”Гацуурт”-ын Л.Чинбатын зөвшөөрөлгүй барилгыг яах вэ

ef5abbeca0914aaforiginalНийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн удаа дараагийн шийдвэр, захирамж, Нийс­лэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга, барилга техникийн хяналтын Улсын байцаагч нараас “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатын барьж байгаа барилга зөвшөөрөлгүй учраас үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр удаа дараа гаргаж байжээ. Гэвч өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн зүүн талд, Герман элчингийн замын урд талд 13 давхар байр нэгэнт сүндэрлэсэн байна. Уг байшингийн цутгалт, өрлөгийн ажил хэдийн дуусч, дотор заслыг нь хийчихвэл ашиглалтад ороход бэлэн болсон харагдана. Анх 2002 онд Л.Чинбат Таско ХХК-ийн эзэмшил 222 мкв талбайтай хоёр амбаарыг дуудлага худалдаагаар авсан аж. Тэднийгээ буулгаж 13 дав­хар байр барихад нь газар хүрэлцээгүйгээс 805 дугаар Ус дулаан дамжуулах төв буюу ЦТП-ийн барилгын газрыг хууль бусаар авчээ. Уг нийслэлийн өмчийн барилга, газрыг авахдаа Сүхбаатар дүүргийн орон сууц ашиглалтын “Опен хаус” компа­нийн захирал байсан Д.Дорждагвад 55 сая төгрөг өгсөн аж. Д.Дорждагва “Эрдэм” СӨХ-ийнхөнд нийслэлийн өмчийг худалдаж мөнгийг нь хувьдаа завшсанаа хүлээсэн бичиг хийж өгсөн байх юм. Ингэснээр түүний барилгын ажлаа явуулах эзэм­шил талбай нь 794 мкв болжээ. Түүнд Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, Нийслэлийн газрын албаны дарга асан Ц.Сандуй нар Монгол Улсын Газрын тухай хуулийн 33.1.2-т заалтыг зөрчиж Нийслэлийн засаг даргын 2006 оны 256 тоот захирамжаар 222 мкв газрыг 794 мкв болгон нэмэгдүүлж хууль бусаар олгосон аж.

Уг нь Нийслэлийн Сүхбаа­тар дүүргийн VI хороо, “Бага тойруу”-д инженерийн томоохон байгууламж 805 тоот халаалтын цогц төхөөрөмж, ялтсан ус халаагч ЦТП-ийн хуучин барил­гын газар дээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 48 дугаар шийдвэрийн дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны долдугаар сарын 16-ны 5/38 дугаар тогтоолоор халаалтын цогц төхөөрөмж зөөх, тусад нь барилга барих санхvvжилтийг төсвийн зохицуулалтаар хөрөнгийн эх үүсвэрийг баталсан байна. Уг ажилд нийслэлийн Засаг даргын 2010 оны долдугаар сарын 19-ны 496 дугаар захирамжаар 100 сая төгрөг хуваарилан тендерт ялсан компани УДДТ-ийн барилгын зургийг хийж ажлаа эхлүүлээд байтал “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат тендерт ялсан компа­нийн ажлыг ямар ч үндэслэлгүй эвдэн сүйтгэж, оронд нь зөвшөөрөлгүй барилга барьж эхэлсэн гэнэ.

Харин 2009 оноос уг асуудал нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байх явцад Улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнэ өмнөх зогсоох шийдвэрүүд байсаар байтал хууль зөрчин гэнэт Л.Чинбатад барилгын ажлаа үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байна. “Эрдэм” сууц өмчлөгчдийн холбооныхон Улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнэ тухайн барилга зөвшөөрөлгүй баригдаж байгааг мэдсээр байж Монгол Улсын “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 11.1, 12.1 заалт, Эрүүгийн хуулийн 28-ын 264.1,272 дугаар зүйл заалтуудыг зөрчиж Л.Чинбатад үйлчилсэн гэж Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл гаргажээ. Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, комиссар Г.Ууганбаяр “Улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнэ нь Дэд бүтцийн сайд, Улсын мэргэжлийн хянал­тын ерөнхий газрын даргын хамтарсан 2003 оны 71/134 тоот тушаалын “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журам”-ыг зөрчиж иргэн Л.Чинбатын захиалгатай “Гацуурт” ХХК-ийн барьж буй барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөө­рөл олгосон нь тогтоогдож байна” гэжээ. Авлигтай тэмцэх газраас Нийслэлийн прокурорт өгсөн баримтаас үзэхэд мөрдөн байцаагч Г.Ууганбаяр, Улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнээс “Иргэн Л.Чинбат танай байгууллагад албан ёсоор хандаагүй, танай бичиг хэргээр материалаа өгөөгүй байхад ямар учраас зөвшөөрөл олгосон юм бэ гэж асуухад Ж.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ “Би талбай хариуцсан инженер н.Одхүүгээс холбогдох бичиг баримтуудыг бичиг хэргээрээ дамжуулахгүй авсан нь миний алдаа болжээ” гэсэн байна.

Харин ямар учраас зөв­шөөрөл олгох болсон талаараа хариулаагүй байсан нь анхаарал татаж байгаа юм. Үүнээс үзэхэд Ж.Мөнх-Эрдэнэ албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайн дээр Монгол Улсын эрүүгийн хуулийн 264.1, 272 дугаар зүйлийг зөрчсөн нь мэдэгдэнэ. Нөхцөл байдал ийм байхад Улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнийн олгосон гэх зөвшөөрөл цаашид хүчинтэй үйлчлэхэд эргэлзээтэй. Үүнийг холбогдох дээд шатны байгууллага, удирдлагууд нь анхааралдаа авах хэрэгтэй юм.

Л.Чинбатын барилгыг хотын удирдлагууд зөвшөөрөлгүй барилгын жагсаалтаас хассан байна

Нийслэлээс 2012 оны есдүгээр сард зөвшөөрөлгүй 70 гаруй барилгын жагсаалт гаргасан. Түүний тавдугаарт Л.Чин­батын барилга байсан юм. Гэвч нийслэлийн зөвшөөрөлгүй барилгуудад авах зарим арга хэмжээний талаар хэлэлцсэн удирдлагын зөвлөлийн хуралд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж танилцуулахдаа шүүхэд хянагдаж, эцсийн шийдвэр гараагүй Л.Чин­батын барилгыг хасаж, зөв­шөөрөлгүй 44 барилгын жаг­саалт танилцуулсан байна. Үүнийг Сүхбаатар дүүргийн VI оршин суугчид төдийгүй Л.Чин­батын барилга хууль зөрчсөнийг мэдэх хүмүүс гайхан ярилцаж байгаа юм. Энэ эргэлзээ төрүүлсэн шийдвэртээ хотын удирдлага хариулт өгөх шаардлагатай байна.

47 дугаар байрны оршин суугчдыг эрх ноцтой зөрчигджээ

2004 онд Сүхбаатар дүүр­гийн VI хороо, “Бага тойруу”-д 100 гаруй ам метр талбайг эзэлдэг, орон сууцны долоон байр, 199 өрх, 1594 хүн, таван дамжин хэрэглэгч, 63 аж ахуй нэгжийг ус дулаанаар хангадаг нийслэ­лийн өмч тусгай газартай, зориулалтын барилгатай байсан ин­женерийн томоохон байгууламж ус дулаан дамжуулах 805 тоот халаалтын цогц төхөөрөмж, ялтсан ус халаагч ЦТП-г ойролцоох 20 айлын 47 дугаар байрны 20 гаруйхан квадратметр талбайтай подвальд шилжүүлжээ. Тэнд оршин суудаг айл өрхүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байгаа юм. Орон сууцны под­вальд “Ус, дулаан дамжуулах ЦТП”-ийн тоног төхөөрөмж суурилуулсныг мэргэжлийн хя­налтын байгууллагаас шалгаад гаргасан дүгнэлтэд “Талбай багатай, агаарын солилцоогүй байранд халаалтын төхөөрөмж байрлуулсан нь хэт халуун, чийг ихтэй, агаарын солилцоогүй болгосон, даралт баригч тоноглох талбайгүйгээс угсралт хийгдээгүй, дернажийн сувагчлал байхгүйгээс техникийн давхарт буулгасан ус барилгын суурь хөрсөнд нэвчиж барилгад суулт өгөх нөхцөл бүрдүүлсэн.

Усны уур, чийгшилт нь хүйтний улиралд барилгын 1 -2 дугаар давхар хүртэл цан хүүрэг, мөстлөг үүсгэж, өрөөнүүдийн цонх мөстөж, байгалийн гэрэл үзэхгүй болсон. Өрөөнүүдийн дотор хананд чийг, мөөгөнцөр үүсгэж ханын обой шавар нурсан. Цахилгаан хөдөлгүүрийн дуу чимээ ихээс шалтгаалж оршин суугчдын тав тухыг алдагдуулдаг” гэжээ. Мэргэжлийн хянал­тын газраас ийм дүгнэлт гаргаж байсан байхад 13 давхар байр­ны дор буцаан шилжүүлжээ. Нэгэнт байрны дор байх боломжгүй тусгай объектыг буцаан 13 давхар байранд шилжүүлсэн нь анхаарал татаж байгаа юм. Тус зөвшөөрөлгүй барилгын орчмыг харахад зөвхөн 47 ду­гаар байрны оршин суугчдын эрх зөрчигдөөд зогсохгүй, зам, талбай, орчны тохижилтыг үгүй болгосон хот төлөвлөлтийн гажуудал харагдана.

Ж.Баярсайхан


URL:

Сэтгэгдэл бичих