“Оргил” рашааны ундаргыг соруулж, барилга барих гэнэ

orgil_rashaan_suvilal-middleНийслэлийн 1300 га газарт газар олголтыг хориглоод байгаа.

Тэр дундаа усны эх, рашаан булгийн эх ундарга газар дээр барилга барихыг хориглосон. Тэгвэл “Оргил” рашааны эх ундарга болсон цамхагийн ойролцоо барилга барихаар болоод байгаа аж. Хэрэв барилга барихаар бол хүхэрлэг Оргил рашааны эх булгийг бүрэн соруулж байж барилга барих гэнэ.

Тус “Оргил” рашаан сувиллын эх ундаргаас 100 метрийн зайд эрүүл ахуйн бүс байх ёстой аж. Гэвч 100 байтугай 50 метр ч зай үлдээсэнгүй. Ямар нэгэн урсац ус, булаг шанд, рашааны эх ундаргаас 200 метрийн зайд ямар нэгэн барилга байгууламж барихыг хориглодог. Гэтэл энэ хуулийн заалтыг илт зөрчин өмнөх нийслэлийн Засаг дарга нар маань газар олголт хийсэн байна. Тэр тусмаа Төрийн өмчит хувьцаат компанийн хөрөнгийг зарж үрэгдүүлсэн “Оргил” рашаан сувиллын дарга асан Ц.Сүхбаатар гэгчийг Авлигатай тэмцэх газарт шалгуулмаар байна.

Тэрбээр тус газрын даргаар ажиллаж байхдаа рашааны тусгай бүсийг үрэн таран хийснийг “Оргил” рашаан сувиллын ажилчид гэрчилж байна. Одоогийн байдлаар “Оргил” рашаан сувиллын хашаан дотор машины зогсоол барих нэрийдлээр авсан газартаа барилга барьж байгаад даргын ажлаа өгснөөр барилгын ажил цуцлагдсан байна. Тэрхүү барилгын хог шороо сувиллын хашаагаар хөглөрч байлаа. Мөн өөрийн танил болох нэр бүхий Төрийн өндөр албан тушаалтны эхнэрт сувиллын хашаан дотор эрдэс баялгийн лабораторийн газрыг өгсөн байна.

Дан ганц Ц.Сүхбаатар ч биш нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр өөрийн төрсөн дүү болох Ц.Чанцал гэгчид тус “Оргил” рашаан сувиллын Сэргээн засах нөхөн сэргээх төвийг хувьчилж өгсөн байна. Ц.Батбаяр нь ихээхэн хэмжээний газрыг Ц.Сүхбаатар гэгчтэй хамтран барилгын компаниудад өгсөн бололтой. “Оргил” рашаан сувиллын ойр орчмоор баригдаж байгаа болон баригдсан барилгуудыг хуулийн дагуу хариуцлага тооцох гэж хичнээн хэчээсэн ч чаддаггүй гэнэ. Ямар нэгэн байдлаар ажилчдын амыг таглаж хуурдаг байжээ. Барилга бариулахыг нь эсэргүүцэхээр “Та бүгдэд байрыг барьж байна” хэмээн хуурч тун олон барилга барьсан байна. Одоо ч гэсэн баригдсаар л байна. Тус сувиллын ойр орчимд хэдхэн жилийн өмнө барилга гэхээр юм байгаагүй. Гэтэл одоо “Оргил” рашаан сувилал харагдахаа байж хашаа нь хүртэл газарт орчихсон байх юм.

Хэдэн жилийн өмнө “SS club” баригдаж байхад хэрүүл шуугиан бишгүй л гарч байсан. Тухайн үед Ш.Сайхансамбуу УИХ-ын гишүүн байсан болохоор яаж ч чадалгүй өнгөрсөн. Ингэснээр тус сувиллын рашааны чанар муудсан аж. Харин одоо “Оргил” рашаан сувиллын эх ундарга дээр барилга барьснаар тус сувиллын үйл ажиллагаа бүрэн зогсоход хүрээд байна. Энэхүү хууль бусаар газар олгох явдал нь 2004-2008 оны хооронд хийгдсэн байна.

Энэ талаар “Оргил” рашаан сувиллын хуулийн зөвлөх Л.Баянмонголоос зарим мэдээлийг авлаа.

-“Оргил” рашааны ундарга дээр барилга барихаар болоод байгаа гэсэн. Энэ ямар компани хэзээ олгогдсон зөвшөөрлөөр барилга барих гэж байна. Ямар компани вэ?
-Одоогоор ямар компани гэдгийг нь бид мэдэхгүй байна. Хотын дарга асан Ц.Батбаярын зөвшөөрөлтэй үеийн юм гэсэн. Яалт ч үгүй батламж гаргаад өгчихсөн байгаа юм. Манай хамгаалалтын бүс бүрэн алдагдсан. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж хариу авахаар хүлээж байна. Хариу гарсны дараа бид хуулийн хүрээнд бүх баримт бичгийг бүрдүүлсний дараагаар хууль хяналтын байгууллагад хандах гэж байна.

-Танай рашааны эх ундаргаас дээж авч шинжилгээ хийхэд хүхрийн хэмжээ бага гарсан гэсэн. Энэ нь баригдсан барилгуудтай холбоотой юу?
-Мэдээж өөрчлөлт орж байгаа. Хуулийнхаа заалтад бол рашаан булгийн ойролцоо тусгай хамгаалалтын 200 метрийн бүсэд барилга байгууламж барих, газар олгох хориотой гэсэн заалт байгаа. Гэвч үүнийг өмнөх сувиллын дарга Ц.Сүхбаатар, нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр нар зөрчсөн байгаа юм. Ундарга тасалдахаар манай сувиллын үйл ажиллагаа бүрэн зогсонги байдалд орох болно.

-Барилга барих гэж байгаа тухайн байгууллагад ямар нэгэн мэдэгдэл хүргүүлсэн байгаа юу?
-Хүргүүлсэн. Яг ямар компани гэдгээ хэлэхгүй байгаа учраас энэ хашаанд барьсан хоёр гэрийн хүмүүст шаардлага хүргүүлсэн. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэсний дараа эрсдлийн үнэлгээ давхар гарах юм. Ингэсний дараа тухайн холбогдох байгууллагуудтай холбогдох боломжтой болох юм. Одоогоор барилга барих гэж байгаа байгууллагаас ямар нэгэн мэдэгдэл хариу ирээгүй байна. Албан ёсоор Засаг даргын захирамж гарчихсан болохоор ямар ч арга байхгүй байна. Гэхдээ энэ бол хууль зөрчсөн асуудал юм.

-Газар олголтын зөвшөөрлийг нь хэдийгээр олгосон байна вэ?
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2004-2008 оны хоорон манай эндхийн газруудын зөвшөөрлийг өгсөн байгаа юм. “Оргил” рашаан сувиллын архивт энэ газар олголтын тухай баримт бичиг нэг ч байхгүй байна. Хамгийн гол нь тухайн үед Ц.Сүхбаатар дарга эргэн тойрныхоо газрыг хувьчилъя гэсэн хүсэлт гаргасан байгаа юм. Тэгэхээр “Оргил” рашаан сувиллын газрыг хувьчлах асуудлыг тус сувилалын дарга асан Ц.Сүхбаатар гаргаж үүнийг нь нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр гүйцэлдүүлсэн болж таарч байна. Зарим нэг хууль бус зөвшөөрлийг хархад 2007 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 248 дугаар тогтоолоор “Оргил” рашаан сувилал ТӨХК-д орон сууц, чийрэгжүүлэлтийн төвийн барилга барих 0.9345 га газрын тусгай зөвшөөрөл байгаа юм. Гэвч энэхүү барилга нь эмчилгээ сувилгааны бус орон сууцны барилга болж хувирчээ. Одоогоор тус сувилалд 30 гаруй жил ажилласан ажилтан нь хүртэл байранд ороогүй байгаа аж. Үе үеийн туршид газрын маргааны талаар шийдвэрлэгдээгүй асуудал бишгүй байдаг гэнэ.

Мөн 2006 онд олгогдсон “Хаус групп”-ын 4500 метр квадрат газар байгаа юм. Энэ нь “Оргил” рашаан сувилал руу эзэмшигчээр шилжүүлчихсэн газар орон сууц үйлчилгээний зориулалтаар баригдах ёстой байжээ. Гэвч хавсралт бичиг баримтан дээр “Оргил” рашаан сувиллаас “Хаус групп”-рүү эзэмшигчээр шилжүүлсэн байгаа юм. Энэ мэтээр маргаантай асуудал дагуулсан олон бичиг баримт үйлдэж газрын наймаа хийсэн албан тушаалаа урвуулан ашигласан Ц.Сүхбаатар гэгч одоо хаана юу хийж яваа нь бүрхэг байна. “Оргил” рашаан сувиллыг тойроод 30 гаруй жилийн настай улиас цэцэрлэгт хүрээлэнгүүд үгүй болж харин оронд нь хаус, харшууд сүндэрлэсэн нь өмнөх нийслэлийн Засаг дарга, “Оргил” рашаан сувиллын дарга асан Ц.Сүхбаатар гэгч нарын будлиантуулсан хэрэг бололтой.

Э.Баясгалан


URL:

Сэтгэгдэл бичих