Иргэдээ “ХӨӨДӨГ” Ерөнхийлөгч

president_last_111-213x300Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн зарлиг гаргасан гэнэ. Гэхдээ бүр эцэг хуулийн хамгийн чухал гол заалт болох Монгол Улсын иргэн байх эрхийг нь хасчээ. Баян-Өлгий болон бусад аймаг, хотод амьдарч буй казах иргэдийг Бүгд Найрамдах Казахстан улсаас ирсэн нэрсийн жагсаалтаар хэмээн Монгол Улсын харьяатаас хассан тухай мэдээлэл түгэв. Тодруулбал, 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дөрвөн удаагийн зарлигаар 17665 хүн, 2011 онд хоёр удаагийн зарлигаар 995 хүн, 2012 онд таван удаагийн зарлигаар 4991 хүнийг тус тус иргэн харьяаллаас хассан аж. Тус улсын иргэн болсон гэх үндэслэлээр харьяатаас хасагдсан гэх энэ хүмүүс Монгол Улсын харьяатаас гарах тухай хүсэлт гаргаагүй бөгөөд Монгол Улсын иргэний тооноос хэзээ хасагдсанаа ч мэдэхгүй явсаар сонгууль болоход мэдсэн гэнэ. Түүнээс гадна Бүгд Найрамдах Казахстан улсаас ирсэн нэрсийн жагсаалтад байгаа хүмүүстэй нэр нь давхцсанаас болж харьяатаас хасагдаж хохирч буй олон иргэн байгаа тухай ч зарим хүн шивэр авир хийх болжээ. Түүний дотор амьдралдаа Монгол Улсын хилээр гарч үзээгүй, гадаад паспорт авч үзээгүй тахир дутуу тэргэнцэртэй хүн, бага насны хүүхдүүд ч багтсан сурагтай. Иргэний харьяаллаа алдсан иргэд тэтгэвэр, тэтгэмж, халамж үйлчилгээ хүртэх, хөдөлмөрлөх эрхгүй болж өдрөөс өдөрт амьдрах нөхцөл нь хүндэрч Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдөж байгаа юм байна. Иймээс Баян-Өлгий аймгийн дарга Х.Дармен энэ асуудлыг шийдэж өгөхийг хүссэн албан бичгийг 2013 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Бакей, А.Тлейхан нарт өгчээ.

Мөн тэднийг цааш нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг уламжилахыг хүссэн байна. Тэрбээр “Монгол Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Ардчилсан ёс, шударга ёс эрх чөлөө тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арвантавдугаар зүйлийн 15.1-т “Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно”. 15.2-т “Монгол Улсын иргэний харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно”. Харьяатын тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.2-т “Монгол Улсын харьяат гадаад улсад оршин суух нь иргэний харьяаллаа алдах үндэслэл болохгүй”, 3.5-д “Монгол Улсын иргэний харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно”, 11дүгээр зүйлд “Энэ хуулиар тогтоосон журмын дагуу Монгол Улсын харьяат өөрийн хүсэлтийн дагуу Монгол Улсын харьяатаас гарч болно” гэж тус тус хуульчилсан байтали Монгол Улсын харьяатаас гарах хүсэлтээ албан ёсоор гаргаагүй иргэдийг Харьяатын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний харьяаллыг алдах үндэслэлд хамаарахгүй Казахстан улсаас ирсэн регистрийн дугааргүй, баталгаагүй нэрийн жагсаалтаар харьяатаас бөөнөөр нь гарах асуудлыг таслан зогсоох талаар холбогдох арга хэмжээ авах шаардлагатай байна” гэжээ.

Мөн Монгол Улсын Харьяатын тухай хуульд “Иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох тухай өргөдлийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар уламж­лан Ерөнхийлөгчид гаргах бөгөөд гар­гасан өргөдлийг хүлээн авч, хянан хэ­лэлцэж шийдвэр гаргах хугацаа зургаан сараас хэтрэхгүй байна” гэж заасан бо­ловч иргэний харьяаллаа сэргээлгэхээр гаргасан дээрх иргэдийн хүсэлт хуульд заасан хугацаандаа шийдвэрлэгдэхгүй, ямар ч хариу өгөхгүй олон жил хүлээлгэж чирэгдэл учруулж буйг онцолжээ.  Энэ асуудлыг өмнөх Засгийн газрын үед Монгол Улс Бүгд Найрамдах Казахстан улсын Засгийн газар хоорондын хялбар­чилсан журмаар шийдвэрлэх талаар яриа хэлэлцээр эхэлсэн боловч шийдвэрлэж чадаагүй аж. Иймээс дурьдаад шинэч­лэлийн Засгийн газар энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, яаралтай шийд­вэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүсчээ. Энэ хүсэлт гараад өдгөө сарын хугацаа өнгөрсөн. Одоогоор ямар нэгэн хариу аваагүй байгаа гэнэ.

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих