Анагаахын сургуулиудад анхаарал тавихгүй бол эмч нэртэй эрлэгийн элч бэлддэг болчихоод байна
Одооны энэ эмч нар ч дээ Олон хүний амнаас цөхрөнгөө барсан ийм уг гарах болов.цагийн сайханд цагаан нөмрөгтөн алтан гартан гэгдээд шүлэг дуунд хүртэл мөнхөрч явсан эмч сувилагч нарын нэр хүнд яагаад ийнхүү навс унах болов оо. Ерөөсөө л сүүлийн үеийн анагаах ухааны мэргэлжилтэн бэлтгэдэх тогтолцооны гажигтай холбоотой гэчихвэл хангалттай хариулт болох билээ. Муу хэлээд ад шоо үзээд байдаг соц нийгмийн үед Анагаах ухааны дээд сургууль гэж эмч мэргэлжилтэн бэлтгэдэг цор ганц сургууль байв. Энэ сургуульд хэр баргийн аавын хүү орно гэж саналтгүй. Бүх хичээлдээ онц суралцсан ирээдүйд эмч болох хүсэл сонирхолтой сэтгэл зүйн бэлтгэлттэй байх гээд их олон шалгуур тавигдана. Тэр үеийнхээр бол жинхэнэ галвалууд Анагаахын дээдэд орлоо ЭМШИУШ гэсэн нэртэй элсдэг байв. Элслээ тэнцлээ гээд шууд оюутан ширээний ард суухгүй аль нэг эмнэлэгт асрагчаар хөөгдөн бүтэн нэг жил өвчтөн асарч сувилж өтгөн шингэнийн нь зөөж байж сая нэг юм оюутны ширээнд сууна. Ингэж ажил мэргэжлийн хамгийн доод төвшингөөс нь эхлэн хатуу хүтүүг нүдээр үзүүлж биеэр нь мэдрүүлж байж сая оюутан болгодог байсан нь сайн эмч бэлтгэн гаргах нөхцөлийг бүрдүүлж өгдөг байлаа. Тэр үеийн эмч нар ажил мэргэжилдээ эзэн болж чаддаг байсан нь гагцхүү үүнтэй холбоотой. Нэгэнтээ УИХ ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан АУДС-д сурч байх үедээ эмнэлэгт очиж жорлон угааж хүүхдийн баас хусаж явсанаа дурсаад үүний хүчинд би сайн эмч болсон юм шүү гэсэн байдаг. Энэ үнэн. Харамсалтай нь сүүлийн үед хувийн сургууль байгуулагдаж мөнгөтэй л бол хэн дуртай нь элсэн ордог болчихсон. Хамгийн аймшигтай нь олгой авах гээд толгой авчихдаг эмч нар олширлоо. Өвдсөн хүн эдгээд ирнэ ээ гээд итгэл төгс эмнэлэгт очдог байсан бол өнөөдөр амьд гарах болов уу гэсэн айдас тээж явдаг болов. Эмч нэртэй эрлэгийн элч бэлтгэж байгаа эл байдал хэдий болтол үргэлжлэх бол гэж бодохоор толгойтой үс босох шиг болох юм. Шинэчилж өөрчилж байгаа нэрийн дор уламжлал болсон хэрэгтэй зүйлээ хаяж гээж ирсний гай энэ. Эмч мэргэлжилтэн бэлтгэдэгсургуулиудыг цэгцэлж сурч байгаа оюутнуудыг нь эмнэлэг өвчтөн хоёртой байнга холбоотой байлгаж ирсэн уламжлалт сургалтыг сэргээх талаар холбогдох газрууд нь анхааралдаа авах цаг болчихоод байна. Жор уншиж чадахгүй эмчээс зовлон үзсэн чавганц илүү гэдгийг эрхэм төрийн түшээ хүртэл хэлээд байна.
Эх сурвалж: Болсон явдал сонин
URL: