Хууль өндөр албан тушаалтанд үйлчилдэг бол Н.Алтанхуяг шууд огцрох ёстой

de275e729aad5bd9originalЕрөнхий сайд Н.Алтанхуяг үндсэн хуулийн өмнө хоёр дахь удаагаа бүдэрлээ

Ерөнхий сайдын томилгоог хууль бус хэмээн үзсэн иргэн Д.Ламзавын гомдлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар өчигдөр хэлэлцлээ. Нэгэнт Н.Алтанхуяг Үндсэн хууль зөрчсөн нь илэрхий тул асуудал иргэний талд шийдэгдэх нь анхнаасаа л тодорхой байв. Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар Д.Ариунсанг томилсон Ерөнхий сайдын 83 дугаар захирамж хууль бус гэдгийг иргэн Д.Ламзав гарах гарцгүй болтол нь нотолчихсон юм. Тийм ч учраас Ерөнхий сайд Н.Алтанхуяг түргэн авч, дунд суудлын хуралдаан болохын өмнөх өдөр Д.Ариунсанг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ бол Н.Алтанхуяг захирамж гаргасан Ерөнхий сайдын хувиар ард түмэндээ хандан “Уучлаарай миний буруу” хэмээн хэлсэнтэй адил юм.

Н.Алтанхуяг анх удаагаа ч ингэж албан бусаар уучлалт гуйсан хэрэг биш л дээ. Хууль бус асуудал нь Үндсэн хуулийн цэцээр хэлэлцэгдэхийн өмнөх өдөр нь тушаалаа цуцалдаг бүдүүлэг аргыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэг бус удаа хэрэглэсэн юм. Үүнээс өмнө Ш.Раднаасэд нарын иргэд аймгийн Засаг даргаар үүрэг гүйцэтгэгч томилсон Ерөнхий сайд Н.Алтанхуягийн шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд хандахад бас л өмнөх өдөр нь нөгөө захирамжаа урж хаясан юм. Засгийн газрын тэргүүн өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэснээ нэг бус удаа ингэж сайн дураараа хүлээн зөвшөөрлөө гэсэн үг. Энэ удаагийн маргаанд Н.Алтанхуяг итгэмжит төлөөлөгчөөрөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга н.Мөнх-Эрдэнийг сонгожээ. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн хүрээнд Засгийн газартай үүсгэсэн маргааны шинэ түүх болсон үзэгдэл гэдгийг шүүх бүрэлдэхүүн дуулгав.

Учир нь өнгөрсөн 20 гаруй жилийн түүхэнд Засгийн газартай үүсгэсэн маргааны итгэмжит төлөөлөгчөөр Засгийн газрын гишүүн болоод цөөн тохиолдолд дэд сайдуудыг томилж явуулдаг байжээ. Энэ бол дэг ёс аж. Гэтэл хууль ном зөрчихийг юман чинээнд боддоггүй, увайгүй Ерөнхий сайд энэ дэг ёсыг ч эвдэхээр шийджээ. Дээр нь “эцэг” хуулийг сахиулах үүргээ гүйцэтгэж буй Үндсэн хуулийн цэцийг үл тоомсорлож, итгэмжит төлөөлөгчөө хүртэл “жижигрүүлсэн” байна. Ямар сайндаа л Цэцийн гишүүн Н.Жанцан Мөнх-Эрдэнээс “Та өөрийгөө Монгол Улсын Ерөнхий сайдыг төлөөлөх эрхтэй, тийм чадвартай гэж бодож байна уу” хэмээн асууж, хариулт нэхэв. Гэтэл Мөнх-Эрдэнэ ч дунд суудлын хуралдаан эхлэх тэр агшинд Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн аазгайг хөдөлгөж дөнгөсөн юм. Тэрбээр хаврын чуулганаар шинэ хууль батлагдах тул энэ удаагийн Цэцийн хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн. “Хууль батлагдвал Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжийн зөрчил арилна, та нар тэр болтол хүлээ” гэсэн аястай үг Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд үнэндээ таалагдсангүй. Итгэмжит төлөөлөгч мөн одоо мөрдөж байгаа хуульд зөрчилтэй зүйл, алдаа ч бий хэмээн өөрийн дүгнэлтээ танилцуулсан нь Цэцийн гишүүдийн бухимдлыг улам асааж орхив. Ямар сайндаа л “Танай Засгийн газрын ажил ийм замбараагүй байдаг юм уу, эсвэл айж балмагдаад ингээд байна уу.Захирамжаа цуцалж байгаа нь анхны тохиолдол биш.

Иргэний мэдээллийн дагуу хуралдаан хийх гэхээр захирамжаа цуцлах юм. Үндсэн хуулийн цэц гэдэг бол тоглоом хийдэг газар биш” хэмээн хурал даргалагч Ж.Амарсанаа толгой сэгсэрсэн. Н.Жанцан гишүүний хэлснээр хууль алдаатай учраас Н.Алтанхуяг зориуд зөрчиж байгаа гэсэн ойлголт үүсч байх аж. Ер нь бол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийг шүүж, Цэцийн гишүүдэд хичээл заадаг нь Н.Алтанхуяг болон түүний томилсон итгэмжит төлөөлөгч биш билээ.

Ингээд Ерөнхий сайд Н.Алтанхуяг захирамжаа хүчингүй болгож, Д.Ариунсанг Тагнуулын ерөнхий газрын дэд даргаас чөлөөлөх шийдвэр гаргаж, Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн тул иргэн Д.Ламзавын гаргасан гомдлын шаардлага хангагдсан гэж Цэц үзсэн. Иймд Үндсэн хуулийн цэц хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй гэж шийдсэн юм. Харин иргэн Д.Ламзав “Ерөнхий сайд Н.Алтанхуяг 83 дугаар захирамжаа хүчингүй болгож, Д.Ариунсан ажлаа хүлээлгэж өгсөн гэдгийг сая л сонслоо. Дунд суудлын хуралдаан дуусмагц хүчингүй болгосон тогтоолоо урж хаяад, дахиад Д.Ариунсангаа ажилд нь томилчихгүй байх гэдэгт би найдаж байна.

Ямартай ч Засгийн газрын үйл ажиллагааг цаашид анхааралтай хянана” гэдгээ дуулгасан. Үндсэн хууль зөрчихийг юман чинээнд боддоггүй, дураар дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн Ерөнхий сайд болон Засгийн газрын бусад гишүүн шударга, үнэнчээрээ алдартай иргэн Д.Ламзавын хараанд ингэж өртлөө. Ингэхэд удаа дараа Үндсэн хууль зөрчиж, гол нь түүнийгээ хүлээн зөвшөөрөөд байгаа Ерөнхий сайдыг яах ёстой вэ. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэх атлаа Засгийн газрын тэргүүн нь ийм эрээ цээрээгүй байхад хэн ч юу ч хэлэх ёсгүй юу. Хууль хэрэв өндөр албан тушаалтанд үйлчилдэг бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг албан тушаалаасаа шууд огцрох ёстой юм. Ингэж байж монгол төрийн хууль бүгдэд алагчлалгүй үйлчлэх учиртай. Ийм жишгийг ард түмэнд ч бас харуулах ёстой бус уу.

Д.БУЛГАН

URL:

Сэтгэгдэл бичих