Умард Солонгосын цөмийн хөтөлбөр ба Монгол Улс
Хэдийгээр Умард Солонгос нь манай улстай хиллэдэггүй, тэдний асуудал бидэнд хамаагүй мэт санагдавч нөгөө талаар манай улсын хоёр том хөрш БНХАУ ба ОХУ-тай хиллэж, манай улсын зүүн хойд талд тун ойрхон оршдог нь газрын зургаас илхэн харагдана. Монгол ба Умард Солонгосыг багтаагаад энэ хэсэг газрыг Зүүн Хойд Азийн (ЗХА) бүс нутаг гэж үздэг. Мөн Умард Солонгос манай гол түнш Япон, Өмнөд Солонгос зэрэг улстай залгаа, цаашилбал манай “гуравдагч хөрш” АНУ-ын сонирхлын бүстэй хаяа залгасан улс юм.
УМАРД СОЛОНГОСЫН ГЕОПОЛИТИКИЙН АЧ ХОЛБОГДОЛ
1945 онд дэлхийн II дайнд Япон ялагдал хүлээхэд тэр үед японы колони байсан солонгосын хойг АНУ ба ЗХУ-ын цэргийн хоёр бүсэд хуваагдаж, улмаар 1948 онд Өмнөд ба Умард Солонгос гэсэн хоёр улсад хуваагджээ. Ийнхүү солонгосын хойг хоёр системийг зааглагч нутаг дэвсгэр болж, Умард Солонгос ЗХУ-ын нөлөөний социалист улс, харин Өмнөд Солонгос АНУ-ын нөлөөний капиталист улс болсон. Мөн Умард Солонгосын удирдагч Ким Ир Сен ЗХУ-ын нөлөөн дор солонгосын хойгийг социализмын туган дор нэгтгэхийг санаархсан оролдлогын үр дүнд солонгосын дайн дэгдэж, тэрхүү дайнд АНУ татагдан орж, Ялу голын эрэг буюу хятадын хил хүртэл давшилт хийсэн нь Киссинжерийн дүгнэж бичсэнчлэн “Хятадад америкийн аюулыг мэдрүүлснээр” Умард Солонгосын геостратегийн ач холбогдол тодорч, Умард Солонгос нь Америк-Хятадын хооронд бамбай (буфер) улс болохын эхлэл тавигджээ. Энэ нь хятад-оросын хооронд Монгол улс бамбай (буфер) улс болсонтой адил юм. Энэ үеэс Умард Солонгос БНХАУ-ын геостратегийн маш чухал ач холбогдолтой улс болжээ. Үүний баталгаа нь 1961 онд хоёр орны хооронд цэрэг, улс төрийн холбоотны гэрээг байгуулсан явдал юм.
Орчин үед БНХАУ бүс нутагтаа тэргүүлэгч улс болж, АНУ-тай дэлхийн тэргүүлэгч улсын төлөөх өрсөлдөөнд БНАСАУ Хятад улсын хувьд бүс нутагт АНУ-ын давамгайллыг гаргуулахгүй байх ач холбогдолтой бол АНУ-ын хувьд ардчилал, либерализмын үзэл суртал дор солонгосын хойгийг нэгтгэх нь бүс нутаг, дэлхийн хүчнийг тэнцвэржүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Хятад улс БНАСАУ-ын статус кво-г хадгалахыг хүсч байгаа бол АНУ тус улсыг Ардчилсан улс болгохыг хүсч байна. Хойд Солонгосын өөр нэг том хөрш ОХУ-ын хувьд БНАСАУ-тай алс дорнодын хязгаарын зурвасхан газраар хиллэж, оросын хөгжлийн бүсээс алсад оршдог зэрэг геополитикийн хувьд ач холбогдлоороо хятадынхад хүрэхгүй ч цаашид ОХУ-ын бүс нутгийн амбиц өсөхийн хирээр Умард Солонгосын ач холбогдол нэмэгдэж байна.
