэр чимээгүй хэсэг болсоноо уртаар амьсгаа авч,
-За, Дорлиг минь чи намайг хуурах гэж байгаа бол чадахгүй шүү. Ажил чинь тарсан юм бол эртхэн ирж ач хүүгээ салхинд гаргаж тоглуул гэж өөдөөс хангинав. Надад хэлэх үг олдсонгүй.
-Сонсож байна уу? Би эмнэлэгт “мажийх” гээд хэвтэж байна гэж сулхан дуугаар гонгиноод ч ашиг олсонгүй.
-Дорлиг гуай та, намбатай өтлөөрэй. Бас эмнэлэгт хэвтсэн гэнээ… Чи надаар хичнээн жил тоглов. Гэрээсээ явлаа гэж чемоданд хувцсаа чихээд “айлгаж” байсан. Гэдэс өвдлөө гээд жорлонд орж суучихаад нэг оройжин юм болоогүй юү. Эрүүлжихэд байна. Ирж ав гэж утастдаад том хүү бид хоёрыг гэрээс гарахад орцон дотор юу ч болоогүй юм шиг инээгээд зогсож байсан биз дээ. Тоглоом тоотой нь дээр гэдэг дээ. Одоо чамд би итгэнэ гэж дэлхий “сөнөсөн”-тэй ижил гэж эхнэр дуугаа чангаруулав.
-Дуугай аяд, дүлий дүмбэ минь. Чиний чих рүү алт хийсэн ч адилхан, ус хийсэн ч адилхан. Гурван өрөө байртай боллоо гэж чамд хэлэх байрны гадаа үмхэрсэн өвгөн нарсанд хэлэх хоёр ижилдээ ижил, годилдоо годил шив дээ… Зүрхээр хатгаад, ажил дээрээ унаад эмнэлэгт байна… Дарга эмнэлэгт хүргэж өглөө… Наад хүүхдүүдээсээ явуулж намайг гарга гэхэд эхнэр,
-Дорлиг гуай, та “дөрвөн сарын нэг”-ний инээдмийн “жүжгээ” больвол дээргүй юү. Хөгширсөн хойноо амьтны шившиг болоод… Сэхээнд орохоор чинь би өөрөө яваад очъё. Гэрээслээ бичээд хүлээж байгаарай гэж үгээ тасаллаа. Хичнээн хэлээд ч эхнэр миний үгэнд үнэмшдэггүй дээ. Бүр ач хүүд минь утсаа өгч, түүгээр “Өвөө, дөрвөн сарын нэгэн” гэж хэлүүлэв. Арга барагдаад том хүү рүүгээ утастлаа.
-Аав аа, та намайг насаар минь хуурсан. Болъё, залхаж байна. Дөрвөн сарын нэгэн болохоор та нэг л сайн эцэг хүн шиг миний хүү юу хүсэж байна? гэж асуугаад тийм юм хүсэж байна гэхээр биелүүлнэ гэж амлаад дараа нь үгнээсээ буцаж “Дөрвөн сарын нэгэн байсан” гэж бултдаг байсан шүү дээ… Түрүүн дарга чинь нэг тиймэрхүү юм ярихаар нь итгээгүй юм. Таныг даргаараа “яриулжээ” гэж бодсон үнэн байна. Жилээс жилд таны хуурдаг арга улам “нарийсаж” байна шүү гээд утсаа тасаллаа…
Уралдааны улаан машин хүссэн хүний хүсэлтийг яаж биелүүлэх билээ. Нисдэг тэрэг авахуулна гэсэн хүүдээ жирийн нэгэн албан хаагч авч өгч чадах уу?… Нэг удаа Сильвистер Сталлонетэй хамт кинонд тоглуулаач гэж гуйсан. Бас нэгэн удаа Арнольд Шварценеггерийнд очиж оройн хоол буудъя гэсэн. Азаар дөрвөн сарын нэгэн байсан болохоор би “тэг дээ хүү минь, дараа нь зав гарахаар хамтдаа очъё” л гэж хариулдаг байсан билээ. Хүүгийнхээ хүслийг биелүүлэх “чаньдмана эрдэнэ” \ авилгачин \ биш болохоор би дөрвөн сарын нэгнийг сонгодог байсан нь ч учиртай байх. Магадгүй манай сэргэлэн дамшиг манийхаа чадлыг мэдэх хойно зориуд “бүтэхгүй” юм хүсэж намайг бас хөөрхөн “дөнгөдөг” байсан биз ээ… Дунд хүү жаахан түгшүүртэй дуугаар,
-Та солиороогүй биз дээ гэж асуув…
Энэ бас учиртай үг. Арваад жилийн өмнө дөө. Ажлаасаа тарж яваад гэрийнхээ ойролцоо хэдэн хүлэмцүү “гайхлуудад” олзлуулав. Гар буу барьсан “дээрэмчин” этгээд цохон дээр хүйтэн буугаа тулгаад “Ах хүү ч албаны хувцастай хүн байна. Арай бидэнд мөнгө байхгүй гэж худлаа хэлэхгүй юм байгаа биз дээ” гэж инээлээ. Дөрвөн сарын нэгэнд цалин буудагыг хэлэх үү, хоёр яс хавталзав. Гэвч өрхийн тэргүүлэгчийн үүргээсээ буцаж няцахгүйг шийдээд “ Авгай өдөр ирээд хамаг мөнгийг минь хамаад явсан. Мөнгө харахаараа ах нь дуусгаж байж санаа амардаг “архичин” новш” гэж заль зохиолоо. Миний хариулт нэг талдаа тэдэнд таалагдсан ч нөгөө талдаа “хангалтгүй” байв. “Гар утас бий юү?” гэж байна. “Бий бий. Гэхдээ ах нь сүүлчийн удаа утсаараа гэрийнхнийгээ хуураад өгье” гэж гуйлаа. Тэгээд би утсаараа утастдахад дунд хүү авч таарав. “Аав нь гудамжинд “барьцаалагдчихлаа”. Ээжээсээ мөнгө аваад хүрээд ир” гэж хам хум яаран хэллээ. Мэдээж, дөрвөн сарын нэгэн юм чинь, хэн ч ирэхгүй нь ойлгомжтой.
За ингээд утасгүй болж дээ. Цэргийн баяраар том хүү минь бэлэглэсэн шинэ утас юм сан. Сар болохгүй “дээрэмчдэд” тушаав аа гэж бодоод утсаа дурамжхан сарвайвал нөгөө гар буу тулгасан гайхал түсхийтэл инээсэнээ “ Дөрвөн сарын нэгэн. Танаар тоглосон юм. Харин тамхи байвал ганцыг угзруулаач ах аа” гэдгийм. Би ч баярласандаа хайрцагтай тамхиа гаргаж тэднийг дайлах үедээ нөгөө “гар буу” нь асаагуур болохыг мэдэж үхтлээ ичиж билээ… Дунд хүү энэ үед байшингийн булангаас намайг тойрон зогсож байсан залуусыг хөхрөлдсөөр салан явахыг хараад “барьцааны асуудал” тийм ч ул суурьгүй зүйл байгаагүй гэдэгт бяцхан итгэсэн гэдэг… Манай гэрийнхэн дөрвөн сарын нэгэнд надад итгэхээ больсон ч дунд хүү нэг л сонин, миний үгэнд үнэмшээд байдаг гэнэн амьтан билээ.
Охин болохоор,
-Ээж ээ, аав намайг урьдынх шигээ хуурна гэж бодож дээ. Надад тийм даашинз авсан, ийм гутал авсан гэж олон удаа хуурсан даа. Одоо юу гэж аавд хуурагдах вэ гээд ээжтэйгээ нийлээд жигтэйхэн.
Худалдаж авах тухайд бол ээж нь л шийддэг. Би бол мөнгөөр “хангах” үүрэгтэй хүн. Моод сооды нь мэдэхгүй би арван долоо хүрсэн охиндоо амаараа “авч” өгөхөөс цаашгүй… Гэр бүлийнхэнтэйгээ “баяр”-аа хуваалцаж чадаагүйдээ бяцхан гомдсон ч сэгсгэр ч гэсэн ээж минь гээд намайг ганц “ойлгох хүн” гэсэн найдвараар ная шахсан ээж рүүгээ ярилаа.
-Ээж ээ, хүү нь шинэ байртай боллоо.
-Юу гэнэ ээ, шинэ баартай болсон юмуу чи? Байргүй байж юун баарсаг юм гэж ээж буруу дуулна… Дүүдээ хэллээ.
-Ахаа, таны үгэнд хэн итгэх вэ. Ядаж дөрвөн сарын нэгэн биш бол юу хэлээд байна гэж бодох сон… Хичнээн жил хуурах гэсэн юм бэ? Раамандаа яйжгинаач та?…
Насаараа үерхсэн хамгийн дотно анддаа дуулгав. Тэгсэн өөдөөс “Чи намайг дөчин жил хуурсан. Дөчин нэг дэхээ арай хууртагдахгүй шүү “гэж зөрүүдлэв. Жаахан хашир зантайгаараа дунд хүү юмыг яаж мэдэх вэ, зүрх муутай юм чинь “явчихаж” магадгүй гээд эмнэлэг дээр хүрээд иржээ. Яаралтай арга хэмжээ авсан болохоор эм тарианы ачаар зүрхний ачаалал хэвэндээ орсон гэж эмч үзсэн тул намайг хүүтэй минь явуулав. Гэртээ очоод түрүүнээс хойш хуруунаасаа салгаагүй холбоотой гурван түлхүүрээ гаргаж,
-Түлхүүр нь энэ байна. Маргааш шинэ байранд орно гэж мянга хэлсэн боловч гэрийнхэн маань хэн нь ч надад “хууртагдсан”-гүй. Байрны бичгээ үзүүлэх гэтэл дарга гэж надаас дутахгүй “мартамхай” нөхөр мартаад аваад явсан байв. Сүүлдээ өөрийн эрхгүй ядарч орон дээрээ дунгуй хатган уналаа. Өнөр ам бүлд балчирдсан бяцхан ганц өрөөндөө бэр, хүргэн, ач зээтэйгээ нийлээд ишиг хурга шиг холилдсон мэт чихэлдээд бид бүр дасчихжээ. Гэсэн ч өвчин “хөдөлсөн” болохоор шаагилдсан олны дунд орохоор зүрх дахиад дэлсэж эхлэв.
Гэрийнхэн маань дөрвөн сарын нэгэн болгоноор надад “хууртагдсаар” “итгэдэг” хүн нэг ч байхгүй болсон юм. Жил болгон л би нэг шинэ хуурах санаа олж, тэднийг “мэхэлсээр” сүүлдээ “үнэ хүнд”-ээ ч алджээ. Шинэ машин худалдаж авлаа гээд танилынхаа машины түлхүүрийг үзүүлээд дараа нь “баригдаж” байлаа. Америкт томилолтоор явахаар боллоо гэж хүний онгоцны тийз харуулаад “азаартаж” явлаа.
Миний гар цаасанд хүрэхээрээ мөнгө болгодог болчихлоо гэж нэг удаа хүнээс сурсан “илбийн номер” үзүүлж “чадсан” юм. Дараа нь миний амнаас бурхан гардаг боллоо гэж амнаасаа жижиг гуулин бурхан гаргаж тэднийг дамшигласан билээ. Жилийн жилд яаж ийгээд тэднийг “дөнгөчихдөг” байлаа.
Харин энэ жилийн “тоглолт” үнэнээсээ байсан боловч “үзэгчид” “хөгжөөн дэмжигчид” маань даанч дэмжсэнгүй. “Даралт нь ихдээд “солиорч” байна. Тайван байлга” гээд намайг хөнжлөөр нөмрөхөд миний үгэнд итгээгүй тэдэнд гомдсон би гэнэт гэдэн хөдөлж, орон дээрээ хөнжлөө тийрэн үсэрч,
-Маргааш би ганцаараа шинэ байранд орно. Та нар нурах дөхсөн зуун айлын нэг өрөө умгар хуучин байрандаа гурав давхарлаад насаараа амьдраарай. Өнөөдөр та нар намайг ямар байдалтай байсаныг мэдэж байна уу? Өөрийгөө ч даргыгаа ч эвгүй байдалд орууллаа. Тэгэхэд та нар “дөрвөн сарын нэгэн” гэж мэдрэлдэж байхын оронд эмнэлэг рүү аяга шөл дөхүүлээд өгчихгүй хүн муутай жудагггүй амьтад юм аа… Та нар эндээ үлдээрэй. Маргааш би шинэ байрандаа очиж дээлээ дэвсээд хэвтээд өгнө гэж давтан давтан орилж, хамаг амьтныг “үймүүлсэн” учир айж сандарсан тэд “холбогдох” газарт хэдийн яаралтай дуудлага өгчээ…
Дарга надад биеэ тэнхрүүл гэж долоо хоногийн цалинтай чөлөө олгосон болохоор маргааш өглөө нь шинэ байр руугаа шарандаа ганцаараа “нүүе” гэж шийдсэн би өөрийнхөө ойр зуурын эд зүйлийг тор саванд хийж орныхоо дэргэд тавьсаныг үзээд гэрийнхний маань нүд арван тавны сар шиг “туяа” татуулж байв. Ядаж байхад хэлд дөнгөж орж буй ач хүү томчуудаасаа үнэгүй “мэдээлэл” авсан бололтой “Өбөө галжуу” гэж хэлээд надаас “жавтий хүртэж” гэр дүүрэн уйлаан болов.
Хайртай ачаа “айлгадаг” өвөө “галзуу” биш бол хэн “галзуу” байж болох вэ?… Зурагтын дэлгэцээр хошин шогийнхон муурч унатал “инээлгэж” байсан тэр инээдмийн баярын өдөр ихэд сонирхолтой содон “онош” тавиулсан миний бие өөрийн санамсаргүй “найруулсан” эмгэнэлт жүжгийнхээ “гол баатар” болчихсон нус нулимстайгаа хутгалдчихаад хөгөө хөлдөө чирч байсан юм. Үгүй би явахгүй, маргааш шинэ байрандаа нүүж очно гээд сумын заанаас дутахааргүй биетэй хоёр том асрагчтай хүлүүлэхгүй гэж ач тач “тэмцэлдсэн” намайг “галзуу хүний дэргэд галзуу гэж хэлж болдоггүй юм гэнэ лээ” гэсэн эхнэрийн минь үг бүр “галзууруулж” орхиж билээ…
www.fact.mn
URL: