Шүүх танхимыг “актлая”

0ЫБ55БЫББЫБЫМанай улсын хувьд хэрэг мөрдөлт болоод хэрэг хянан таслах үйл явц удаашралтай байдаг талаар олон хүн ярьдаг. Энэ нь ч олон зүйл дээр батлагддаг юм.

Монголд буруутай гэдгийг нь нотлох хөдлөшгүй баримттай боловч гэмт этгээдийг нэг хоёр жил дамнан шалгаж байж буруутайг тогтоодог нь бараг бичигдээгүй хууль болчихсон. Үүнтэй ч ард иргэд нь эвлэрчихсэн байдаг. Энэ бол Монголын хууль хяналтын байгууллагын үй түмэн алдаа дутагдлын дөнгөж эхлэл нь.

Гэхдээ хууль хяналтын байгууллагынханы ажиллах нөхцөл нь үнэхээр өрөвдмөөр. Хурал хийх танхим нь олдохгүй шүүгчийн өрөөнд хуралдаж байхыг анх удаа харлаа. Гадны хүн оруулахгүйн тулд үүдэнд нарийн бичиг нь хараад зогсч байх юм. Энгийн нэг ажил хэргийн өрөөнд Монгол Улсын нэрийн өмнөөс хэмээн алхаа цохих нь хэр зохих юм бол. Эрүүгийн шүүх хурал биш тулдаа л болдог байх.

Түүгээр ч зогсохгүй нарийн бичиг, шүүгч нар нь хүрэлцэхгүй байгаа учир хэмээн шүүх хурал товлосон цагтаа эхлэх нь бараг л үгүй. Үүнээс үүдэлтэй хэрүүл маргаан, шүүгдэгч хохирогчдын хоорондын үл ойлголцол гээд энэ хугацаанд янз бүрийн асуудал дэгдэнэ. Эвий дээ гэмээр шүүх хурлын даргалагч шүүгчээр оролцож байгаа шүүгчийн нарийн бичиг тэнд хөлсөө урсган “байж байгаарай одоохон” гэж гүйгээд л.

Шүүгдэгч, хохирогчид хоорондоо маргалдаад л. Энгийн жишээ хэлэхэд өдрийн 13.30 цагт болох ёстой байсан шүүх хурал бүтэн цаг гучин минут хоцорсны эцэст эхлэхээр боллоо. Хоцорсон шалтгаан нь шүүх танхим олдохгүй, нарийн бичиг байхгүй, шүүгчдийн шүүх хурал давхцсан явдал. Гэтэл хүлээсний эцэст орсон шүүх танхим нь чийг үнэртсэн подваль. Гэрэл нь шатчихсан харанхуй, актанд гаргахаар бэлдсэн эвдэрсэн ширээнүүд зэрэг нь эгээ л агуулах мэт харагдаж байсан. Харин Шүүх танхим дотор байгаа нь дунд сургуулийн актанд гаргасан ширээ сандал аваад ирсэн юм уу гэмээр харагдаж байсан юм. Шүүгч нар нь ч энэ байдалтай эвлэрчихсэн. Хурлыг даргалагч нь “Нэг шүүгч удахгүй ороод ирэх байх. Тэр хооронд эхлүүлж байя” хэмээн эхэллээ. Энэ бол зөвхөн нэг дүүргийн шүүхэд гурван цаг болоход гарсан байдал. Үүнээс удвал тэнд өөр ч олон зүйл харагдах байх. Өөр бусад дүүргүүдийн шүүхэд ч мөн ийм байдал болж байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй юм.

Монголчууд төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлэг хэрэгтэй байна хэмээн өдөр бүр гомдол мэдүүлж, тэмцэл хийж зарим нэг нь үүгээр “шоу”-даж байгаа нь ажиглагддаг. Үүнийг буруу гэж үгүйсгэхгүй. Байх ёстой зүйл. Гэхдээ хууль хяналтын байгууллага тэр дундаа шүүх танхим “хог” дээр үсэрчихсэн гэдгийг орхиж боломгүй. Үүнийг салбарын сайд та ажигласан л байх. Хэдий тэнд гэмт хэрэгтнүүдийн хэргийг хянан таслах ёстой боловч ажиллаж байгаа хүмүүсээ бодож байр савыг нь янзлаад өгчихвөл өдөржин шүүхийн хаалга сахиж, хэрүүл маргаан үүсгэх хүмүүсийн тоо багасч, хэрэг хянан таслах үйл ажиллагаа хурдацтай явагдана шүү дээ.

Г.Түмэнтөгс


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих