Тони Блэйр өнөөдөр Монголд айлчилна
Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр өнөөдөр Монгол Улсад айлчилна. Түүнийг Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудалд “Рио Тинто” компанийн талд дэмжлэг үзүүлэх зорилготой байгаа гэж зарим эх сурвалж мэдээлж байгаа ч албан ёсных биш юм.
Тони Блэйр 1983-2007 онд Британийн парламентын гишүүн, 1994-2007 онд Хөдөлмөрийн намын дарга, 1997-2007 онд Ерөнхий сайдаар ажилласан.
Тэрбээр Хөдөлмөрийн намын өмнөх удирдлагаас ялгарах, социализмын тухай уламжлалт ойлголтоос зайлсхийх зорилгоор хувь хүмүүсийн нийгмийн харилцан хамаарал, нийгмийн шударга ёс, эв нэгдэл, иргэдийн тэгш эрх, ижил боломжийг онцолж дурдсан “шинэ Лэйбор” гэдэг зарчмыг дэвшүүлсэн. Тони Блэйр Хөдөлмөрийн намыг хамгийн удаан хугацаанд удирдсан лидер байсан бөгөөд түүний ачаар Хөдөлмөрийн нам гурван удаагийн сонгуульд дараалан ялалт байгуулж байсан юм.
2007 оны зургадугаар сард Ерөнхий сайдын албаа дуусгавар болгосноос хойш Т.Блэйр Ойрхи Дорнодын Квартет (НҮБ, Европын Холбоо, АНУ, ОХУ)-ын энхийн асуудлаарх элчээр ажиллахын зэрэгцээ улс төр, эдийн засаг, Засгийн газрын шинэчлэлийн асуудлаар стратегийн зөвлөгөө өгөх “Tony Blair Associates“ пүүс байгуулж үйл ажиллагаа явуулж байна.
Т.Гэрэл
URL: