Ш.Баатар: Би Монгол хүн
Амарсанаагийн Амармэнд: Та монгол туургатны угсаатан зүй, хүн судлал, түүхийн талаар багагүй хугацаанд судлан сонирхож, чамлахааргүй мэдлэг, мэдээллийг цуглуулсан хүн. Ер нь яагаад бид заавал өнгөрсөн үеийн тухай мэдлэгтэй байх ёстой гэж. Түүх бол өнгөрсөн. Гэтэл ирээдүй биднийг хүлээж байна. Өнгөрсөн үеийн мэдлэгийг хуримтлуулах нь өнөөдрийн бидэнд ямар ашигтай юм бэ гэдэг асуултаар яриагаа эхэлье?
Ширчингийн Баатар: Монголын эртний түүхийг судлах нь мөнголчууд цаашид оршин тогтнох эсэхтэй салшгүй холбоотой.
оюун ухаан, хөдөлмөрөөрөө уламжлал, түүхээ тодруулах ёстой юм байна гэсэн бодолдоо хөтлөгдөн монголын түүх, археологи судлалд би монгол хүнийхээ зөн совингоор өөрийн эрхгүй татагдах болсон. Бидний гадаад дотоод нөхцөл байдал их эгзэгтэй. Нэгт, бидний өвөг дээдэс төв Азийн өндөрлөгт мөнхийн хөдөлгөөнд оршиж, овог аймгаараа нүүдэллэн, дайтаж ирсэн туп бичгийн их соёлыг бүтээж чадсан ч цогцоор нь хойч үедээ үлдээж чадсангүй. Эл байдлыг авхаалжтайгаар ашигласан урд хөрш маань биднийг түүх соёлоор нь өөртөө нэгтгэхээр оролдож, үүнийгээ дэлхий дахинд ямар ч үнээр хамаагүй хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тодорхой төлөвлөсөн бодлого боловсруулж, бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө хөрөнгө мөнгийг хайр найргүй зарцуулж байна. Хоёрт, ЗХУ задарснаас хойш шинээр бий болсон дундад Азийн орнууд болоод оросууд шинэ түүхийн эрэлд мордож, зарим нь бидний түүхийг өөртөө нялзааж, зарим нь бидний түүхийг огт байгаагүй мэтээр үгүйсгэх хандлага хуурай өвсөнд авалцах түймэр мэт газар авч байна. Гуравт, өргөн уудам нутагтаа тархан сууж, тааваараа нүүдэллэн амьдарч ирсэн монголчууд харь гүрний хүчирхийлэлд автаж олон зууныг дамжин зовлонгийн далайг туулсны эцэст нийт монгол үндэстний зөвхөн 30 хувь нь тусгаар тогтнолоо асар их цус урсган олж, Монгол хэмээх дэлхийд данстай улс болсон. Тэгэхээр монголчууд бид л өөрсдийн түүхийг үнэн зөвөөр нь бичиж үлдээхгүй бол бидний түүхийг хэн нэгэн хаа нэг газраас гарч ирээд үнэн бодитоор бичиж өгөхгүй. Монголчуудын эртний гарал угсаа, түүх бол бидний үндэсний дархлаа, ирээдүйд бидний үр садыг монголоор нь авч үлдэх үндэсний бахархал юм. Дэлхий дээр монголчууд шиг агуу түүхийг бичиж үлдээсэн улс орон тун цөөхөн. Монголынхоо түүх соёлыг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд, хайрлан хамгаалахад иргэн бүрийн оролцоо хэрэгтэй.
А.А. Өнөөдөр Орост халимаг, буриад, тува, Хятадад Хөхнуурын монголчууд, Өвөрмонгол гэх зэргээр дэлхийн өөр өөр өнцөг буланд монгол үндэстнүүд амьдран сууж байна. Сүүлийн жилүүдэд “Алтаргана” наадам, монгол туургатны үндэсний бөхийн барилдаан гэхэд монгол туургатны хоорондын харилцаа холбоонд бага ч гэсэн дэвшил болохуйц үйл ажиллагаанууд зохион байгуулагддаг боллоо. Тэгэхээр, тусгаар Монгол улс ба Монгол туургатнуудын хоорондох нийгэм соёлын хамтын ажиллагаа, хэлхээ холбоо ямар түвшинд байна гэж та боддог вэ?