УМАРД СОЛОНГОСЫН ЦӨМИЙН ЗЭВСГИЙН НӨЛӨӨ
БНАСАУ нь хувийн өмчгүй, улсын өмчид суурилсан социалист эдийн засгийн харилцаатай, улс төрийн хувьд нэг хүний, үе залгамжилсан авторитар дэглэмтэй улс юм. 1990-ээд онд социалист систем задран унахад тус улс дэглэмээ хадгалж үлдсэн явдал нь Умард Солонгосын удирдагч Ким Ир Сен болон түүний хүү Ким Жон Ирийн БНАСАУ-д тогтоосон диктатуртай холбоотой. Энэ үеэс БНАСАУ эдийн засгийн маш хүнд байдалд орж, өлсгөлөнд хүртэл нэрвэгдэж байсан ч дэглэмээ хадгалж үлдэхийн тулд улс орноо цэрэгжүүлж, туйлын хаагдмал орон болсон төдийгүй цөмийн зэвсэгтэй улс болж, ингэснээрээ оршин тогтнолоо байталгаажууллаа гэж үзжээ. БНАСАУ 2006 оны есдүгээр сард анх удаа цөмийн туршилт хийж, дэлхий нийтийг цочирдуулсан. Үүний хариуд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс БНАСАУ-д зэвсэг, цөмийн зэвсэг үйлдвэрлэх материал болон мөн тансаг эд зүйлсийн экспортыг хориглосон (НҮБ-ын АЗ № 1718 тогтоол) тогтоол гаргаж, АНУ ба Япон улсууд тус улсын эсрэг цэргийн хязгаарлалт хийх хүртэл арга хэмжээг санал болгож байсан ч БНХАУ “Умард Солонгосын цөмийн туршилтанд ямар нэгэн шийтгэл үзүүлж, хориг тогтоох хэрэгтэй” гээд “тэр хориг нь эрс хатуу ч эерэг, тохирсон байхад анхаарах хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлснээр цэргийн хязгаарлалтыг хасч байжээ. Ер нь Хятад улс Умард Солонгосын цөмийн зэвсгийг эсэргүүцэж байсан ч тус улсын талаар баримталж байсан бусад орны хатуу байр суурийг байнга зөөллөж байсныг дурдах хэрэгтэй. Мөн Хятад улсын санаачлагаар Умард Солонгосын цөмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Умард, Өмнөд Солонгос, АНУ, БНХАУ, Япон, ОХУ-ыг багтаасан зургаан талт хэлэлцээрийг зохион байгуулж, 2003-2007 он хүртэл хугацаанд нийт зургаан удаагийн олон шаттай хэлэлцээр хийсэн ч тодорхой үр дүнд хүрэлгүй зогссон байдалтай байна.
Саяхан 2013 оны хоёрдугаар сард Ким Ир Сенизмын гурав дахь үеийн төлөөлөл, ач хүү өнөөгийн БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ын-ы засгийн газар гурав дахь удаагийн цөмийн туршилт хийснийг дэлхий нийт буруушааж, НҮБ-ээс Умард Солонгосын эсрэг хатуу хоригийн тогтоолыг боловсруулахад хүрэв. Үүнд БНХАУ Умард Солонгосын эсрэг НҮБ-ын АЗ-ийн хоригийг АНУ-тай санал нэгтэй дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Энэ нь БНАСАУ-ын Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгоход илүү их хүчин чармайлт гаргахнээ гэж харагдаж байна. Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудал Хятадын хувьд “шүдний өвчин” болсон асуудал яах аргагүй мөн ажээ. Учир нь Умард Солонгосын цөмийн зэвсэг хөрш зэргэлдээ Япон болон Өмнөд Солонгосын аюулгүй байдалд шууд заналхийлснээр тэдгээр улсын засгийн газар, олон нийтийн асар их эсэргүүцлийг зүй ёсоор төрүүлж байна. Япон-АНУ-ын хооронд байгуулагдсан “аюулгүй байдлын гэрээний” үндсэн дээр АНУ Японд цэргээ байрлуулж, аюулгүй байдлыг нь хангах үүрэг хүлээжээ. АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга асан Х.Киссинжер мэдэгдэхдээ “АНУ-ын хувьд бусад бүх харилцаанаас Японтой тогтоосон холбоо бол хамгийн их ач холбогдолтой нь юм” гэж Япон- АНУ-ын харилцааг тодорхойлж байжээ. Өмнөд Солонгосын хувьд ч мөн адил “харилцан хамгаалах” гэрээний дагуу АНУ-ын цэрэг тус улсад байрлаж, АНУ-ын “хамгаалалтын шүхрийн” дор оршдог ажээ. Сүүлийн үед Умард Солонгосын цөмийн зэвсэгтэй болсон явдал, тэдний удаа дараагийн өдөөн хатгалга Япон, Өмнөд Солонгос зэрэг орон аюулгүй байдлаа хангах зорилгоор цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдал гаргахыг үгүйсгэх аргагүй хэмжээнд хүрчээ. Үүний болзошгүй жишээ гэхэд Япон цөмийн үйлдвэрлэлийн технологоор дэлхийд дээгүүрт ордог орон бол Өмнөд Солонгос 1970-аад оны эхээр нууцаар цөмийн зэвсэг хийх үйл ажиллагааг хүртэл эхлүүлж байсан ба хариуд нь АНУ цэргээ гаргаж эхэлсэн тул тус улс АНУ цэрэг бүрэн гарахаас болгоомжлон цөмийн зэвсэг хийх үйл ажиллагаанаасаа татгалзаж байсан зэргийг дурдахад л хангалттай бизээ. Цаашилбал Тайвань ч 1950-аад оноос цөмийн шинжилгээний хөтөлбөр боловсруулж, 1988 онд АНУ-ын шахалтаар зогсоож байсныг санах хэрэгтэй. Эндээс харахад ЗХА-ийн бүс нутагт цөмийн зэвсэггүй статустай Монголоос бусад бүх улс цөмийн зэвсэгтэй болох боломж байгаа ба хэрвээ Умард Солонгосын цөмийн зэвсгийн аюулыг зайлуулахгүй бол энэ бүс нутаг цөмийн зэвсгийн аюулын голомт болох тун ойрхон байна гэсэн дүгнэлтэнд хүрч болохоор байна. Тийм учраас БНХАУ-ын хувьд Умард Солонгосын “статус кво”-г хадгалж үлдэхээс илүүтэй Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох асуудал илүү чухал байж болох юм.
МОНГОЛ-УМАРД СОЛОНГОСЫН ХАРИЛЦАА
БНМАУ БНАСАУ-тай 1948 онд дипломат харилцаа тогтоосноос хойш өнөө хүртэл хэвийн сайн харилцаатай явж ирсэн. Солонгосын дайны үеэр БНМАУ Хойд Солонгост багагүй хэмжээний тусламж үзүүлсэн юм. Үүнийг Тайваний эрх баригчид мушгин гуйвуулж БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэхгүй нэг шалтаг болгож байсан явдал бий. Хүйтэн дайны үед хоёр улс эдийн засгийн гэхээсээ улс төр, соёлын илүү сайн харилцаатай байжээ. БНМАУ Хойд Солонгосын байр суурийг НҮБ-д идэвхтэй дэмжиж, олон улсын байгууллагын өмнө хоёр улс бие биенээ дэмжиж, социализмын байр сууринаас ихэнх асуудал дээр санал нэгдэж, нам төрийн дээд хэмжээний айлчлалууд тасралтгүй явуулж байсан байна. 1986 онд БНМАУ, БНАСАУ-ын хооронд найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулагдсанаар хамтын ажиллагааны эрх зүйн үндэс тогтсон бол энэхүү гэрээг 2002 онд шинэ нөхцөл байдалтай уялдуулан шинэчилжээ. Хоёр орны эдийн засгийн харилцаа багахан хэмжээтэй бараа, товар солилцох төдийхнөөр хязгаарлагдаж байсан нь тэр үеийн социалист эдийн засгийн онцлого буюу хязгаарлагмал хэрэгцээ, нөгөө талаар улс төрийн тодорхой шалтгаанаар ( ЗХУ ба БНХАУ-ын зөрчил, нэг улсаас хэт хараат бодлого г.м) тайлбарлагдана. Гэхдээ хоёр орны хооронд БНАСАУ-ын Чөнжин усан боомтыг ашиглах, Монголын таван толгойн коксжсон нүүрсийг ашиглахад хамтран ажиллах зэрэг томоохон төслүүд яригдаж байсан. Мөн БНАСАУ-аас Монголд виналоны үйлдвэр барьж өгөхөөр болж, 20 гаруй оюутанг өөрийн зардлаар сургаж байсан зэргийг дурдахад эдийн засгийн сонирхол тодорхой хэмжээнд байсныг харуулж байна.
1990-ээд онд социалист систем задран унаж, Монгол ардчилсан улс болсны дараа хоёр орны харилцаанд нэлээд том өөрчлөлт орж, харилцаа хэсэг хугацаанд тасалдах хэмжээнд хүрч байсан. Монгол Улс Өмнөд Солонгостой дипломат харилцаа тогтооход БНАСАУ ихээхэн эсэргүүцэж, дараа нь эдийн засгийн хүндрэл гэдэг шалтгаанаар 1999 онд элчин сайдын яамаа хааж байсан ч 2004 онд дахин нээснээр хоёр орны харилцаа хэвийн болж хөгжжээ. Ингэж хэвийн болсон нь хоёр орны харилцааны хэрэгцээ, шаардлагыг илэрхийлэхийн хамт ялангуяа Монгол улсын тус улсыг ганцаардуулахгүй гэсэн тууштай бодлого, нөгөө талаар хоёр орны харилцан сонирхлоор тодорхойлогдоно. Энэ үеэс хоёр орны дээд хэмжээний уулзалтууд тогтворжсон ба улс төрийн харилцаанаас илүү прагматик, бие биеийн ашиг сонирхлыг харгалзсан эдийн засгийн харилцаа руу шилжиж байна. Үүний нэг жишээ нь Монгол улсад Хойд Солонгосын ажилчдыг хоёр орны засгийн газрын хэлэлцээрийн дагуу ажлын байрны төлбөрөөс чөлөөлж оруулж ирснээр одоогийн байдлаар барилга, оёдлын үйлдвэр зэрэг аж ахуйн нэгжид 3000 орчим ажилчин ажиллаж байна. Цаашид Монгол Улсын бүтээн байгуулалтад Хойд Солонгосын “хямд” ажиллах хүчний хэрэгцээ их байх нь тодорхой тул ажилчдын хөлсний асуудлыг нэг түвшинд тогтоох явдал Монголын талын шийдвэрлэх асуудал болж буй юм. Энэ мэт эдийн засгийн харилцаа Умард Солонгос оршин тогнохын тулд бага багаар нээлттэй болох тусам улам бүр идэвхжих нь тодорхой юм. Хойд Солонгос дэлхий нийтийн чиг хандлагад нэгдэн орсноор Монгол улс солонгосын хойгтой шууд төмөр замаар холбогдох боломж нээгдэх нь хоёр орны харилцаа төдийгүй бүс нутгийн интеграцчилалд чухал ач холбогдолтой зүйл болох юм.
ДҮГНЭЛТ
Монгол-Хойд Солонгос нь нэг бүс нутгийн, геополитикийн хувьд харилцан хамааралтай улсууд тул сайн харилцаатай байх нь чухал бөгөөд цаашид илүү прагматик харилцааг түлхүү хөгжүүлэх нь хоёр орны ашиг сонирхолд нийцнэ. Солонгосын хойгийн тогтвортой байдал манай улсын тогтвортой хөгжилд ихээхэн нөлөөтэй тул Монгол Улс солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхэд оролцох нь зүй ёсны асуудал гэж үзэж байна. Энэ нь зургаан талт хэлэцээрийн хоёр талууд, тухайлбал Япон-Умард Солонгосын уулзалтууд Улаанбаатарт зохион байгуулагдах болсон, мөн зургаан талт хэлэлцээрт оролцох асуудалд Умард Солонгосын тал илүү нааштай хандлагатай болсноос харагдаж байна. Эцэст нь хоёр орны харилцаа богино хугацаанд улс төрийн харилцаа зонхилох ч цаашид улс төр-эдийн засгийн, хүмүүнлэгийн харилцаа руу шилжих ирээдүй байна.
С.Батсайхан (Солонгос судлаач)
URL: