Америкийн Жорж Буш, Английн Тони Блэйр хоёр ардчилал нэрийн дор Ирак орныг сүйтгэжээ

527-1363929623picture

 

10 жилийн өмнө Америкийн Жорж Буш болон Английн Тони Блэйр хоёр дуу дуугаа авалцан Ирак руу давшсан. Түүнийг дайн гэхэд хэцүү яагаад гэвэл зөвхөн нэг тал давшдаг нөгөө тал давшиж чадахгүй байхыг дайн гэхгүй. Дайнд хоёр тал өөд өөдөөсөө эсрэг зогсож байгаад гэрээ хэлэлцээр хийж байгаад дайтдаг. Гэтэл хамгийн боловсронгуй техникээр чадалтай нь чадалгүй дээ бөмбөгдөлт хийх цэвэр давшилт.

Хамгийн харамсалтай нь Монголын төр тэр үед өөртэйгээ адил нэг жижигхэн орон том Америк, Англи хоёрт урж тасдуулж байхад муугаа мэдэхгүй ялсаны талд орж зөв зөв гэж хашгирсан. Хөөрхий Иракийн ард түмнийг өрөвдөж хайрлахгүй ямар ч их хүйтэн цэвдэг сэтгэл гаргасан билээ. Ирак руу Монгол залуус дайнд явна гэж хөөрцгөөж муу эр дайнд хөөрнө гэгчээр ичмээр юм болсондоо. Өнөөдөр Иракийн ард түмнээс уучлалт гуйх л дипломат арга үлдэж дээ.

Одоо тэгсэн Тони Блэйр ирнэ гэж хөөрөөд л бас л ичмээр юм болно доо. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө зориуд ирж буй явдал нэг л бохир арга үнэртэнэ. Магад мөнгө санхүүгийн хэргээр л ирж буй байлгүй. Уул уурхайг нэгэнт Монголчууд өөрсдөө гадаадын банкуудын мэдэлд өгсөн тул тэр л хэргээрээ ирж тооцоогоо хийх магад.

Америкийн Колин Пауэл гэж генерал саяхан Ирак оронд давшилт хийсэн явдал буруу байсан гэж алдаагаа хүлээсэн гэдэг. Овоо л моралтай хүн ажээ. Английн Тони Блэйр хэзээ алдаагаа хүлээж чадах моралтай гэдгийг мэдэх юм алга.

Тухайн үед Америк, Англи хоёр Ирак руу давшиж буйг Франц, Герман болон Орос гэх мэт орнууд эсэргүүцсэн. Ямар бахархамаар өөрийн гэсэн байр суурьтай насанд хүрсэн улс орнууд вэ. Дургүйгээ хүрвэл болио ч гэж хэлж чаддаг бас чанга дуу гаргаж чаддаг байх ёстой л шударга хүмүүсийн шинж.

www.bolod.mn

Жорж Буш, Тони Блэйр хоёрыг Европын Дэн Гаагын олон улсын шүүх хэрэгт холбогдуулж дуудсан. Тэднийг олон мянган хүний амь настай шууд холбоотой гэж дуудсан боловч тэд одоо хүртэл шүүхээс зугатаасаар очихгүй байгаа. Олон улсын шүүхийн хувьд жижиг орон том орны золиос биш гэдгийг батлах гэж буй. Мэдээж Буш Америйнх тул Европын шүүх хамаагүй гэж эсэргүүцсэн. Харин хөөрхий Тони Блэйр Английн иргэн тул Европын шүүхэд очихоос өөр аргагүй.

Нэгэнт олон улсын шүүх байхад Монголчууд тухайн үед том орнуудад долигнож тал засах шаардлагагүй л байж. Түүнийхээ гайг өнөөдөр уул уурхай эдэлж газрын баялаг ард түмний гарт биш гадаадын банк санхүүгийн байгууллагуудын гарт оржээ. Үндсэн хуулиндаа газрын баялаг ард түмнийх гэж заасан гэдэг боловч хэн түүнийг сонсох вэ дээ.

Саддам Хусэйнд бөөнөөр устгах асар их зэвсгийн нөөц байна гэж хий хоосон хардаж сэрдэж Ирак руу очиж тэр бүгдийг хурдан устгахгүй бол болохгүй гэж тэр үед дайрцгаасан. Сүүлдээ газрын тосны компанууд Ирак руу оччихсон бизнэс болж хувирсан.

Саддам Хусэйний зэвсгийг шалгах тусгай комисс яг очоод шалгасан чинь хүний урманд ганц олигтой зэвсэг байгаагүй гэсэн. Бараг хүнд үзүүлэхэд ичмээр хэдэн зэвсэг байсан гэнэ лээ. Өрөвдөлтэй байгаа биз.

Иракийн дайнд нийтдээ 110 мянган Иракчууд амиа алджээ. 10 жилийн өмнө Ирак залуучууд улс орондоо юу нүүрлэж буйг ухаарахгүй ардчилсан улс болно гэж хөөрцгөөж Саддам Хусэйний хөшөөг буулгаж их л сүржгэнэсэн. Өнөөдөр Ирак орон замбараагүйтэлд орж ажилгүйдэл ядуурал хэтэрхий газар авчээ. Юун ардчилал олигтойхойн төр ч босгож чадалгүй гүн хямралд оржээ.

Хөөрсөн хүмүүс яаж хөшөө буулгадгийг Монголын залуус яруу тодоор үзүүлдэг дээ.

Ер нь Монгол хүн шударга ёс байдаг гэдэгт үнэмшиж түүний төлөө тэмцэж сурах хэрэгтэй. Бүх юм өнгөрсөн юу ч хийх боломжгүй яах ч арга байхгүй гэж суудаг Манжийн үе аль хэдийн өнгөрсөн шүү дээ.

Юмыг нурааж болноо. Дараа яах вэ энэ үйлдэлийн үр дагавар юу вэ гэдгээ насанд хүрсэн хүний шинжээр тунгааж бодох чадвартай болох хугацаа аль хэдийн болсон шүү дээ. Бодоо ч битгий сэтгэ. Сэтгэвэл сэтгэл хөдөлнө. Сэтгэл хөдлөх ухаан балартуулна. Бодол харин ухааныг хурцална. Боддог Монголын цаг иржээ.

 

http://www.dayarmongol.com/index.php/-2008/8038-%D0%B0%D0%BC%D0%B5%D1%80%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B6%D0%BE%D1%80%D0%B6-%D0%B1%D1%83%D1%88,-%D0%B0%D0%BD%D0%B3%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%82%D0%BE%D0%BD%D0%B8-%D0%B1%D0%BB%D1%8D%D0%B9%D1%80-%D1%85%D0%BE%D1%91%D1%80-%D0%B0%D1%80%D0%B4%D1%87%D0%B8%D0%BB%D0%B0%D0%BB-%D0%BD%D1%8D%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B4%D0%BE%D1%80-%D0%B8%D1%80%D0%B0%D0%BA-%D0%BE%D1%80%D0%BD%D1%8B%D0%B3-%D1%81%D2%AF%D0%B9%D1%82%D0%B3%D1%8D%D0%B6%D1%8D%D1%8D


URL:

Сэтгэгдэл бичих