Ш.Б. Монгол туургатнуудын соёлын хамтын ажиллагаа сайжирч буй ч явц удаан, хөгжлийнхоө анхан шатнаас дээшилж нэг л чадахгүй байна. Үүнд олон янзын бодит шалтгаан бий. Нэгт; монгол үндэстнийг соёлоороо нэгдмэл байхад яг үнэндээ хоёр хөрш маань төдий л дуртай биш. Яагаад гэвэл, энэ бол тэдний геополитикийн бодлогод шууд харшилна. Тийм ч учраас “панмонголизм” гэдэг хуурамч онолыг пантуранизмаар далимдуулан оросууд анх гаргаж ирсэн нь одоогоор хоёр хөршид амь бөхтэй оршсоор байна. Нэгэнт байдал ийм байгаа тул монгол туургатны соёлын харилцаа нь хөршүүдийн улс төрийн дээд түвшинд дэмжигдэхгүй, ямар нэгэн ялихгүй саад тотгорт бүдэрч, амьдрал дээр бодитоор хэрэгжихгүй, цар хүрээгээ тэлж чадахгүй байна.
Манай хөршүүд Монголыг хэзээ ч хүчтэй болгох сонирхолгүй. Хоёрт, Монгол улс нь үнэндээ эдийн засгийн хувьд хоёр хөршийнхөө хараанд байгаа тул монгол туургатнуудын дунд бие даасан соёлын бодлого явуулах боломжгүй байна. Гуравт, монгол хүн хэдийгээр хилийн чанад дахь монгол туургатныг ойлгож, сонирхож эхэлсэн боловч өөр хоорондоо нэгдэж, олон нийтийн байгууллагын хэмжээнд хүчтэй үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. М.Буянбадрах, Ц.Санчир зэрэг монголчуудаа гэсэн цөөн хэдэн хүн монгол туургатнаа судлах аялал, баримтат кино хийсэн боловч тэдний үйл ажиллагааг байнга эрчимтэй дэмжих олон нийтийн байгууллагууд хараахан бий болоогүй л байна. Еврей нар олон мянган жилийн турш шашнаараа нэгдэж ирсэн нь тэдний хувьд эргээд тусгаар тогтнолоо олох гол хөшүүрэг болсон. Харин бидэнд тийм давуу тал алга. Одоохондоо Монголд бурханы шашин зонхилох шинжтэй оршиж буй ч бурханы шашны байгууллагууд дорвитой үйл ажиллагаа явуулдаггүй, нийгэмд гүйцэтгэх үүрэг багатай байна. Гэтэл монголчуудын уламжлалт зан үйл бурханы шашинтай нягт холбоотой. Монгол оронд хүчээр дэлгэрүүлж буй харь шашны байгууллагууд хэдийгээр үйл ажиллагаагаа эрч хүчтэй явуулж буй ч хамрах хүрээ нь нийгмийн ухамсарт нөлөөлөх хэмжээнд хүрээгүй. Монголчууд шашны хувьд ийнхүү саармагжиж буй нь ирээдүйд өөр хоорондоо нэгдэн нягтрахад улам саад тээг болох хандлагатай байна. Бидэнтэй адилхан хувь тавилан туулж буй үндэстнүүдээс курдууд гэхэд л эх оронгүй хэдий ч лалын шашнаараа нэгдмэл учир Ирак, Турк зэрэг улсуудын амар заяаг үзүүлэхгүй байна. Хоёр Солонгосын хувьд бол ард нь том гүрнүүд байгаа, тэгээд ч аль аль нь бие даасан улс болохоор тэд нэгдэхгүй ч гэсэн соёл нь тийм амархан устахгүй.
А.А. Та монгол туургатнуудын дунд зохиогддог олон улсын эрдэм шинжилгээний бага хурлуудад оролцож, илтгэл тавьж байсан. Тэр үед монгол туургатан эрдэмтэдтэй уулзаж учрах, ярилцаж хуучлах завшаан тохиож байсан нь лавтай. Халимаг, тува, буриад, өвөр монголчууд маань өөрсдийнхөө ирээдүйг хэрхэн төсөөлж явдаг талаар ажигласан зүйл бий юү?
Ш.Б. Халимагуудын хувьд шашин, соёл нь сэргэх хандлагатай байна. Тэд Шинжааны торгуудууд болон монгол эрдэмтэдтэй холбоогоо улам бэхжүүлж байна. Халимагийн нэг давуу тал нь бүгд бурханы шашинтай тул соёлоо сэргээхэд их дөхөм юм. Буриадуудын хувьд бол үнэн алдартны шашинд орсон хэсэг нь буцалтгүй цаашаа явсан, Монголын хил орчмоор буй бурханы шашинтай хэсэг нь ев соёлоо сэргээх оролдлого хийдэг. Гэхдээ оросууд тэднийг нэг их чөлөөтэй хөдөлгөх шинж алга. Буриадууд төрөлх нутагтаа цөөнх болон амьдарч байна. Тува нар шашнаараа нэгдмэл боловч дэндүү цөөн тул хүчин мөхөс. Оросууд зориуд тэдний монгол хэлийг мартуулсан тул эргээд монгол соёлоо сэргээхэд тун түвэгтэй болжээ. Зургаан түмэн монголчуудын таван түм нь тэр чигээрээ үлдсэн Өвөрмонгол маань хэдийгээр 5,5 сая монгол хүнтэй гэх боловч тэднээс Шилийн гол аймгаар нутаглаж буй сая хүрэхгүй монголчууд л монголоороо ярьж, нүүдэлчин монгол соёлоо хадгалж байна. Нэгэнт төрөлх хэл нь устчихвал соёл нь дагаад устах хандлага өвөрмонголчуудад ажиглагдаж байна. Жишээ нь, хорчингууд гэхэд өөрсдийгөө хорчин соёл гэдэг бие даасан шинэ соёлтой гэх хандлагатай болжээ. Тэр нь хятад монгол хоёр соёлын дундаас үүссэн шинэ соёл юм гэнэ. Ингэж ярьж, бичиж байгаа өвөр монголчууд бас байна. Хэт хятаджсан хорчин, түмэд, харчингууд өндөр боловсролын халхавч дор монгол хэлээ эвдэж, хятад хэлийг махчлан орчуулж, шинэ монгол үгийг үй олноор нь зохиож байна. Энэ хандлага 1980 оноос хойш газар авсан. 1950-1960-аад оны өвөрмонголчуудын бичгийн хэл биднийхээс огт ялгардаггүй байсан. Одоо бол бид хоорондоо бичгээр ойлголцоход бэрх болжээ. Шинжаан, Гансу, Хөхнуурын монголчуудын хувьд зүрх сэтгэл нь монгол хэвээрээ ч хэл соёлын хувьд улам л хумигдаж, цаашид оршин тогтнох боломжоо алдаж байна. Японд олон жил амьдрахдаа өвөр монгол эрдэмтэдтэй уулзаж нөхөрлөж явлаа. Тэд монголчуудын соёлын төв Монгол улс гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Бодит байдал дээр нутагтаа байгаа өвөр монголчууд нь юу бодож байдгийг тааж мэдэхэд бэрх. Гэхдээ Монгол улсын соёлыг өвөр монголчууд хүсэн хүлээж, дуурайн хуулж байдаг нь олон баримтаас ил. Хятадууд үүнийг нь далимдуулаад монгол соёлыг хятад соёлд улам наах бодлого явуулж байгаа нь ч ил байна.
А.А. Тэгвэл тэд болон бидний хоорондын хамгийн том ялгаа юун дээр илэрч гарах юм бэ?
Ш.Б. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг чаддаггүйн ялгаа байна. Ахуйн соёл, сэтгэлгээний хувьд өрнө дорнын нөлөө орсон аар саар ялгаа бий. Тэд монгол хүн учир зүрх сэтгэл нь биднийхээс нэг их зөрүүгүй юм шиг санагддаг.
А.А. Цаг хугацааны эрхээр монголчуудын хамгийн гол онцлог болсон нүүдэлчин амьдрал, түүнийг дагасан соёл хотын соёл иргэншлээр солигдож байна. Жишээ нь, Д.Урианхай гуайн “Ганц шувуу шанд эргэнэ” гэсэн мөрийг 50 жилийн дараа бидний үр хүүхэд уншихад тун ч хариг санагдах байх гэж би мунхагладаг юм. Ирээдүйд, суурьшмал монголчуудын бусад үндэстнээс ялгарах гол онцлог нь юу байх бол?
Ш.Б. Монгол хүн гэдгийг илэрхийлэх хамгийн чухал зүйл бол монгол хэл мөн. Төрөлх хэлээ хүн бүр сайн эзэмшиж, чадах чинээгээрээ хайрлах хэрэгтэй. Монгол ч биш, гадаад ч биш хэлээр ярьдаг болчихвол монгол гэх юм үлдэхгүй. Монгол хэл, монгол уран зохиолыг хүн бүр бага балчраасаа судлах хэрэгтэй. Хүүхэд багаасаа төрөлх хэлээ биш гадаад хэл үзэхээр нийгэмдээ эргээд нийцэхгүй залгамж үе болж торниод байх шиг санагддаг. Монгол шиг жижиг оронд байтугай их гүрэн АНУ-д хүртэл хүүхэд залуусынхаа хэлний боловсролд юу юунаас илүү анхаардаг.
А.А. Даяаршлын эрин дэх монголчуудын туйлшрамтгай, тогтворгүй занг харахаар бид соёлын дархлаа муутай, гадны соёлд автахдаа амархан хүмүүс шиг санагддаг юм. Яагаад гэвэл бидэнд бүтээсэн соёлын өв харьцангуй бага мэт. Түүх сөхвөл, нүүдэлчин монголчууд суурьшмал хөршүудийнхээ эзэмшсэн техник технологи, эд хэрэглэлээс өөрт хэрэгцээтэйг богино хугацаанд өөриймшүүлэн авдаг байсан нь харагддаг. Өөрөөр хэлбэл, бүтээхээс илүүтэй бусдаас санаа авах, хуулбарлах, түүнийгээ өөриймшүүлэхдээ гаргуун байсан мэт. Угаас нүүдэлчин амьдралд материаллаг өв бүтээх шаардлага ч бага тулгардаг байсан биз. Бүхий л шашинд нээлттэй ханддаг байсан гэхээр нэг зүйлд баригдмал бус чөлөөтэй хүмүүс байсан нь мэдэгддэг. Тэгэхээр, цагийн аясыг даган нүүдэллэж, бэлэн болсон шинэчлэл дэвшлийг дуртайяа хүлээн авдаг бүтээлч бус зан маань даяаршлын эринд маш том сул тал болоод байна уу даа. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
Ш.Б. Бидний бүтээсэн соёлын өв асар их. Харин түүнийгээ монгол хүн сайн үнэлдэггүй. үзэж сонирхдоггүй болсон тул өөрийн гэсэн өв соёлоор нимгэн мэт санагддаг байх. Манайхан хуучин уламжлалыг сэргээхдээ байгаагаа нухацтай харалгүйгээр шинээр бий болгох гэж оролддог. Шинээр бий болсон аливаа зүйлд байгалийн шалгарлыг даван туулах шаардлага тулгарна. Япон гэх мэт соёл иргэншлийг дээдэлдэг орнууд байгаагаа улам л чанаржуулах замаар дэвжин дээшилж явдаг. Тэд хуучны юмыг хоцрогдсон, муу гээд хаячихдаггүй. Нүүдэлчид бол амьдралын өвөрмөц онцлогтоо тааруулан аливааг бүтзэж, хөгжүүлж ирсэн ард түмэн. Нүүдэлчид болоод суурин хүмүүсийн хэн нь юуг анх бүтээсэн бэ гэдэг нь маргаантай байсаар өнөөг хүрсэн. Соёл гэдэг бол тархаж, мартагдаж, үлдсэн газраасаа буцаж дэлгэрдэг хөдөлгөөнтэй зүйл. Жишээлбэл, лууг нүүдэлчид бүтээсэн, суурин хүмүүс бүтээсэн гэж маргадаг. Яг хэн нь эхэлж бүтээснийг олж тогтоох боломжгүй мөртөө луу нь хоёр өөр амьдралын хэвшилтэй хүмүүсийн аль алинд нь хамаарах дундьш соёл болж чадсан. Арван хоёр жилийн тоолол ч мөн адил. Археологийн талаас нь харахад төв азийн нүүдэлчид маш эрт цагт өрнө дорныг холбосон соёлын гүүр болж явж байжээ. Месопотамиа зүгийн зарим соёлыг нүүдэлчид төв Азиар дамжуулан дорно зүгт түгээгээд, уг соёл дорнын соёлд нэвчин өөрчлөгдөж баруун зүгт буцаад нүүдэлчдээр дамжин тархсан байх жишээтэй. Нүүдэлчид мөнхийн хөдөлгөөнд оршиж байсан тул соёлын тархалт тэднийг дагаад мөнхийн хөдөлгөөнд байсан. Аливаа зүйл мөнхийн хөдөлгөөнд байснаар сайн нь үлдэж, саар нь шигшигддэг. Монголчууд шинэ соргог зүйлийг сонирхож аваад шаардлагатай бол өөртөө шингээж чаддаг, боломжгүй бол дор нь мартаад орхидог тул энэ талаар би нэг их санаа зовдоггүй. Монголчууд өөрсдийнх нь онцлог шингэсэн зүйлсийг огт хаядаггүй байхад л болно.
А.А. Түүх гэдэг нэг талаараа үнэний төлөөх эрэл ч нөгөө талаас үзэл суртлын зэвсэг болдог. Орчин үед улс үндэстнүүд эх орноороо бахархах бахархал, иргэдийнхээ нэгдмэл байдлыг бататгах зорилгод түүхийг ашиглах болсон. Үүний тол жишээ бол орчин үеийн хятадын түүхчид. Гэтзл бидэнд хэнээс ч илүү түүх байгаад байдаг. Харин энэ туүхийн үнэнийг прагматик зорилгод ашиглаж чадахгүй л байх шиг?
Ш.Б. Бид түүхээ ямар ч байсан үнэнээр нь бичих хэрэгтэй. Мөн монголын түүхийн балархай хэсгийг цаг ямагт тодруулж, баяжуулж. түүх соёлоо цогцоор нь авч үзэх шаардлагатай. Цогцоор нь гээд байгаа гол шалтгаан нь зөвхөн Халх, Ойрадын түүхийг явцуу хүрээнд судлах биш, бүхэл бүтэн зургаан түмэн монголчуудын түүхийг хамруулан авч үзэж байж үнэн утгаараа Монголын түүх болж чадна. Нэг үгээр хэлбэл, монголын түүхийг харах өнцөг, хамрах хүрээг өөрчилж тогтоомоор байна.
А.А. Орчин үед бүтээгдсэн монголчуудын тухай түүхэн кинонуудад бодит түүхээс ихээхэн зөрүүтэй эдлэл хэрэглэлүүд дүрслэгдсэн байдаг гэж та бичсэн байсан. Энэ надад их сонирхолтой санагдсан.
Ш.Б. Эртний монголчуудын зэр зэвсгийн судалгааг нарийн хийлгүй, уран бүтээлч төсөөлөл дээрээ тулгуурлаад л киноны зэр зэвсгийг хийдэг юм шиг санагдсан. Эсвэл судалгаа хийсэн ч зэр зэвсэг хийх технологийг сайн мэдэхгүй учраас их болхи, жүжигчний хөдөлгөөнд саад болохуйц зэвсэг болдог юм шиг. Уг нь төмөр, яс, ширээр тушимаа маш авсаархан хийж холбосон байдаг. Эртний монгол цэргүүдийн бүс авсаархан, нарийхан, төмөр бэхэлгээтэй, бөх бат байжээ. Бүх зэр зэвсгээ бүсэндээ агсарч явдаг байсан тул эр хүний хийморь сүлд бүсэнд байдаг гэсэн үг гарсан. Тэгэхээр эртний зэр зэвсгийг археологийн дурсгалуудаас санаа авч хийж хэвшүүлмээр байгаа юм. Буруу хийгээд тогтчихвол ард түмэнд буруу төсөөлөл өгнө. Энэ тийм ч жижиг зүйл биш шүү.
А.А. Та уг нь компьютерийн инженерийн чиглэлээр боловсрол эзэмшсэн хэрнээ яагаад огт өөр салбар руу ингэж гүнзгий орох болсон юм бэ?
Ш.Б. Энэ чиглэлээрээ олон жил гадаадад сурч, ажиллаж байна. Гадаад оронд амьдарч байхдаа өв соёл, түүхээ монгол хүн бүр мэдэж, судалж, энэ салбарт өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрч ойлгосон. Түүх, археологийн судалгаа хийхэд надад хэлний давуу тал байсан ч хятад хэлийг нэмж заавал сурах ёстойг ухаарч, сүүлийн найман жил бичгийн хятад хэл үзэж байна. Япон ханз үсэг үзсэн хүн хятадын ханз үсэг сурахад бэрхшээл багатай болохоор боломжийн хэрээр эртний хятад бичиг сурч байна. Монголын түүх, археологи сонирхдог байсан, мөн энэ салбарын эрдэмтэн багш нартай ойр дотно явж ирсэн маань надад их дөхөм болсон.
А.А. Та Монголын өмнөх үеийн нүүдэлчдийн түүх, тэр дундаа Хятаны түүхнйг илүүтэй сонирхон судалдаг гэсэн. Ер нь Монголоос өмнөх үеийн овог аймгуудаас Хүннү, Түрэг хоёр л хамгийн сайн судлагдсан нь юм шиг санагддаг. Бусдынх нь талаарх мэдээлэл харьцангун бага. Хятан таны сонирхлыг юугаараа татав?
Ш.Б. Японд сурч байхдаа Их Юань улсыг сонирхож, судалгааны материал цуглуулж байлаа. Тэгээд амралтаараа Монголдоо ирээд ахмад эрдэмтэдтэй уулзахад “Юанийн үе бол харьцангуй судлагдсан, өмнөх үеийн түүх Түрэгийг хүртэл нэлээд балархай байдаг, болж өгвөл урагш нь судалмаар байна” гэцгээж байсан. Монголын нутаг дэвсгэр дээр барьж байгуулсан хотын тууриуд ихэнх нь Хятаных байдаг. Хятан нар нь хагас нүүдэлчин, хагас суурин аж амьдралтай, монголын нутагт амьдарч байсан нүүдэлчин аймгуудыг хэдэн зууны турш эрхшээлдээ оруулж явсан, язгуурын монгол хэлтэй, нэгэн төрлийн монгол угсааны хүмүүс болох учир хятан нарын түүхийг үзье гэж шийдсэн. Японд дэлхийн II дайны өмнө хийсэн хятаны судалгаа нэлээд байдаг юм билээ. Тэд Манжуурт орохын тулд эртний зүрчид, хятаны түүхийг нарийн судалсан байдаг. Тэгээд нэг их удалгүй Харвардын их сургуульд ирж докторын дараах сургалтанд суух болсноор надад Ази судлалын алдарт Харвардын Енчин /Yenching/ номын санд ном үзэх боломж олдсон. Тухайн үед зөвхөн англи хэлээр л судалгааны материал хайгаад байлаа. Компьютерийн компанид ажиллахаар АНУ-ын баруун эргийн Сан Франциско хотноо нүүж ирснээр Бөркелей дэх Калифорнийн их сургууль, Станфордын их сургуулийн номын сангуудыг ашиглах өргөн боломж нээгдсэн. Тэдгээр номын сангийн каталогуудыг хараад байтал хятан судлалтай холбоотой ном сэтгүүл ихэнхдээ хятад хэлээр байж таарлаа. Тиймээс хятад хэл сурах нь зайлшгүй шаардлагатай юм байна гэж ойлгоод зав чөлөөгөөрөө бичгийн хятад хэл үзэж, ханзны япон хэлтэй зөрөх утгыг цээжлээд, хятад ном зохиолуудыг чадлынхаа хэрээр уншиж, хэрэгтэйгээ тэмдэглэж аваад явж байна. Ер нь нүүдэлчдийн түүхийг судлахад хятад хэл их хэрэгтэй. Үүнээс гадна судалгааны ажил эхлэхээр заавал багштай байх шаардлагатай. Азаар Харвардад танилцсан монгол, манж хэлний багш Жэймс Боссон гуайтай Бөркелейд таарсан. Түүнд учир байдлаа хэлтэл намайг Бөркелей дэх Калифорнийн их сургуулийн Зүүн өмнөд Ази судлалын хүрээлэнд хятан судлалын зочин судлаач болгов. Энд дөрвөн жил болохдоо маш сайн судалгааны материалтай болсон. Мөн завсраар нь Станфордын түүхийн тэнхимийн нрофессор Марк Манкал багштай Далай ламын уулзалтан дээр таарч учир шалтгаанаа түүнд хэлж, монгол хэл заах болзолтойгоор Марк багшийн туслах нэрээр Станфордод бүртгэлтэй болж, номын сангуудад нь нэвтрэх эрх авсан. Станфордын номын санг хоёр жил ухсан. Харин Марк багш маань Бутаны Вант улсад амьдрахаар явсан тул энэ боломж хаагдсан л даа. Энэ хугацаандаа хятад судлал, торгоны зам судлалын олон лекцэд сууж яваад Станфордын эртний хятад судлалын профессор Алберт Дийн багштай танилцсан юм. Алберт багш бол умард Хятадад нүүдэлчид төрт улс байгуулж ирсэн түүхийг судалдаг, маш сайн эртний хятад хэлтэй эрдэмтэн юм. Би Алберт багшид бодит байдлаа танилцуулахад тэрбээр дуртайяа зөвшөөрч, өөрийнхөө туслах болгож, би дахин Станфордын номын санд нэвтрээд таван жил болж байна. Миний мэдэж байгаагаар Хятад улсад хятан судлалын 2000 гаруй ном, олон арван мянган эрдэм шинжилгээний нийтлэл хэвлэгдэн гарсан, жил бүр хятан судлалын 30 орчим ном, хэдэн зуун нийтлэл шинээр хэвлэгддэг, нийт 1800 орчим хятаны булш бунханд малтлага судалгаа хийсэн байна. Эдгээр малтлагын археологийн ажлын тайлангуудаас 400 орчмыг олж авч, үүнийхээ зөвхөн 10 хувьтай нь л танилцсан. Хятаны соёлын дурсгалууд Өвөрмонголд голлон байдаг ч түүнийг судалдаг өвөр монгол эрдэмтэд тун цөөн. Түүх соёлын талаас Б.Пэрлээ, хэл бичгийн талаас Чингэлтэй, археологийн талаас Талаа зэрэг эрдэмтэд хятаны судалгаа хийсэн. Сэтгэлийн хөөрлөөр хятан судлалаар нэг ном эхлээд, ширүүхэн дайрч байтал Алберт багш намайг анхааралтай сонсож байснаа “Битгий яар, эхлээд сайн суурь мэдлэгтэй болох хэрэгтэй. Би “Зургаан төрийн соёл иргэншил” номоо 18 жил бичсэн. Чамд нас байна, сайн сураад чанартай бүтээл гарга” гздэг юм байна. Тэгээд надад ямар ямар хичээл авахыг зааж өгсөн. Одоо би Станфордын их сургуульд “Дэлхийн соёл иргэншлийн өлгий” хэмээх Патрик Хант багшийн жичээлийг оройн сургалтаар аваад явж байна. Үндсэн ангийн оюутан биш ч судалгааны зориулалттай хичээл авч болдог сайн талтай.
АА. Монгол хүн болж төрсний тань бахархал юу вэ. Надад бол хаана, ямар үндэстэн болж төрөх нь тийм ч чухал бус санагддаг. Би монгол хүн болж төрсөндөө баярлан хөөрдөг ч үгүй, гуниглан гутардаг ч үгүй. Харин та?
Ш.Б. Би ЗХУ-д очиж сурах болсноосоо хойш монгол хүн болж төрснөөрөө бахархаж эхэлсэн. Үндсэрхэг үзлээсээ болж орос хэлний багштайгаа ам мурийж золтой л сургуулиасаа хөөгдчихөөгүй нь надад бас том сургамж болсон. Үүнээс хойш 28 дахь жилдээ би харийн нутагт ажиллаж амьдарч явна. Би монгол хүн болж төрснөөрөө цаг ямагт бахархаж явдаг. Бидний нүүдэлчин өвөг дээдэс дэлхийд гайхамшигтай түүхийг бүтээсэн хосгүй өвөрмөц соёлтой ард түмэн байсан. Тэр гайхамшигт соёл, уламжлалыг таслалгүй авч явах нь монгол хүн бүрийн үүрэг юм.
А.А. Амьдралдаа уулзаж учирч байсан хүмүүсээс тань хамгийн гайхамшигтай сэтгэгдэл үлдээсэн нь хэн байсан бэ?
Ш.Б. Надад хамгийн гайхамшигтай сэтгэгдэл үлдээсэн хүн бол Хөхнуурын дээд монгол Ажиа гэгээнтэн билээ. Энэ хүн бол хятадын бурангуй коммунист нийгмийн бодлогын золиос болж зовж зүдэрч явсан, үзэж туулснаараа улам хэрсүүжиж амьдралын их ухаантай болсон, эгэл сайхан монгол хүн. Ярих бүрт ухаарал төрүүлдэг тийм л сайхан хүн дээ. Би энэ эрхэм хүмүүнийг Монгол улсад 2005 онд анх залж авчирсандаа их баяртай байдаг.
А.А. Та амьдралынхаа сүүлийн 20 гаруй жилийг хилийн чанадад сурч боловсорч, ажиллаж өнгөрөөж байна. Үр хүүхдэдээ монгол хэл соёлыг өвлүүлэхэд хэрхэн анхаардаг вэ. Хүүхдүүд тань таны зүтгэлийг хэр хүлээж авах юм?
Ш.Б. Би хоёр хүүтэй. Гэртээ байнга монголоор ярьдаг. Тэд маань монгол хэлээ, монгол бичгээ, монгол соёлоо хичээж сурсан. Миний том хүү морин хуур тоглож сурсан. Тэр монгол хэлээ байнга үзэж сайжруулдаг. Бага маань хичээлдээ түүртээд монгол хэлээ гүнзгий үзэж чадахгүй байгаа ч гэртээ байнга л монголоор ярьдаг. Хүүхдүүдээ бага байхад эх орондоо авчирдаг байсан. Одоо тэд их, дээд сургуульд сурах болсон тул байнга Монгол яваад байж амжихгүй байна. Хүүхдүүд маань миний олон нийтийн идэвх, Монголоо гэсэн зүтгэлийг сайн ойлгодог. Би тэдэнд монголын түүх соёлын талаар их ярьж өгдөг. Бид монголчуудын наадам хийхэд би хоёр хүүтэйгээ наадмын талбайн хогийг шөнө дөл болтол цэвэрлээд л үлддэг. Ингэснээрээ тэд огт муудахгүй. Харин монгол гэдэг бахархал тэдний ой тойнд сууна гзж би боддог.
А.А. Та өнөөдөр Америк оронд ажиллаж амьдарч байна. Ер нь Монголын хөгжилд юу хамгийн их хэрэгтэй гэж боддог вэ?
Ш.Б. Монголчууд цөөхүүлээ мөртөө эв түнжин муутай байна. Нутаг жалга, нам эвсэл, бэл бэнчин, шашин шүтлэгээрээ талцаж байна. Энэ бол их муу үйлдэл, ийм сэтгэлгээ улс орны хөгжилд чөдөр тушаа болж байна. Биднийг хүрээлэн байгаа улс монголчуудыг сул дорой байлгахыг хүсч байна. Эл байдал аль VII зуунд нүүдэлчдийн дунд ч мөн адил байжээ. Мэргэн Тоникюкийн хөшөөнд “Дайсан манай тойронд махчин шувуу мэт оршиж, бид сэг улай адил байлаа” хэмээн өгүүлсэн байдаг. Хэдийгээр 1300 жил өнгөрсөн ч эл байдал өөрчлөгдөөгүй л байгаа юм биш үү. Монголын хөгжилд монголчуудын эв нэгдэл, хүн хүч ус агаар мэт хэрэгтэй байна.
АА. Өнөөдөр Монголд болохгүй бүтэхгүй зүйлс олон байна гэж хүн бүр л ярьдаг. Харин болж бүтэж байгаа зөв зүйл юу байна вэ?
Ш.Б. Монголд буй сайн зүйл бол эрх чөлөө, ардчилал. Монгол хүн зорьсноо хийдэг, хүссэнээ хэлдэг болсон байна. Намайг сурч, ажиллаж байхад ийм байгаагүй.
Мэдээний линк: http://goodali.style.time.mn/content/24742.shtml
URL: